АНУ-ын Макалейстрийн Коллежийн профессор, “Нью-Йорк Таймс”-ын өндөр борлуулалттай номын зохиолч, монголч эрдэмтэн Жак Уэтерфордыг энэ удаагийн FACELOOK буландаа онцолж байна. Түүний хувьд Монголын түүх соёлыг дэлхий дахинаа ном болгон хэвлүүлж, олон улсад Монгол Улсыг сурталчилан таниулсан хэмээн олон нийт ихээр үнэлдэг.
Иймд Их эзэн Чингис хааны мэндэлсний ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулахад хувь нэмрээ оруулсан эрхмүүдэд Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог "Чингис хаан" одонг монголч эрдэмтэн Жак Уэтерфордод олгохоор болсон юм. Ийнхүү 15 дахь “Чингис хаан” одонгоор шагнагдах Жак Уэтерфордын FACELOOK-г та бүхэнд хүргэж байна.
-Жак Уэтерфорд долоон хүүхэдтэй айлын ууган хүүхэд болон мэндэлжээ-
Жак Уэтерфорд Өмнөд Каролина муж улсын Колумбид Анна Рут Громс, Альфред Грег Уэтерфорд нарын гэр бүлд долоон хүүхдийн хамгийн том нь болон мэндэлжээ. Тэдний аав АНУ-ын армийн түрүүч байсан нь гэр бүлээ байнга нүүхэд хүргэдэг байв. Профессор Уэтерфордын алс холын өвөг дээдсийн нэг бол 19-р зууны холимог арьстны Крикийн удирдагч Уильям Уэтерфорд юм.
-Монгол болон Өмнөд Каролина мужийн Чарлстон хотод амьдардаг-
Одоо Уэтерфорд Монгол болон Өмнөд Каролина мужийн Чарлстон хотод амьдардаг.
-Өмнөд Каролинагийн их сургуулийг улс төрийн шинжлэх ухааны бакалаврын зэрэгтэй төгссөн-
Уэтерфорд 1967 онд Өмнөд Каролинагийн их сургуулийг улс төрийн шинжлэх ухааны бакалаврын зэрэгтэй төгссөн. 1972 онд Өмнөд Каролинагийн их сургуульд социологийн чиглэлээр магистр, 1973 онд антропологийн чиглэлээр магистр, 1977 онд докторын зэрэг хамгаалсан. Мөн Дьюкийн Их Сургуулийн Бодлогын Шинжлэх Ухааны Хүрээлэнд бодлого судлалын чиглэлээр докторын зэрэг хамгаалсан.
-“Даян дэлхийн Эзэн хаан (Emperor of All Men) номыг уншаад өөрийн эрхгүй Монголын түүхэнд татагдаж эхэлсэн”-
Зохиолч Жак Уэтерфорд Nomadic Expeditions (Нүүдэлчин аялал компани) нд өгсөн ярилцлагадаа “12 настай байхдаа Харолд Ламб-ийн бичсэн (Harold Lamb) Даян дэлхийн Эзэн хаан (Emperor of All Men) номыг уншаад өөрийн эрхгүй сэтгэл зүрхээрээ Монголын түүхэнд татагдаж эхэлсэн дээ. Удалгүй таван хошуу малын зурагтай монгол шуудангийн таван марк олж авсан” хэмээн ярьж байжээ.
-МУИС-д суралцах боломжийг “хайв”-
Жак Уэтерфорд Их сургуульд байхдаа Монгол Улсын Их сургуульд суралцах боломжийг асуун хоёр ч удаа захиа бичин илгээж байжээ. Гэвч тухайн үед Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсыг албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй байсан аж.
-Жак Уэтерфорд ЧИНГИСИЙН ТҮҮХИЙГ ДЭЛХИЙД-
20-р зууны сүүл үеэс Уэтерфорд Монголын соёл, түүхийг судалж, хэвлэн нийтэлж эхэлсэн.
2004 онд “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан”,
2010 онд “Монголын иx хатдын нууц товчоо”,
2016 онд "Чингис хаан: Эрхэм дээд үнэний эрэлд",
2014 онд "Хубилай хаан: Монголын усан замын цэрэг" ном, бүтээлийг хэвлүүлж, дэлхийд хүргэжээ.
