Улаанбаатар хот орчимд 11 дүгээр сарын 24, 27, 28-нд цас орж, 28-аас 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд хүйтний эрч эрс чангарах цаг агаарын урьдчилсан мэдээг Цаг уур, орчны шинжилгээний газраас танилцуулаад байна. Тэгвэл энэ өдрүүдэд автозамын түгжрэл нэмэгдэж, тэг зогсолт болох нөхцөл байдал үүсч байгаа тул Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар шаардлагатай арга хэмжээг зохион байгуулж ажиллах шаардлагатай тухай албан бичгийг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт хүргүүлжээ.
Үүнд:
1. Цас их хэмжээгээр орсны улмаас авто замын түгжрэл ноцтой түвшинд хүрч болзошгүй тухай иргэд, олон нийтэд тогтмол урьдчилан мэдээлж байх,
2. Цаг агаарын үзэгдлийн улмаас авто замын түгжрэл ноцтой түвшинд хүрч болзошгүй үед ажилтан, албан хаагчдын ажлын цагт уян хатан зохицуулалт хийх,
3. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахимаар болон нөхөн хичээллэх бололцоотойгоор зохион байгуулах арга хэмжээ авч ажиллахыг төрийн байгууллагууд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд үүрэг болгох.
4. Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад байгууллага хоорондын уялдааг хангах хүрээнд Нийслэл Улаанбаатар хотын авто түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны ажлын албанд энэ тухай ажлын биелэлт, үр дүнгийн талаарх мэдээллийг шуурхай ирүүлж байх талаар илгээжээ.