Өнөөдөр Үндэсний сэтгүүлзүй үүсэж хөгжсөний 111 жилийн ой тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатартай ярилцлаа.
-Танд Үндэсний сэтгүүлзүй үүсэж хөгжсөний 111 жилийн ойн баярын мэнд хүргэе?
-Баярлалаа. Монголын сэтгүүлзүйн салбарын нийт сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууддаа 111 жилийн ойн баярын мэнд хүргэе. Одоогоос 111 жилийн өмнө буюу 1913 оны гуравдугаар сарын 6-ны өдөр “Шинэ толь бичиг” хэмээх анхны сонин хэвлэгдэн гарснаар Монгол Улсын тогтмол хэвлэл үүссэн өдөр гэж үздэг. Үүнээс хойш жил бүрийн гуравдугаар сарын 6-ны энэ өдрийг Үндэсний сэтгүүлзүйн баярын өдөр болгон тэмдэглэж ирсэн уламжлалтай. Энэ өдөр хэвлэл мэдээллийн салбарын ажилчид баяраа тэмдэглэж байна гэсэн үг. Харин тавдугаар сарын 3-нд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр байдаг. Тэр өдөр халуун ам бүлээрээ бидний эрх ашиг хэрхэн зөрчигдөж байна, бид яах ёстой вэ гэх чиглэлээр хэлэлцүүлэг, акц зохион байгуулж тэмцдэг өдөр. Тэгэхээр яалт ч үгүй гуравдугаар сарын 6-ны энэ өдөр хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй хэн бүхний баярлах өдөр гэж ойлгож, баярын хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж байна.
Гүтгэлэг гэх мэт шалтгаанаар хэдэн ч сайт, телевизийг хаах магадлалтай учраас гол анхаарлаа хандуулж байна
-Та яриандаа дурдлаа. Баяр тэмдэглэхээс гадна өөрсдийн эрх ашгийнхаа төлөө дуу хоолойгоо өргөх өдөр аж. Монгол Улс хэвлэлийн чөлөөний индексээр сүүлийн 3 жилд ухарсан үзүүлэлттэй байна. Энэ байрыг урагшлуулахын тулд цаашид ямар бодлого баримталж ажиллавал зүйтэй вэ?
-МСНЭ гэдэг байгууллага бол Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй ажилчдын эрх ашгийг хамгаалж, гишүүдээ хамгаалдаг буюу нийгэмд чиглэсэн төрийн бус байгууллага. Мөн ОУ-ын Сэтгүүлчдийн холбооны гишүүн байгууллага. Монголд сэтгүүлзүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудаас ялгарах ялгаа нь гишүүдийнхээ өмнө хариуцлага хүлээдэг 70 гаруй жилийн түүхтэй байгууллага юм. Энэ ташрамд, МСНЭ-ийн үе үеийн удирдлагууддаа Үндэсний сэтгүүлзүйн 111 жилийн ойн баярын мэнд хүргэе.
МСНЭ-ийн шинэ удирдлагын баг буюу бидний баримталж буй зарчим бол “Хэвлэлийн эрх чөлөөний индекс”-ээр ухраад байгаа шалтгаан нь юунд байгааг олж тогтоох, үүний төлөө юу хийх ёстой вэ гэдэгт голлон анхаарч байна.
Ер нь яагаад индексээр байнга ухраад байна вэ гэвэл Монголд хэвлэл мэдээллийн хэрэгсэл олон байна. Мөн хуулийн зохицуулалт ээлтэй биш буйд гол шалтгаан байна гэж харж байгаа. Монгол Улсад нийтдээ 20 гаруй хуульд сэтгүүлчийг ажил үүргээ гүйцэтгэсэнтэй нь холбоотойгоор хориг саад тавьсан зүйл, заалт бий.
