Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйл, Батлан хамгаалахын сайдын 2017 оны A/331 дүгээр тушаалаар баталсан Цэргийн бүртгэл явуулах журам, Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу 2023 оны нэгдүгээр сарын 4-20-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэл үргэлжилнэ.
"E-Mongolia" академийн төслийн менежер Б.Батзул цэргийн бүртгэлийг цахимаар хийлгэх талаар “Цэргийн бүртгэлийн хүсэлтийг бид гурван сувгаар авна. Тодруулбал, “E-Mongolia” гар утасны аппликейшн, www.E-Mongolia.mn вэб сайт болон төрийн үйлчилгээний операторуудаар дамжуулан хүсэлтийг хүлээн авна. Энэ жилийн хувьд бид системд зарим сайжруулалтыг хийлээ. Тухайлбал, иргэдийн оршин суугаа хаягаар цэргийн бүртгэлд хамрагдах хүсэлтийг хуваарилж байна. Мөн 18-аас дээш настай иргэдэд зориулан цэргийн үүрэгтний үнэмлэх авахыг сануулсан мессежийг системээр харуулж байгаа” хэмээв.
Иргэд нэгдүгээр сарын 4-20-ны хооронд харьяа хорооныхоо байранд ажлын өдрүүдэд 8:00-17:00 цагт, амралтын өдрүүдэд 09:00-16:00 цагт очиж цэргийн бүртгэлээ хийлгэнэ. Мөн онлайнаар буюу цахим үйлчилгээний нэгдсэн портал “E-Mongolia”-гаар хүсэлтээ илгээх боломжтой.
Иргэний бүрдүүлэх бичиг баримт:
- Иргэний үнэмлэх
- Цэргийн үүрэгтний үнэмлэх
- Ажлын газрын үнэмлэх
- Цэргийн үүрэгтний үнэмлэхгүй бол 3x4 цээж зураг 2 ш
Цэргийн бэлтгэл албанд бүртгэлтэй байх насны хязгаар:
- Дээд офицер /Генерал/- 65 нас
- Ахлах офицер -60 нас
- Дунд офицер, ахлагч -55 нас
- Эмэгтэй офицер, ахлагч болон байлдагч, түрүүч /иргэн/ - 50 нас
Цэргийн бүртгэлд хамрагдаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 5.17 дугаар зүйлийн 3 дахь заалтын дагуу 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.