Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Мөнхцэцэг: Намууд далд санхүүжилтгүй болж, тайлан ирүүлээгүй тохиолдолд үйл ажиллагааг нь 2 жилээр зогсооно

Ангилал
Улс төр Ярилцлага
Огноо
Унших
8 минут 37 секунд

УИХ өнөөдөр ирэх оны төсвийг эцэслэж алхаа цохих өдөр. Тэгвэл төсвийн араас сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах агуулгаар Үндсэн хуулийн асуудлыг хэлэлцэнэ. Ингээд улстөрчид өрсөлдөөний талбарт эхлээд тоглоомын дүрмээ тодорхой болгосны дараа Улс төрийн намууд хуульдаа зангидагдах юм. Энэ утгаараа УИХ-ын ирэх хаврын чуулганаар Улс төрийн намын тухай хуулийг хэлэлцэх товтой байна. Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгтэй ярилцлаа.

-Улстөрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсгийг та ахалж байна. Өнөөдрийн байдлаар дээрх хуулийн төсөл хэр чамбай болсон гэж дүгнэх вэ?

-Сүүлийн гурван парламент дамжин яригдаж байгаа Улс төрийн шинэчлэлийн гол хуулиудын нэг бол Улс төрийн намын тухай хууль байгаа. Уг хуульд бид Монголын Улс төрийн орчны санхүүжилтийг шилэн болгох, авлигын болон эрх мэдлээ урвуулан ашиглах үзэгдлийг таслан зогсооход чиглэсэн заалтуудыг тусгаж өгсөн байгаа.

Мөн улс төрийн намуудад гарааны тэгш байдлыг олгох, нам өөрөө төлөвших зэрэг үйл явцын дагуу гурван парламентын үеийг дагнан судлаад энэ удаагийн парламентаар эцэслэх байх гэж хүлээж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улс төрийн намын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина.

Манай төрийн байгуулалтын байнгын хорооноос ажлын хэсэг гарч ажиллаад төслийн үндсэн хэсгийг боловсруулаад ЕТГ-т өргөн барьсан байгаа. Ингээд ЕТГ-аас өнгөрсөн хаврын чуулганы үеэр улс төрийн намуудтай хэд хэдэн удаагийн хэлэлцүүлэг хийж намуудын саналыг авсан байдаг. Энэ хүрээнд Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл УИХ-ын ирэх хаврын чуулганаар хэлэлцэгдэнэ.

-Одоогийн мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд улс төрийн намууд сонгуулийн хуультайгаа яаж зохицож байгаа вэ. Ялангуяа УИХ-ын сонгуулийн үеэр намуудын санхүүжилт шилэн байж чаддаггүй шүү дээ. Авлига, хууль бус орлоготой холбоотой асуудлууд сүүлд нь яригддаг болоод удаж байгаа?

-Улс төрийн намын тухай хууль 2005 онд хамгийн сүүлд батлагдсан байдаг. Үүнээс хойш 20 орчим жил болсон байна. Гэтэл өнөөдрийн түвшинд харахаар улс төрийн намын орчин өөрчлөгдсөн. Сонгууль дахь хөрөнгө, мөнгөний нөлөөлөл өссөн. Хөрөнгө мөнгөтэй хүмүүст улс төрийн нам нь гарааны давуу байдлыг үүсгэж байна гэсэн үг.

Үүнээс гадна улс төрийн нам нь ашиг хонжоо олох, албан тушаал ахих боломж гэж үзэх сэтгэлгээг бий болгосон байна. Нам дагасан бизнес, намыг дагаж төрийн эх сурвалжийг өөртөө ашигтай байдлаар ашиглах орчин бүрдсэн гэж үзэж байгаа. Тиймээс бид өнгөрсөн 30 жилийн алдаагаа засахын тулд нэн тэргүүнд улс төрийн намын орчныг олон улсын түвшинд хүргэх ёстой.

Энэ чиглэлд Европын хамтын ажиллагааны байгууллага, Венецийн комисс зэрэг олон байгууллагууд дээрх хуулийн төсөл дээр зөвлөмжүүд өгсөн. Одоо бэлэн болчихсон байгаа төсөл дээр Олон улсын байгууллагууд эерэг үнэлгээ өгч байгаа.

Намын тухай хууль болон, Сонгуулийн тогтолцоо бол яах аргагүй хоорондоо уялдана. Намын тухай хуулийн шинэчлэлийн гол концепци бол сонгуулийн хуулийг дагаж зохицуулагдах ёстой.

Тухайлбал, Монголын сонгуульд хөрөнгө, мөнгөний нөлөө асар өндөр байдаг. Эсвэл сонгуулийн жил эрхлэхээс өмнө тухайн “тойргоо услах” нэрээр асар их хэмжээний мөнгийг сонгогчдын санал авахад заруулдаг энэ жишиг арилах ёстой. Тиймээс намын тухай хуульд нэг заалт болж орж ирж байгаа. УИХ-ын гишүүд сонгуулийн болон сонгуулийн бус бүх үед ямар нэгэн байдлаар сонгогчдын саналыг урвуулан авах, сонгогчдод материаллаг болон бусад дэмжлэг үзүүлэх асуудлуудыг бол хязгаарлаж байгаа.

