Хот хариуцсан Ж.Сүхбаатараас түгжрэлийн асуудлаар тодруулга авлаа.
-Түгжрэлийн асуудал сүүлийн өдрүүдэд маш их нэмэгдлээ. Хот 0 зогсолт хийх хэмжээнд хүрээнд байна. Цаашдаа ямар арга хэмжээ авах гэж байна?
-Ажлаа авсан хоёр сарын хугацаанд хэд хэдэн чиглэлээр ажиллалаа. Нэгдүгээрт, түгжрэлийн дунд, урт хугацаанд цаашдаа яаж бодлогоо явуулах вэ гэх мэт. Түгжрэлийг дунд хугацаанд шийдэж болох байсан бол Монгол Улсын Ерөнхий сайд тусад нь тусгай үүргийн сайд гаргахгүй байсан. Тэгэхээр түгжрэлийн эсрэг Засгийн газар бүтцээрээ ажиллаж байна. Улаанбаатар хотод нийт өрхийн 55 хувь нь хувийнхаа машинаар явж байна. Өдөр тутам 420-430 мянган машин давхардсан тоогоор явж байна. Тэгэхээр иргэд нөхцөл байдлаа ойлгох хэрэгтэй. Мөн нийтийн тээвэр маш чухал.
Зам тээврийн хөдөлгөөнд танхайрал ноёрхож байна. Даатгалаа төлдөггүй, оношлогоонд ордоггүй, торгуулиа төлдөггүй хэт хавтгайрсан байдал замын хөдөлгөөний түгжрэлд нөлөөлж байна. Жишээлбэл, осол аваар гарахад иргэн О, Б-гийн асуудал бүтэн цаг зам хааж байна. Мөн дарга нарын цуваа зэрэг олон асуудалд түгжрэлд нөлөөлж байна. Сая 0 зогсолтоор би замд 3 цаг түгжирсэн. Ямар нэгэн арга хэмжээ аваач ээ гэж иргэд шүүмжилж байна. Богино хугацаанд шийдэх боломж байсан бол надаас өмнө энэ зохицуулалтыг хийчихнэ шүү дээ. Тэгэхээр ирэх жилүүдэд сонголттой тээврийн гэдэг юм уу, амьсгаа авдаг коридорууд байх уу гэдэг асуудал тулгараад байна. Тиймээс л нийтийн тээврийг хөгжүүлье гэж яриад байна.
Бид өнгөрсөн хугацаанд дугаарын хязгаарлалт хийж ирсэн. Үүнээс өөрийг бодож олоогүй. Богино хугацаанд зам дээр байгаа машины тоо хэт олон болчихоод байгааг цөөлөх шаардлага үүсээд байна. Түүнээс биш "энэ 420 мянган машиныг зам дээр явуулахыг бодож ол" гэж шаардаад байна. Энэ бол боломжгүй болчихоод байна. Дугаарын хязгаарлалтыг арай сайжруулсан хэлбэрээр хийх боломж байна. Мөн замын хөдөлгөөний ноцтой зөрчил гаргаж байгаа машинуудыг хязгаарлах. Тодруулбал, захиргааны албадлагын арга хэмжээ авах.
Түүнчлэн төрийн байгууллагууд санаачилгатай ажиллах хэрэгтэй. Жишээ нь, хүүхдээ зөөдөг албан хаагчдынхаа цагийг уян хатан байлгах.
-Богино хугацаанд одоо шийдэх ямар боломж байна?
-Богино хугацаанд захиргааны зохицуулалтаар шийдэх боломжтой. Өөр ид шид байхгүй. Энэ онд торгуулсан иргэдийн 78 хувь нь торгуулиа төлөөгүй байна. Энэ нь торгуулаад байсан ч ямар арга хэмжээ авдаггүйн жишээ. Жолооны эрхээ хасуулчихаад л жолоо бариад л явж байна. Тэгэхээр торгуулсны үр нөлөө, түүний араас явдаг ямар ч механизм алга.
Нийтийн тээврээ шинэчлэхгүй бол болохгүй. Жолооч нь хомстоод ирлээ. Парк шинэчлэл хийхгүй бол 60 орчим хувь нь 10-аас дээш жил болчихсон. Заримынх нь ашиглалтын хугацаа дуусчихсан байна.
-Засгийн газраас ямар арга хэмжээ авахаар ажиллаж байна?
-BRT-г явуулж эхлэх Засгийн газрын шийдвэр гарсан. Мөн дүүжин тээвэр дээр Францын талтай уулзаж, тохиролцсон. Эхний шугамаа хийгээд хөдөлгөөнийг эхлүүлэх ажлыг эрчимжүүлнэ. LRT төслийн тухайд нийслэлээс боломжоороо урагшлуулах байх. Мөн метро байна. Би метрог үгүйсгэдэггүй. Үүнийг хийх ёстой. Гэхдээ өрийн таазаа харсан ч метро ойрын жилүүдэд боломжгүй. Ийм цаг үед хүмүүстээ таалагдах гээд сүржин мэдэгдэл хийгээд байж болохгүй. BRT төслийн тухайд 50 сая ам.долларын төслийг хэрэгжүүлнэ. Түгжрэлд хамаарах маршрут чиглэл гаргаад BRT-г явуулах төлөвлөгөөтэй байгаа. BRT хурдан явуулах боломжтой хамгийн сайн төсөл. Бид нийтийн тээврийн төрөлжсөн хэрэгслийг гаргахгүй л бол түгжрэл буурахгүй. Түгжрэлийн сайд нь хаачив гээд байна. Би сүүлийн хоёр долоо хоног Түгжрэлийн тухай багц хуулийн төсөл дээр ажиллаж байгаа. Зогсоолын менежмент хийх зэрэг маш олон ажил төлөвлөж байна. Энэ жил хийж чадахгүй ажлаа ирэх жил хийж дуусгана. Түгжрэлийн нөхцөл байдал жил бүр муудах дүр зураг харагдаж байна. Тиймээс дараа жил ийм байдалд оруулахгүйн тулд нийтийн тээврээ 80 хувь, чадвал 100 хувь шинэчлээд амьсгаа авах ёстой. Гэхдээ худлаа ярьж болохгүй. Түгжрэл бол бидний бодит нүүр царай. Богино хугацаанд шийдэхээр ажиллаж байна.
Нийтийн тээврийн чиглэлээр ажлын хэсэг байгуулна.
-Энэ өвөлдөө түгжрэлийг хэрхэн давах вэ?
-Дугаарын хязгаарлалтыг ягштал мөрдөх ёстой. Хүмүүс 7 хоногийн ажлаа төлөвлөж, хувийн амьдралаа зохицуулах эрхтэй. Гэхдээ л түгжрэлээс болж учирч байгаа хохирол бол нэг айлын хувьд хэдэн саяар яригдаж байна. Ил харагдахгүй ч бидний хармаанаас гоожиж байна. Түгжрэл 1, 3, 5 дахь өдөр их байгаа учраас энэ өдрүүдэд дугаарын хязгаарлалт хийж болох юм. Үүнийг богино хугацаанд хийнэ үү гэхээс урт хугацаанд хийж болохгүй. Одоогоор ярилцсан зүйл байхгүй. Би л тэгэж бодож байна. Богино хугацаандаа 12 сарын 25 хүртэл гэдэг ч юм уу. Үүнийг хүмүүстэйгээ л зөвлөлдөх ёстой. Хүчилж, муйхарлах, захиргааны аргаар шийдэж болохгүй.