Цас орох төдийд л сэтгэл догдлох арван хоёрдугаар сар хэдийнээ талдаа оржээ. Өнгө өнгөөр алаглан гялтганах, гоёмсог гацуур модод айл бүрийн хойморт сүндэрлэж, ганган гацуураа тойрон бүжих бяцхан багачууд ч догдлон баясаж байгаа гэдэгт эргэлзэхгүй. Жавар тачигнасан хүйтэн өвлийг жаргалтай болгодог ганцхан баяр бол шинэ жилийн баяр. Цагаан сахалтай, улаан хацартай өвөөг цас мөсний орноос хүрж ирэн, эртлэн зассан гацуур модны дор тор дүүрэн бэлэг үлдээнэ хэмээн догдлон хүлээх нь хүүхэд бүрийг жаргалтай болгодог. Тиймдээ ч хүн бүрийн бага насны хамгийн дурсамжтай, нандин мөчүүд энэ л баяртай холбоотой байдаг биз ээ.
Он солигдоход ердөө 12-хон хоног үлдсэн ч цаг үеийн нөхцөл байдлаас үүдэн шинэ оны уур амьсгал бага байгаа тул бүрхэг өдрийг тань дулаацуулах бяцхан багачуудын баярт мөчийг хуваалцсан гэгээхэн сурвалжилгаа та бүхэнд хүргэе.
Улаанбаатар хот, Могжоохон жаалууд цэцэрлэг
Цар тахлын нөхцөл байдлын улмаас хоёр жилийн хугацаанд цэцэрлэг, сургуулиуд шинэ жилийн баяр тэмдэглээгүй тул хоёр, гурван настнуудын хамгийн анхны шинэ жил, ахлан бүлгийн хүүхдүүдийн удаан хүлээсэн баяр нь байв. Бүтэн жилийн хугацаанд юу сурч мэдсэнээ ээж, аавдаа тайлагнахаар сэтгэл догдлох жаалууд тайзан дээрээс гэр бүлээ харах нь тэдний хувьд хамгийн нандин мөчүүдийн нэг байлаа.
Ах, эгч нар нь тайзан дээр дуулж, бүжиглэж байхад бяцхан дүү нар нь хэнэг ч үгүй тайзан дээр алхана. Зарим нь бүр цээжилсэн дуу шүлэгээ унших нь битгий хэл олон хүн хараад уйлж, шүлгээ цээжилсэн нь ээж, аав, багш нартайгаа хамтран арай хийн уншиж дуусна. Гэхдээ үүнд хэн ч дургүйцэхгүй. Харин ч улам хайр хүргэнэ.
Дуутай, шуутай, хөгжөөнтэй, наргиантай, нустай, нулимстай, хайр, энхрийлэл мэдрэгдсэн баяр өндөрлөх үед баяр дээр нь баяр нэмж өвлийн өвгөн аав хүрэлцэн ирж, бэлгээ гардуулсан юм.
Энэ бол тэдний хамгийн анхны шинэ жил байв. Магадгүй насан туршид нь дурсагдах мартагдашгүй мөч нь ч болж үлдсэн байхыг үгүйсгэхгүй. Хүүхэд бүрийн хүсэн хүлээсэн шинэ жилийн баярт хүрэлцэн очсон энэхүү сурвалжилгын видео хувилбарыг үзнэ үү.