Тиймээс хууль, эрх зүйн орчин таатай бус байгаагаас “Хэвлэлийн эрх чөлөөний индекс”-ээр ухраад байна. Хамгийн сүүлийн жишээг бид маш сайн мэдэж байгаа. 2023 онд “Zarig.mn” сайтыг гэнэт нэг орой хаачихсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслийг яагаад хаах учиргүй гэдэгт МСНЭ бүх мэргэжлийн холбоотой нэгдэж, тэмцсэн. Үүний үр дүнд судлаад үзэхээр цагаан цаасан дээр хараар бичсэн зүйл заалт л байгаа юм. Хэвлэл мэдээллийн ажилтан ямар нэг байдлаар хууль хяналтын байгууллагад шалгагдаж буй тохиолдолд ХХЗХ-нд албан бичиг өгчихдөг. Уг бичгийн дагуу ХХЗХ ямар ч үг хэлэх эрхгүйгээр шууд тухайн сайтын үйл ажиллагаа, хандалтыг нь зогсоочхож байна.
Тиймээс бид Харилцаа, холбооны тухай хуульд ганцхан заалт оруулъя гэх байр суурин дээр тогтож, тохирсон. ЦХХХ-ны сайд Н.Учрал, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр нар дээрх ганц заалтыг нэмж оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар ажиллаж байгаа. Бид үүнд саналаа маш тодорхой өгсөн. Энэ нь сүүлийн үед нэлээн шуугиан дэгдээж байх шиг байна.
Өөрөөр хэлбэл, аливаа хууль хяналтын байгууллага ХМХ-ийг дур мэдэн хаахгүй байхыг хуульчилж өгсөн зүйл заалт. Өнгөрсөн 2023 онд гэхэд л маш олон сайт хаагдсан байна. Өмнөх жишээнүүдийг ч авч үзэхэд, энэ үйл ажиллагаа зогсохгүй үргэлжлээд байгаа юм.
Ялангуяа, энэ жил “сонгуулийн жил” учраас хэвлэлийнхнийг дуугүй байлгаж, амыг нь барих гэсэн явуургүй үйлдлүүд гарч болзошгүй. Гүтгэлэг гэх мэт шалтгаанаар хэдэн ч сайт, телевизийг хаах магадлалтай учраас гол анхаарлаа хандуулж байна.
Эрүүгийн болон иргэний гээд олон хуульд эрх ашгийг зөрчиж, хааж боомилсон заалтууд байдаг учраас мөн анхаарлаа хандуулж байна. МСНЭ нь дэргэдээ Хууль зүйн фермтэй. Фермээрээ дамжуулан судалгаануудыг хийж буй. Мөн эрх нь хасагдсан гишүүддээ өмгөөллийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлдэг.
МСНЭ оны эхэнд хуралдаж, шийдвэрлэсэн гол асуудал бол 2024 оныг “Ёс зүйг эрхэмлэх жил” болгон зарласан. Бид өөрсдөө ёс зүйн хувьд ямар байна вэ, ямар ажил голлон хийгдэх гэж байгаа вэ гэхээр мэргэжлийн судлаач нарт судалгаа захиалж байна. Тухайлбал,
Бид ёс зүйн ямар алдааг хаана түлхүү гаргаад байгаа юм, өнөөгийн сэтгүүлзүй ямар байгаа юм гэдгийг судлах том судалгааны ажлыг захиалаад байна. Эхний байдлаар гуравдугаар сарын 6-нд танилцуулахаар ажиллаж байгаа. Цаашид аравдугаар сарын 3 гэхэд судалгаагаа дахин танилцуулж, бидний ажилд дөхөм болох алхам байх болов уу гэж харж байна.
Ёс зүй гэдэг бол хаана хаанаа л ярих ёстой асуудал. Сэтгүүлч бид өөрсдөө үнэхээр ёс зүйгүй байна уу эсвэл биднийг ёс зүйгүй харагдуулах хувь хүмүүс байна уу мөн сошиал орчин дахь сэтгэгдлийг ХМХ гэж харах ёстой юу гэдгээс эхлээд бид хоорондоо ярьж хэлэлцэх асуудлууд байна.
-Сэтгүүлчид хэвлэлийн эрх чөлөө гэж ярьдаг ч нөгөө талаараа өөрсдөө ёс зүйн зөрчил гаргадаг гэх шүүмжлэл нийгэмд бий. Сэтгүүлчид ямар төрлийн ёс зүйн зөрчил гаргаж байгаа гэж та харж байна вэ?
