Цар тахлын талаарх мэдээнд живэх дөхөж байтал сошиал медиагаар сонгуулийн уур амьсгал хүчтэй түрэн орж ирлээ. Халдварын голомт болж буй орчинд амьдарч буй олон хүмүүсийн хувьд эх оронд маань өрнөж буй үйл явдлыг өнгөц харахад алсын хараа багатай, тулга тойрсон асуудлаар эргэлдэж буй мэт санагдаж байна. Оросоос ирсэн олон оюутанд ковид19-ийн халдвар илрээд, Монгол улсад энэ тахлаар өвчилсөн, халдвар авсан хүний тоо огцом өсч байгаатай уялдуулан авах арга хэмжээнд анхаарлаа хандуулж, хөрөнгө мөнгөө эрүүл мэндийн салбарт, эдийн засгаа чадавхижуулахад зарцуулмаар. Канадын электрон ардчиллын төвийн мэдээгээр энэ оны дөрөвдүгээр сарын 20-ны байдлаар дэлхийн 51 улс сонгуулиа хойшлуулаад байна. Гэтэл манай хэвлэл мэдээллээр дүүрэн улс төрийн талцал, хэн хаана өрсөлдөх гэж байгаа тухай мэдээ давалгаа мэт. Сонгуулийн сурталчилгаа, нэр дэвшигчдийн тухай нэвтрүүлэг, сурталчилгаанд хэр их хөрөнгө зарж байгаа юм бол?
Сошиал медиагаар дүүрэн сонгуульд өрсөлдөгчид, нэр дэвшигчдийн тухай сайн муу хосолсон үй түмэн мэдээлэл. Энэ урсгал дунд хуурамч, гуйвуулсан, зохиомол мэдээлэл гарах магадлал асар өндөр. Өдөр тутмын ажил амьдралдаа дарагдаад явж буй ихэнх хүмүүсийн хувьд мэдээллийн буруу зөвийг хөөцөлдөн ялгах нь хүндрэлтэй тул хэвлэл мэдээллийн байгууллага, баримт нягтлагчдын үүрэг энэ үед улам идэвхижэх учиртай. Улс төрчид, нэр дэвшигчдийн яг одоо өгч буй амлалт, тайлагнаж буй ажлыг тулгаж харах, нягтлан шалгах мэдээллийн бааз, сонин хэвлэлийн онлайн архив дутагдалтай нь ташаа, гуйвуулсан, хуурамч мэдээллийг илрүүлэх, залруулахад хүндрэлтэй харагдаж байна. Сошиал медиагаар тарж буй мэдээлэлд богино хугацаанд анализ хийж, нийгмийн хүрээнд өрнөж буй яриа хөөрөөний хандлага, ташаа, хуурамч мэдээллийн талаар олон түмэнд цаг алдалгүй хүргэх нь нэн чухал.
Эхнээсээ зарим хүмүүс сонгуульд өрсөлдөгчдийн оруулж буй хэт их мэдээллийг хааж, тэдгээрийг сошиал медиа дээр дагахаа болилоо гэсэн нь харагдаж байна. Сонгууль болдгоороо болох юм болов уу гээд одоо тарж буй мэдээллээс ор тас зугталгүй, харин тодорхой хэмжээгээр анхаарал хандуулж, бусдын нөлөөнд авталгүй ухаалаг шийдвэр гаргах нь чухал. Гадаадад амьдарч буй монголчууд сонгуульд саналаа шууд өгөх боломжгүй байгаа ч сошиал медиагаар тарааж буй мэдээлэл, байр сууриараа бусдын санал өгөхөд тодорхой хэмжээгээр нөлөөлөх талтай. Нийгмийн санал бодлыг тодорхойлоход сошиал нөлөөлөгчид (social influencer) улам их нөлөөтэй болж байна. Монголчуудын дунд ийм сошиал нөлөөлөгчид улс төрийн тавцан, сонгуулийн үр дүнд хэрхэн нөлөөлж байна вэ гэдэг судалгааны сонирхолтой сэдэв.
Дэлхийн олон оронд иргэд өөрсдийн идэвх, хайхрамжгүй, улс төр надад хамаагүй гэсэн байдлаасаа болоод сонгуульд саналаа өгөөгүйн уршгаар чадвар муутай удирдлагын дор хэдэн жил зүдэрч байгаа жишээ зөндөө их байна. Иймээс улс орныг дараагийн дөрвөн жил удирдан залах хүмүүсээ зөв сонгоход саналаа өгөх нь чухал. Нэн ялангуяа цар тахал нэг хэсэгтээ дарагдахгүй, ирэх өвөл бүр ч хэцүү байдалд дэлхий даяар орж болзошгүй гэсэн аюулын харанга дэлдэж байна. Ийм үед засаг төрийн эрхийг ямар чадвар, мэдлэгтэй баг удирдвал зохилтой вэ?
Хэнийг хэрхэн сонгох вэ гэдэгт нэгдсэн нэг жор байхгүй нь мэдээж. Хамгийн энгийнээр бодоход Их Хурлын гишүүний ажил үүргийн хуваарь юу билээ? Ямар мэргэжил, мэдлэг боловсрол, зан ааштай хүнийг сонгох вэ? Гишүүн болохын тулд заавал гадаадын дээд сургууль төгссөн байх хэрэгтэй юү? Хичнээн мундаг боловсрол, мэдлэгтэй ч гэсэн бусадтай гар нийлэн ажиллах чадвар хэр вэ? Хувийн эрх ашгаас илүү танай тойргийн иргэд, цаашилбал улс үндэстний эрх ашгийг дээгүүр тавьж чадах уу? Ямар үзэл бодолтой хүн бэ? Өөрийн барьсан үзэл бодолдоо хэр үнэнч вэ? Харьяалагдах намаа хэр олон удаа сольж вэ? Хэлсэн амандаа хэр хүрдэг хүн бэ? Хүн чанар, ёс зүйн хувьд ямар вэ? Олон түмнийг манлайлах чадвар ямар харагдаж байна? Өөртөө хэр итгэлтэй вэ? Улс орон нийгмийн өмнө тулгарч байгаа асуудлын цар хүрээ шийдлийг хэрхэн дүгнэж байна? Даяарчлалд амьдарч байгаа орчин үед дэлхий дахины асуудалтай Монголын хөгжлийг хэрхэн уялдуулсан шийдвэр гаргах чадвартай вэ? Хүнд бэрх цагт шинжлэх ухаанд суурилсан шийдвэр гаргаж чадах уу? гэх мэт олон шалгуураар мэдээ мэдээлэлд дүн шинжилгээ хийх нь чухал. Тарж буй мэдээллийн шүүсийг шахаж, амин сүнсийг нь ойлгон ялгах сонгогчийн боловсролын асуудал энд хөндөгдөж байна.