-“Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” номын тогтоосон РЕКОРД-
Жак Уэтерфордын 2004 онд хэвлүүлсэн “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” ном нь олон улсад танигдаж, одоогоор 20 гаруй улсын хэлээр орчуулагдаад байна. Мөн тус ном нь хэвлэгдсэн ондоо “Нью-Йорк Таймс” сонины хамгийн их борлуулалттай номын жагсаалтад хоёр долоо хоногийн туршид багтсан бөгөөд 300 мянга гаруй хувь зарагджээ.
Түүнчлэн “Амазон”-ы 2011 оны аудио номын уралдааны ялагчаар тодорсон хоёр номын нэг болж, тухайн жилээ “CNN” сувгийн долоо хоногийн шилдэг номоор шалгарсан байна. Уг ном сүүлд 2014 оны аравдугаар сарын 12-ны өдөр “Нью-Йорк таймс” сонины цахим номын жагсаалтын зургаадугаарт эрэмбэлэгджээ.
-Монголын түүхэнд хадгалагдан үлдсэн ул мөртэй 50 гаруй газрын зургуудаас бүрдсэн цуглуулгаа Монголын ард түмэнд бэлэглэж байжээ-
Тэрбээр 1479 оноос XIX зуун хүртэлх хугацаанд өрнөдийн орнуудад Монгол орны газар зүй, хил хязгаарыг хөрш зэргэлдээ орнуудтай нь хамт дүрслэн тэмдэглэж байсан үнэтэй ховор 50 гаруй газрын зургуудын эх хувилбарыг олж цуглуулжээ. Эдгээр газрын зургуудаас тухайн үед монгол орны хил, уул ус, овог аймгуудыг нэрийтгэл, өрнөдийн орнуудад монголын талаарх ямар төсөөлөл, ойлголттой байсан зэрэг олон зүйлийг тодруулах боломжтой. Жак энэхүү үнэтэй ховор цуглуулгаа Монголын ард түмэнд бэлэглэсэн билээ.
-"Алтан гадас одонт Жак Уэтерфорд-
-2006 онд Монгол Улсын төрийн дээд одон Алтан гадас,
-2010 онд Монгол Улсын Гадаад харилцааны яамны хүндэт одон, Монгол Улсын Ерөнхийлөгчийн одонгоор шагнагдаж байв.
-Жак Уэтерфорд" санг байгуулав-
2010 онд Монголын түүхийг сонирхон судлагч Монгол, АНУ-ын иргэдийн санаачлагаар Монголын түүх судлаач, АНУ-ын Макалейстрийн Коллежийн профессор Жак Уэтерфордын нэрээр 'Жак Уэтерфорд" саныг Монгол Улсад байгуулсан. Тус сангийн үйл ажиллагаа Монголын түүх соёлын судалгаа, түүнийг судлах үр өгөөжтэй арга замыг залуу үед сургах, сурталчилан, таниулах, Монголын түүх соёлын өвийг хамгаалах, түүний талаар эрдэм шинжилгээний ул суурьтай судалгаа шинжилгээ хийх, тийнхүү судалгаа шинжилгээ хийх сонирхолтой хүмүүсийг дэмжихэд чиглэгддэг.
-“Монгол бол миний зүрх сэтгэлийн орон гэр"-
АНУ-ын нэрт эрдэмтэн, Макалейстрийн их сургуулийн профессор, хүн судлаач Жак Уэтерфорд бол Монголд элгэмсүү нэгэн юм. Тэрбээр Nomadic Expeditions (Нүүдэлчин аялал компани) нд өгсөн ярилцлагадаа “Монгол бол миний зүрх сэтгэлийн орон гэр, оюун санаа амран тайвшрах сайхан орон” гэж байв.
-Жак Уэтерфордод маргааш "Чингис хаан" одонг гардуулна-
Их эзэн Чингис хааны мэндэлсний ой, Монгол бахархлын өдөр жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд тохиодог. Энэ өдөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулахад хувь нэмрээ оруулсан эрхмүүдэд Ерөнхийлөгчийн зарлигаар "Чингис хаан" одон гардуулдаг уламжлал 2005 оноос тогтсон билээ.
Энэ удаагийн Чингис хаан одонг АНУ-ын монголч эрдэмтэн доктор, профессор Жэк Уэтерфорд болон Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Д.Доржготов нарт гардуулахаар болсон юм. Одонг маргааш гардуулна.