Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Билгүүн: Хүүхдийн номыг агуулга талаас нь стандартжуулах боломжгүй, эрүүл аюулгүй байдал талаас нь стандартжуулах боломжтой

Ангилал
Ярилцлага
Огноо
Унших
6 минут 43 секунд

Манай улсад 6500 гаруй стандарт үйлчилдэг. Гэвч өнөөдрийг хүртэл хүүхдийн номд ямар нэг стандарт шаардлага тавигдаагүй байдаг. Тиймээс олон жилийн турш ямар ч стандартгүй байсан хүүхдийн номд тавигдах стандарт зайлшгүй хэрэгтэй гэх шаардлага үүсч байгаа юм. Иймд бид Стандарт хэмжилзүйн газрын дарга Б.Билгүүнтэй хүүхдийн номны стандарт болон бусад асуудлаар цөөн хором ярилцлаа.

-Хүүхдийн номд тавигдах стандарт шаардлагаас урьдаад манай улсад хэвлэлтээр гарч байгаа ном, товхилуудад стандарт, шаардлага байдаг уу. Энэ талаар яриагаа эхлүүлье?

-Байлгүй яахав. Хэвлэлийн газруудад тавьсан стандарт, шаардлагууд байдаг. Харин одоогоор манай улсад хүүхдийн номонд тавьсан стандарт байхгүй байгаа.

Стандартын тухай мэдэхийг хүсвэл EStandart.gov.mn хаягаар албан ёсны веб сайтаар дамжуулан мэдээлэл авах боломжтой. Монгол Улсад бүртгэгдсэн, хүчин төгөлдөр үйлчилж байгаа бүх стандартын мэдээ мэдээллүүд байгаа. Бүх төрлийн стандартыг үнэгүйгээр уншиж танилцах бүрэн боломжтой.

-Соёлын яамнаас хүүхдийн номд тавигдах стандарт шаардлагыг боловсруулж, Стандарт хэмжил зүйн газарт хүргүүлнэ гэсэн мэдээлэл байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Одоогийн байдлаар Соёлын яамнаас манайд хүүхдийн номны тухай ямар нэг стандарт, шаардлага боловсруулан хүргүүлээгүй байна. Магадгүй сургалтын шатандаа эсвэл боловсруулалтын шатандаа, төслийн хэлбэр дээрээ явж байгаа байх.

Ташрамд дуулгахад, аливаа стандарт, шаардлагыг боловсруулах нь хувь хүн, хувийн хэвшил, төрийн байгууллага, төрийн бус байгууллага бүгдэд нь нээлттэй байдаг. Одоогоор хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа стандартуудыг сайжруулах, шинэчлэх боломж ч мөн нээлттэй байдаг. Хэрэв шинжлэх ухааны хувьд тайлбар мэдээлэл нь хангалттай бол тухайн стандартыг шинэчлэхэд аль ч байгууллага, иргэнтэй хамтран ажиллахад бэлэн байдаг.

-Хүүхдийн номд ямар ямар стандарт тавигдвал илүү үр өгөөжтэй, хүртээмжтэй байж чадах вэ?

-Стандартыг хэрхэн батлах вэ гэдгийг хуульчлаад өгчихсөн байдаг. Техникийн хороо буюу тухайн салбарыг мэддэг, салбартаа мэргэшсэн хүмүүстэй стандартыг хэлэлцэж баталдаг. Тухайлбал, Эрүүл мэндийн стандартад эмч нар, барилгын салбарт инженерүүд, хүүхдийн номны тухайд боловсролын салбарынхан, багш нар, хэвлэлийн компаниуд ч гэдэг юм уу ихэвчлэн мэргэжлийн хүмүүс байдаг. Тиймээс эдгээр хүмүүс мааь хүүхдийн номны стандарт шаардлага ямар байх ёстойг тодорхойлох байх.

-Мэдээж хүүхдийн номыг гэлтгүй бусад бүх төрлийн ном товхимолыг агуулга талаас нь стандартжуулж болохгүй байх. Тэгэхээр хүүхдийн номыг яг ямар хэлбэрээр стандартжуулах вэ?

