Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Есүхэй: Манай улс авлигатай тэмцэж буй арга барил, авлигын гэмт хэргийн түвшингээс шалтгаалж “Ардчиллын индекс“-ээр ухарсан

Ангилал
Улс төр Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
10 минут 32 секунд

Олон улсын байгууллагын судалгаагаар Монгол Улс “Ардчиллын индекс”-ээр дөрвөн байраар ухарч 81 дүгээрт жагссан талаар бид мэдээлсэн. Тэгвэл ардчилал, хүний эрхийн асуудлаар МУИС-ийн Улстөр судлалын тэнхимийн багш Т.Есүхэйтэй ярилцлаа.

-Монгол Улс “Ардчиллын индекс”-ээр 81 дүгээрт жагссан үзүүлэлт гарлаа. Улстөр судалдаг, улстөрийн тэнхмийн багшийн хувьд үүнийг хэрхэн дүгнэж байгаа вэ. Индексээр ухрах шалтгаан нь юу байсан бол?

-2023 онд хийсэн дүн шинжилгээ, тайлангуудаас нь харвал нэгдүгээрт, манай улс авлигатай тэмцэж буй арга барил болон авлига, хээл хахуулын гэмт хэргийн түвшингээс шалтгаалж, үзүүлэлт буурч хамгийн том хасах үнэлгээг авсан байна. Хоёрдугаарт, шүүхийн хараат бус байдал эргэлзээтэй. Тухайлбал, шүүгчийг томилж буй томилгоо нь өөрөө улстөрчөөс тэр дундаа, Ерөнхийлөгчөөс их хамааралтай буюу Ерөнхийлөгч өөрөө томилдог байдал нь шүүхийг хараат бус байлгахад нэлээн эргэлзээ төрүүлж байгаа юм.

Тэгэхээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрөө сайн дураараа энэ томилох эрхээсээ сайн дураараа татгалзаж, ШЕЗ-өөс санал болгосон хүмүүсийг дэмжихгүйгээр зүгээр л соёрхдог байх нь зүйтэй.

Гуравдугаарт, эдийн засгийн тэгш бус байдал газар авч байна. Эдийн засгийн тэгш бус байдал хаана хаана илүү нөлөөтэй байх вэ гэхээр хөдөлмөр эрхлэх, цалин хөлсөө шударгаар тооцуулж авахтай холбоотой. Мөн цаашлаад, үнэтэй ба үнэгүй боловсрол гэх мэт ялгааг өөхшүүлэх хандлага дэлхий даяар байдаг. Ер нь тэгш бус байдал нь цаагуураа хүний бусад эрхүүдтэй уялддаг нь илүү их эрсдэл дагуулж байгаа гэх анхааруулга, зөвлөмжүүдийг судалгааны байгууллагаас өгсөн байсан.

Хэдийгээр манай улс сул талуудтай байсан ч гэсэн нөгөө талаараа давуу талууд ч байлаа. Бид ч яагаад тийм болов гэж гайхахаар үзэгдлүүд байна. Жишээлбэл,

Бид хүний эрх, ардчиллыг дээдэлдэг гэж сайшаадаг БНСУ-аас Монгол Улс нэг оноогоор дээгүүр байр эзэлж байна. Тэгэхээр бид юугаар оноо алдаж, юун дээр алдаж байна гэхийн хажуугаар юугаараа илүү байна гэдгээ харах нь зөв.

Монгол Улсын сонгууль шударга явагдаж байна

Энд бид яагаад БНСУ-аас оноогоор илүү вэ гэдгээ харвал, Монгол Улсын сонгууль шударга явагдаж байна. Иргэд хэдийгээр сонгуулийн үр дүнд төдийлөн итгэхгүй “Хар машин санал луйвардаад байна” гэдэг боловч яг сонгуулийн үр дүн болон сонгуульд ажилласан ажиглагчдын дүгнэлтийг харахаар сонгуулийн санал авах процесс маш шударга болдог. Сонгуулийг зохион байгуулж, санал хурааж буй явцыг нь харвал харьцангуй сайн.

Өөрөөр хэлбэл, сонгуулийн систем нь өөрөө эргэлзээтэй боловч баталсан байгаа хууль тогтоомждоо нийцүүлж сонгуулиа хийж буй байдлаараа харьцангуй сайн.