-Хэвлэл мэдээллийн хэрэгсэл олон болчихлоо. Манайхны гаргадаг түгээмэл алдаа бол нэгнээсээ түрүүлж мэдээлэхэд гол ач холбогдлыг өгөөд байна уу, нэг мэдээлэл сонсчихоод нягталдаг, 2-3 эх сурвалжаас тодруулдаг байдал алдагдаад байна уу гэж харж байгаа.
Иргэд сошиалоор хамгийн эхний мэдээллийг авч буй боловч телевиз, сонин гээд уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслээр үүнийгээ баталгаажуулж авч байна. Тэгэхээр гар утас, цахим орчин хэвлэл мэдээллийн анхдагч хэрэгсэл болсон уу гэвэл болсон. Олон улсын сэтгүүлчийн ёс зүйн код байдаг. Тэр код, дүрэм журмаа мөрдөх ёстой. Гэхдээ үнэхээр мэдээлэл нь эх сурвалж сайтай ХМХ-үүд байна. Харин эсрэгээрээ 1-2 хүнтэй, сэтгэгдлээр нэр хүнд, хандалт авах гэсэн хүмүүс ч бий.
Өнөөдөр бид редакц гэдгийг юу гэж тодотгоод байна вэ. Хэдэн хүнтэй, ямар байр сууцтай байх вэ эсвэл зүгээр домайн хаягтай хүмүүс сайт, редакц гэж яваад байх уу гэдгийг ялгаж салгах нь зүйтэй болов уу. Тэгэхээр бид халуун гал тогоондоо сууж, илүү тодотгож ярих нь хамгийн чухал. Тавдугаар сарын 3 буюу Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн өмнө “1000 сэтгүүлчийн ёс зүйн форум”-аа зохион байгуулж, залуу, дунд, ахмад үеийн сэтгүүлчид нэг дор ярилцах зүйтэй гэх байдлаар төлөвлөн ажиллаж байна.
Сэтгүүлчдээс илүүтэйгээр олонд танигдсан, олон дагагчтай хүмүүс мэдээллийг сэвдэг
-Нийгэмд мэргэжлийн сэтгүүлчийг энгийн сошиал хэрэглэгчтэй нийлүүлж ойлгох хандлага түгээмэл байдаг. Тэгвэл иргэд үүнийг хэрхэн ялгах вэ. Нөгөөтэйгүүр, сэтгүүлчид өөрсдөө сошиал хэрэглэгчээс хэрхэн ялгарах ёстой вэ?
-Яагаад сэтгүүлч буюу хэвлэл мэдээллийн ажилтан гэх мэргэжлийг эзэмшиж ажиллаж байгаа вэ гэдгээ ойлгох ёстой. Дэлхийн зарим улсын ХМХ-ийн дотоод дүрэм журамд байдаг шүү дээ. Заавал байгууллагын хаягаар мэдээлэл нийтлэх ба хувийн хаягаараа мэдээ мэдээлэл нийтлэхгүй гэх байдлаар заасан байдаг.
Үгүй бол энэ хүн үнэхээр сэтгүүлч учраас үнэн юм бичээд байна уу эсвэл албан хэргийн юм бичээд байна уу гэдэг нь ялагдахгүй болж байгаа юм. Түүнчлэн сэтгүүлчдээс илүүтэйгээр олонд танигдсан, олон дагагчтай хүмүүс мэдээллийг түрүүлж олж аваад, үүнийгээ сэвэх гэх мэт янз бүрийн асуудал байгаа учраас бид эхлээд холбогдох дүрэм журмаа баримталж, мэргэжлийн байх ёстой. Үүнийг хариуцдаг Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай болсон учраас яамнаас гол анхаарлаа хандуулж байна гэж ойлгож байгаа.
Сонгууль ч гэсэн ямар хүрээнд явагдах юм. Сошиалоор сурталчилгаа хийж, хүмүүсийн тархийг угаагаад дуусах юм уу. Энэ асуудалд манай салбарынхан чухал үүрэгтэй, хариуцлагатай оролцох ёстой. Бид бусдаас юугаараа ялгарах ёстой вэ гэвэл мэргэжлийн гэдгээрээ ялгарч байх ёстой.
-Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл багагүй хугацаанд гацлаа. Ер нь энэ талаар төрөөс баримталж буй бодлого хангалттай байж чадаж байна уу?
-Төр, Засгаас манай салбарыг хангалттай дэмжин ажиллаж байна уу гэвэл үгүй. Тодорхой хуулиудад бидний үйл ажиллагааг дэмжээд байгаа юм шиг хэрнээ өөр нэг хуулийн зүйл заалтаар мушгигдсан байх жишээтэй. Олон хуулийнхаа дунд биднийг бүрэн эрх чөлөөтэй байх хэмжээнд хүрэхгүй байх хүртэл хааж боомилсон зүйл заалтуудыг оруулаад байгаа юм. Манай сэтгүүлчид төдийлөн мэдлэг мэдээлэл байхгүй учраас хуулийн заалтад манайхтай холбоотой ямар заалт орж буйг судалж чадахгүй байгаа. Тиймээс МСНЭ-ийн эвлэлийн дэргэдэх Хууль зүйн фермээр бүх судалгааг хийлгэж байна.
Сонгуулийн шинэчилсэн хуулийн хүрээнд ч гэсэн хэрхэн ажиллах талаар сургалтуудыг зохион байгуулж байна. Бид эхлээд өөрсдөө хуулийн талаар мэдлэг мэдээлэлтэй болсны дараа иргэдээ мэдээллээр хангах ёстой. Гэхдээ зөвхөн ингээд суух биш, Төр, Засагтайгаа хэлэлцээрийн ширээний ард сууж, тэмцэж байж үр дүнд хүрэх асуудал.
Яагаад хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль саатаад байгаа вэ гэхээр тухайн үед эрх барьж буй нам өөрсдийн үзэл бодлоо тусгах гээд байдагтай холбоотой. Яагаад гэвэл Засгийн газар, ХЗДХЯ өөрөө өргөн барьдаг бөгөөд хуульд ямар нэг гажууд заалт оруулж ирдэг учраас бид хүлээн зөвшөөрдөггүй.
Хүмүүс МСНЭ гэхээр их мөнгө олж, өөрсдөө гадуур дотуур зугаалсан байгууллага гэж боддог
-2022 оны долдугаар сард МСНЭ-ийн шинэ удирдлагын баг ажлаа авсан. Өнгөрсөн хугацаанд ямар ажлууд дээр голлон анхаарч ажиллав?
-Өнгөрсөн 2023 онд буюу бүтэн нэг жилийн турш шинэ удирдлагын баг ажиллалаа. Тухайн онд бид юу хийж бүтээв гээд “Ган үзэг” наадмаа зохион байгуулж, дүгнэдэг. Шинэ оны эхэнд МСНЭ-ийн Ерөнхийлөгч, гүйцэтгэх захирлын хурлаа хийж, ажлаа дүгнэсэн байгаа. Юу гэж дүгнэсэн бэ гэхээр МСНЭ-ийн XVIII их хурлаар томилогдохдоо боловсруулсан мөрийн хөтөлбөрт тусгасан хамгийн чухал зүйл заалт юу вэ гэхээр орон нутагт ажиллаж буй ХМХ, тэнд ажиллаж байгаа ажилчдын эрх ашигт гол анхаарлаа хандуулж, тэдгээрийн ажлын орчин нөхцлийг сайжруулах юм. Өнгөрсөн хугацааг эргээд харахад, хэд хэдэн аймагт тусгайлсан сургалт, бүсчилсэн уулзалт, орон нутгийн форум болон орон нутаг дахь салбар зөвлөлүүдтэйгээ уулзсан байна. Энэ бүгдээрээ дамжуулан, гишүүдээ чадавхуулж, мэдлэг мэдээлэл олгоход анхаарлаа хандуулсан.
Түүнчлэн, цар тахлын үеэр зогсонги байдалд ороод байсан гадаад харилцаа, хамтын ажиллагааг 2023 онд сэргээн өргөжүүлж эхэллээ.