Өөрөөр хэлбэл, үндэсний уламжлалт сар шинийн баяр эсвэл ахмадын баяр ч бай аль ч үед сонгогчдод олон сая төгрөгийн дэмжлэг үзүүлдэг байдал, 80 сая төгрөгийн зардалтай ул боов тараадаг байдлыг хуулиар хориглож байгаа. Тэгэхээр 2024 оны УИХ-ын сонгуулиас нэг жилийн өмнө энэ хууль, сонгуулийн хуультайгаа зэрэгцэн хэлэлцэгдэж явах байх гэж бодож байна.

-УИХ-ын гишүүд тойргоо тордох нэрээр мөнгө угаадаг. Дээр нь сонгуулийн өмнөх жилийн төсөв үндсэндээ сонгуульд чиглэсэн төсөв болж алдагдалтай баталдаг байдал тогтчихлоо. Намуудын санхүүжилт, хөрөнгө зарцуулалттай холбоотой судалгаа хийгдсэн судалгааны талаар мэдээлэл өгнө үү?

-УИХ-ын гишүүдийн тойрогт улсаас асар их хэмжээний хөрөнгө оруулалт хийдэг байсан байдлыг 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр зогсоосон. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас өргөн баригдсан төсвийн төсөл дээр УИХ-ын гишүүд ямар нэгэн байдлаар мөнгөн дүнг нэмэх хориотой болсон байгаа.

2020 оны УИХ-ын сонгуулиас эхлээд Сангийн яамны өргөн барьсан төсөл яг тэр дүнгээрээ батлагдаад явж байгаа. Өмнөх жилүүдийн алдааг зассан гэж хэлж болно. Сонгуулийн санхүүжилтын хэмжээний талаар болон сонгогчдод зарцуулж байгаа мөнгөний эх үүсвэрийн талаарх судалгаа олон удаа хийгдсэн байдаг.

Өнөөдөр үйлчилж байгаа сонгуулийн хуулиар нам болон нэр дэвшигч нар тухайн сонгуульд зарцуулсан мөнгөний эх үүсвэрээ тайлагнадаг. Гэхдээ тэрнээс гадна далд байдлаар сонгогчдын сүлжээг үүсгэх тойрогт ямар нэгэн байдлаар санхүүгийн болон бусад давуу байдлыг олгодог явдлыг хараахан бүрэн зохицуулж чадахгүй байгаа. Тиймээс сонгуулийн үеийн болон сонгуулийн бус бүх санхүүжилтийг зохицуулахаар хуульд тусгасан байгаа.

-Санхүүгийн хяналтыг ямар байдлаар зохицуулах заалт хуулийн төсөлд тусгасан бэ?

-Улс төрийн намын санхүүжилтийг шилэн болгох асуудал энэ хуулийн төслийн гол концепци гэж хэлж болно. Олон улсын жишгээр нам жилд хоёр удаа санхүүгийн тайлангаа СЕХ-нд хүргэнэ. Тухайн тайлан олон нийтэд ил байна. Тайлан дотор тухайн намд төсвөөс олгож байгаа санхүүжилт, намын гишүүдийн цуглуулсан хандив, дэмжлэг татварын орлого, зарлага, болоод иргэд, ААН-с өгсөн хандивын хэмжээ зэргүүдийг бүхэлд нь тайлагнана.

ААН-үүдийн хандив тусламжийн мөнгөн хэмжээг нэлээн бууруулж оруулж байна. Хэрвээ намын санхүү хариуцсан ажилтнууд ямар нэгэн байдлаар тайлангаа дутуу мэдээлсэн, эсвэл санаатай алдаа гаргасан байх юм бол тухайн намд санхүүгийн болон улс төрийн хариуцлага хүлээлгэхээр мөн хуульд өөрчлөлт оруулж байгаа.

Өөрөөр хэлбэл, тухайн нам төсвөөс дэмжлэг авдаг бол дараагийн дэмжлэгийг нь зогсоох, эсвэл тухайн санхүүгийн зөрчил нь эрүүгийн хэрэгт дүйцэхүйц ноцтой байвал эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийтгэлүүдийг оноохоор заасан байгаа.

Мөн нам санхүүгийн тайлангаа хугацаандаа ирүүлээгүй тохиолдолд тухайн намын үйл ажиллагааг жил хүртэл хугацаанд идэвхгүй болгох буюу намын үйл ажиллагааг зогсоох хүртэл хатуу шийтгэлийн зохицуулалтыг хуулийн төсөлд шинээр оруулж өгсөн байгаа.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ховд аймагт 15 настай хүү сум алдаж, аавынхаа аминд хүрчээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ховд аймагт 15 настай хүү сум алдаж, аавынхаа аминд хүрчээ
 
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.