Дараагийн нэг давуу тал бол эвлэлдэн нэгдэх эрх байгаа юм. Энэ эрхийг хангаж буй байдлаараа цөөнхийн эрхийг хангах, тэдгээрийн дуу хоолойг сонсох байдлаар мөн зарим улс орнуудаас нэлээн дээгүүр байна. Энэ нь манай иргэний нийгмийн байгууллагууд багагүй хувь нэмэр оруулж буйтай холбоотой гэж харж байгаа.

Гуравдугаарт, хэвлэн нийтлэх эрх чөлөө болон үзэл бодлоо илэрхийлэх байдлаараа нэлээн өндөр оноо авсан байна лээ. Монгол Улсад маш олон хувилбар бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслүүд байна. Мөн нэмээд сошиал медиаг ашиглаад хүн бүр үзэл бодол, байр сууриа илэрхийлэх байдлаар мэдээлэл олж авах сувгуудтай байгаа нь “Ардчиллын индекс”-т нэлээн өндөр оноо эзэлж байгаа харагдсан.

Тэгэхээр бидэнд сайн, муу аль аль нь байгаа учраас сайныгаа улам бэхжүүлж, мууг нь засаж залруулах шаардлагатай байна гэж харж байгаа.

-“Ардчиллын индекс”-т нөлөөсөн давуу ба сул талыг ярилаа. Ер нь ардчиллын үнэт зүйл гэж яг юу юм бэ?

-Ардчилал гэхээр бид олон асуудал дээр төөрөлддөг. Жишээлбэл, би оюутнуудад хичээл заахдаа “Ардчилал гэж юу вэ” гэхээр “Хүний эрхийг хамгаалж, дээдэлдэг нийгэм” гэж хариулдаг. Гэтэл бид нөгөө талд нь хүний эрхийг зөрчиж байгаа кэйсүүдэд санаа зовж байдаг. Тэр логикуудаа цэгцэлбэл, ардчилал өөрөө хүний эрхийг хамгаалж, сайн сайхан амьдралын баталгаа болж чаддаггүй нь харагдаад байна шүү дээ.

Улстөрч гэхээр л өндөр шаардлага тавих гээд байдаг

-Хүний эрх гэхээр жендэрийн асуудал тэр дундаа, парламент дахь эмэгтэй гишүүдийн тоо, оролцоо гэх мэт хөндөгддөг. Таны хувьд үүнд ямар байр суурьтай байдаг вэ?

-Бид улстөрч гэхээр л өндөр шаардлага тавих гээд байдаг шүү дээ. Судлаач хүний итгэл үнэмшилээр парламент нь иргэдийн олонлог байх ёстой гэж ойлгодог. Тухайн улсын хүн амын тооноос шалтгаалж, малчин, тариаланч гэх мэт хүмүүс байгаад, тэдгээрийн эрх ашгийг хамгаалах чадах төлөөлөл нь парламентын олонлогийг бүрдүүлж байвал парламент анх үүсэж байсан онолуудтай нийцэх гээд байдаг. Гэвч бид сонгуульд санал өгөхдөө сонгуулийн системээс хамаарч эрэгтэйчүүдийг мөн олны танил хүмүүсийг ихээр сонгодог. Тэдгээр нь муу ажиллачихдаг. Үүнээс болж, хүн бүр өөр өөр цензур тавих гээд байдаг сул талтай.

Манай тэнхим дээр хийгдэж байсан судалгаанаас харвал, жендэрийн хэвшмэл ойлголт нь УИХ төдийгүй Засгийн газарт ч нөлөөлсөн үр дүн харагдсан. Нийгэмд, гэр бүлд эмэгтэйчүүдийн гүйцэтгэдэг үүргүүд байдаг шүү дээ. Үр хүүхдээ асарч, нөхрөө халамжилж хайрлах ёстой гэх мэт.

Үүн шиг Сангийн яам, Батлан хамгаалах яам хэзээ ч эмэгтэй сайдтай байж үзээгүй. Харин эсрэгээрээ эмэгтэй сайдыг бодохгүйгээр томилдог яамд гэвэл БОАЖЯ, ХНХЯ, ГХЯ гэх мэт бий. Үүнийг бид илүү дэлгэрэнгүй хэлэлцэж ярилцах ёстой.