-Хүүхэдтэй холбоотой стандартууд ихэвчлэн эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой байдаг. Жишээлбэл, хүүхдийн номны будаг, цаас, хавтас нь ямар байх ёстой. Хүүхэд ам руугаа хийсэн тохиолдолд аюулгүй байх ёстой. Будаг нь эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байх ёстой, эко будгаар будсан байна гэдэг ч юм уу энэ талаас стандартчилах боломжтой. Түүнээс биш агуулга талаас нь огт стандартчилж болохгүй.

-Хүүхдийн ном өнөөдрийг хүртэл стандартгүй байна. Тиймээс хүүхдийн ном стандарт шаардлага зайлшгүй хэрэгтэй гэж ойлгож болохуйц нөхцөл байдал бий болж байна. Яагаад хүүхдийн номд стандарт шаардлага хэрэгтэй вэ. Үүн дээр тайлбар өгвөл?

-Хүүхдийн тоглоомд мөн стандарт гэж бий. Яагаад үүн дээр стандарт байдаг вэ гэвэл хүүхдэд хэр аюулгүй юм бэ, амандаа хийвэл ямар хор нөлөөгүй юм бэ, ямар материалаар хийгдсэн бэ, хорт хавдар үүсгэх химийн бодис агуулж байгаа тоглоом уу үгүй юу гэдгийг стандаржуулсан байдаг.

Тэгэхээр номд ч мөн адил хүүхэд ном уншихад номны тоосжилт ямар байх вэ, будаг нь хүүхдэд хэр аюулгүй байх ёстой вэ гэх зэргээр хүүхдийн аюулгүй байдлыг хангах талаас нь стандартчилах гэж байгаа болов уу гэж би хувьдаа ойлгож байгаа.

-Түүнээс гадна ЕБС-ийн сурах бичгүүдэд стандарт байдаг уу?

-Байдаг. Сурах бичгүүдийн хувьд физик шинж чанараар нь зохицуулсан байдаг. Түүнээс гадна хэмжигдэхүйц байх ёстой гэсэн гол үзүүлэлт байдаг. Мөн агуулгыг нь стандартжуулах ажил дээр БШУЯ ажиллаж байгаа.

-Хүүхдийн номны тухай яриагаа түр өндөрлье. Иргэдийн зүгээс бүх зүйлийг стандарттай гэж хардаг. Бүр зарим хэсэг нь стандарт гэж байдаггүй гэж боддог. Үүнээс үүдээд маш их маргаан үүсдэг л дээ. Энэ тал дээр та өөрийн байр сууриа илархийлээч?

-Иргэдийн зүгээс яг тэгж хардаг нь үнэн. Бүгдийг стандарттай гэж ойлгоод заавал мөрдүүлэх хэрэгтэй гэж ойлгодог. Гэтэл одоо үйлчилж байгаа хуулиар бол хүн малын эрүүл мэнд, байгаль орчин, үндэсний аюулгүй байдалд хор нөлөө үзүүлж болохуйц бараа бүтээгдэхүүн, үйлчилгээн дээр стандартыг заавал хэрэгжүүлж байгаа.

Харин бусад стандартуудыг тухайн аж ахуйн нэгжүүд аль улсын стандартаар сонгох вэ гэдэг нь нээлттэй байгаа гэсэн үг.

Стандартын тухай иргэд сайн ойлголгүй ярьж байгаа. Монгол Улсад байгаа 6500 стандарт бүгд дээр дэрьдсан веб сайтад байгаа. Тиймээс стандартын тухай мэдэхийг хүсвэл EStandart.gov.mn хаягаар орж танилцах хэрэгтэй. Хэрэв ямар нэг стандарт тухайн зүйлтэйгээ уялдахгүй, нийцэхгүй байвал Стандарт хэмжил зүйн газартай хамтран өөрчлөлт оруулах бүрэн боломжтой, нээлттэй байдаг гэдгийг хэлье.

-Ярилцсанд баярлалаа.

Ж.Сүхбаатар сайд эрс хүйтрэх өдрүүдэд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахимаар хичээллүүлэх санал гаргажээ
Ж.Сүхбаатар сайд эрс хүйтрэх өдрүүдэд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахимаар хичээллүүлэх санал гаргажээ
 
Монголын оюутны спортын VI наадам өндөрлөлөө
Монголын оюутны спортын VI наадам өндөрлөлөө
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.