Өнөөдөр /2024.03.06/ МСНЭ-ийнхээ албан ёсны вэбсайтыг шинэчилж, нээлтээ хийж байна. Яагаад гэвэл “Загасчны морь усгүй” гэдэг шиг ХМХ-ийн толгой байгууллага хэрнээ өөрсдийнх нь вэбсайт руу ороод харахаар төдийлөн тодорхой бус байсан. Тиймээс вэбсайтаа шинэчлэхээр зориод ийнхүү нээлтээ хийж байна. Шинэчлэлүүдээс онцолбол,
МСНЭ-д гишүүнээр элсэх гэж байгаа бол цахимаар бүртгүүлж, QR код уншуулаад, татвараа төлөх гэх мэтээр бүх зүйл тодорхой болсон. Гишүүддээ үйлчилдэг байгууллага учраас нийт санхүүжилтын 10 гаруй хувь нь л гишүүдийн татвараас бүрддэг. Үлдсэн хэсэг нь дандаа хандив, тусламж, төсөл хөтөлбөрүүд хэрэгжсэний үндсэн дээр л бүрдэж, үйл ажиллагаа явж байгаа.
Хүмүүс МСНЭ гэхээр нээх их мөнгө олж, өөрсдөө гадуур дотуур зугаалсан байгууллага гэж боддог. Бид нээх идээд байх мөнгөтэй ч байгууллага биш, дандаа нүүрээ улалзуулж, төсөл хөтөлбөр гуйж л ажилладаг.
Орон нутагт 3-4 хүний ажлыг нэг хүн хийж байна
-Төгсгөлд нь ажиллах боловсон хүчний талаар ярилцаад өндөрлөе. Хүний нөөц ихээр дутагдаж буй салбаруудын нэг нь яах аргагүй хэвлэл мэдээлэл. Энэ хомстолоос хэрхэн гарах вэ. Хомстолын шалтгааныг юу гэж харж байна?
-Би сэтгүүлч мэргэжлийг эзэмшсэнээс хойш тасралтгүй 25 жил телевизэд ажилласан хүний хувьд энэ асуудлыг өөр дээрээ мэдэрдэг. ХМХ олон болсон. Нэг оюутныг сургаад, ажиллуулж байтал арай өндөр хөрөнгө оруулалттай сайт, телевиз гарч ирж, илүү цалин амлаад л аваад явчих жишээтэй. Өөрөөр хэлбэл, боловсон хүчнүүд ажлын байраа сэлгэсэн байдалтай байгаа юм.
Мөн хариуцлага алдсан ажилтанд шаардлага тавихад “Тэгвэл би больчихъё. Өөр газар ажиллана” гээд явчихдаг. Эсрэгээрээ салбартаа үнэнч, хайртай хүмүүс ажиллаж буй тохиолдлууд ч олон.
Би МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр томилогдсоны дараа их, дээд сургуулиудын удирдлага, багш нартай уулзаж, халуун яриа өрнүүлсэн. Багш нар жилээс жилд сэтгүүлч мэргэжлээр суралцах оюутны тоо эрс буурч буйг онцолсон. Өмнө нь жилд 50-60 оюутан элсэж, 20-30 нь төгсдөг байсан бол буурч, зарим жилд бүр тасрах тохиолдлууд ч гарч байгаа. Тэгэхээр боловсон хүчин яах аргагүй үгүйлэгдэж байна.
Орон нутагт байдал илүү хүнд. Ажиллах хүчний хомстолоос болж, 3-4 хүний ажлыг нэг хүн хийж буйг ажил олгогчид ярьж байгаа юм. Үүнээс гадна ажлын байран дээр гараад юу дутагддаг вэ гэхээр гадаад хэлний бэрхшээл тулгардаг. Англиар чөлөөтэй ярьдаг сэтгүүлч хуруу дарам цөөхөн байна. Тиймээс мэдлэгийг нь дээшлүүлж, дахин суралцуулах эсвэл салбараар нь дагнуулахад анхаарах цаг нь болсон юм байна гэх дүгнэлтэд хүрээд байгаа.
-Ярилцсанд баярлалаа.