-Эмэгтэй сайд гэснээс өнгөрсөн долоо хоногт үүссэн нэг асуудал бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХНХ-ын сайд Х.Булгантуяаг олны өмнө загнасан явдал. Олон нийт үүнийг хоёр талаас нь харж байна лээ. Таны хувьд ямар байр суурьтай байна?

-Нийгмийн сэтгэлзүй, хандлагын асуудлыг л ярих гээд байна. Хоёр хүнийг зэрэгцүүлж үнэлэхдээ, эрэгтэйг нь арай дээгүүр үнэлдэг. Хэрвээ эрэгтэй хүн хоцорсон бол тэгж зэмлэх байсан уу гэх асуудал үүснэ. Нийгмийн олон асуудалд эмэгтэйчүүдийн эрх яг ийм байдлаар зөрчигдөх нь түгээмэл. Наад зах нь хөдөлмөр эрхлэлт. Яг адилхан үзүүлэлттэй хоёр хүн байхад, эрэгтэйг нь ажилд авах тохиолдол дэлхий даяар ялангуяа, эцгийн эрхт ёстой оронд байдаг. Энэ хандлага нь лавширсаар нийгмийн энгийн харилцаанд ч нөлөөлдөг. Жишээлбэл, эрэгтэй хүн алдаа гаргавал "Эр нэг алдаа биз" гэх мэт зүйр цэцэн үг болтлоо сэтгэлгээнд нь төлөвшсөн. Эмэгтэй хүнийг арай хатуурхаж авч үзээд байна уу гэдгийг иргэд болон эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалдаг байгууллагууд гаргаж тавьж байгаа байх.

-Асуудлыг тэнцвэртэй байлгах үүднээс одоо эрэгтэй талаас нь харж ярья. Нийгэмд эрэгтэйчүүдийг "Эр юм байж олон юм ярилаа, уйллаа" гэх байдлаар ханддаг шүү дээ?

-Энэ бол эцгийн эрхт ёсны нөлөөгөөр үүссэн эр шинжийн тухай өрөөсгөл ойлголт гэж харж байна. Жишээлбэл, эрэгтэй хүн гэр бүлээ авч явах, өрхийн тэргүүн байх, өрхийн орлогыг бүрдүүлэгч гэж байгаа энэ нөхцөлд эрэгтэйчүүд өвдөж, уйлах ёсгүй байхаас өөр аргагүй байдалд үүсэж байгаа юм. Ялангуяа,

Залуу эрэгтэйчүүдэд илүү халгаатай байдаг судалгаа бий. Эрэгтэйчүүдийн нас баралтын судалгааг харвал, 25 хүртэлх насныхан амиа хорлолтоор, 25-45 насныхан осол, гэмтлийн шалтгаанаар бол 45-аас дээш насныхан зүрхний шигдээс, хорт хавдар гэх мэт халдварт бус өвчнөөр амиа алдах нь элбэг.

Энэ статистикийг дэлгэрүүлбэл, монгол эрэгтэй хүн 25 нас хүртлээ их л сэтгэл гутралтай амьдрах гээд байна шүү дээ. Харин 25 наснаас хойш сэтгэл гутралаа их буруу зуршлаар даван туулж, их хүнд нөхцөлтэй тулдаг. Улмаар зам тээвэр, ажлын байрны ослоор амиа алдах нь их. Цаашлаад, 45-аас дээш насандаа эрүүл мэндээрээ хохирч байгаа ийм дэлгэрэнгүй дүр зураг судалгаагаар ч гарч ирж байна.

Тэгэхээр нийгэмд оролцож буй үүрэг, орлого, шийдвэр гаргалтад эрэгтэй, эмэгтэй хүмүүс тэнцвэртэй хандах нь эмэгтэйчүүдийг дэмжихээс гадна эрэгтэйчүүд ч ачаанаасаа хөнгөлөх ач тустай байгаа юм.

-Ярилцсанд баярлалаа.

Улаанбаатарт 1 хэм дулаан байна
Улаанбаатарт 1 хэм дулаан байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.