Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Одбаяр нарын өмгөөлөгч Б.Мэргэн: Цагдаагийн хууль бус шаардлагыг биелүүлэхгүй гэсний төлөө шүүх ял оноолоо

Ангилал
 Хууль эрх зүй Ярилцлага
Огноо
Унших
11 минут 9 секунд
Caption

"No Double standart" хөдөлгөөний залуус болох иргэн Э.Одбаяр нарын таван хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өчигдөр болсон. Ингэхдээ шүүхээс иргэн Э.Одбаярт 1.2 жилийн хугацаанд зорчих эрхийг нь хязгаарласан бол бусад дөрвөн хүнд 1 жил дүүргээс зорчих эрхийг нь хязгаарлах шийдвэрийг гаргасан юм. Эл шүүхийн шийдвэртэй холбоотойгоор Э.Одбаяр нарын өмгөөлөгч Б.Мэргэнтэй ярилцлаа.

-Шүүхээс үзэл бодлоо илэрхийлж тэмцсэн залууст зорчих эрхийг нь хязгаарлах ял оноосонд олон нийт шүүмжлэлтэй хандаж байна. Таны хувьд шүүгдэгчийн өмгөөлөгчөөр оролцсон. Шүүх хуралдааны процесс хэрхэн өрнөв. Прокуророос эдгээр залуусын дөрөвт нь хорих ял оноохоор зүйлчилж оруулж ирсэн юм байна?

-Нэг жил гаруйн өмнөөс өнөөдөр шүүгдсэн Э.Одбаяр нарын таван залуугаас гадна хилээр гараад явчихсан Г.Ган-Очир гэх залуугийн хамтаар 461 дүгээр хорих ангиас хүч хэрэглэн, хууль сахиулагчийг эсэргүүцэж Д.Монголхүүг авч гарсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж ирсэн. Мөн Э.Одбаярыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг болон н.Бас-Эрдэнэ гэх хүмүүийг гүтгэсэн гэх асуудлаар давхар шалгаад энэ оны хоёрдугаар сард шүүхээр орж нотлох баримтыг бүрэн гүйцэд шалгаагүй гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан байдаг. Өнөөдөр шүүх хуралдаан болж, Э.Одбаяр нарын таван хүнд зорчих эрхийг хязгаарлах ял өгсөн.

Эрүүгийн хуулийн 23.1.1-д заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг нь өөрөө зургаа ба 3 жил хүртэл хугацаанд хорих, зорчих эрхийг хязгаарлах аль эсвэл торгох ялтай. Худал мэдээлэл тараах гэмт хэргийн хувьд торгох болон зорчих эрхийг хязгаарлах ялтай. Прокурорын зүгээс нэг шүүгдэгчээс бусдад нь хорих ял санал болгосон.

Э.Одбаярын хувьд хоёр зүйлчлэл дээр шалгагдаж байгаа учраас зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг нэгтгэж бусдаасаа хоёр сарын илүү хугацаагаар ял авсан.

-Энэ хэргийн кейс дээрээс олон нийт ардчилсан нийгэмд үг хэлэх, үзэх бодлоо илэрхийлэх эрхээ эдэлсний төлөө эргээгээд Эрүүгийн хуулиар гэмт хэрэгтэн болох явдал болж байна гэж харж байна. Тэгвэл эл хэрэг нь хүний эрхийн зөрчил талаасаа ямар асуудал дагуулсан гэж та харж байна вэ?

-Хүн үг, үзэл бодлоо илэрхийлж болно. Гэхдээ үзэл бодлоо илэрхийлнэ гээд хэмжээ хязгааргүйгээр илэрхийлж болохгүй. Бусдын алдар, нэр хүндэд халдаж болохгүй. Жагсаал цуглаан хийж байна гээд хууль ёсны шаардлага тавьж буй хууль хүчнийхнийг буюу цагдаагийн алба хаагчдыг шаардлагыг эсэргүүцэж болохгүй.

Үндсэн хуульд заагдсан эрх, эрх чөлөөгөө эдэлж байна гээд бусдын эрх чөлөөг зөрчсөн үйлдлийг хийж болно гэсэн үг биш шүү дээ. Гэхдээ өнөөдрийн шүүх хуралдааны хувьд бид хэмжээ хязгаарыг шүүгдэгчид давсан зүйл байхгүй, хууль зөрчсөн зүйл байхгүй учраас гэмт хэрэг гэж үзэхгүй гэх байр суурьтайгаар оролцсон.

-Өмнө шалгагдаж байсан хэргүүд нь шүүх дээр очоод хэрэгсэхгүй болсон хэд хэдэн тохиолдол бий. Харин өчигдөр шүүхээс эдгээр залуусыг гэм буруутай хэмээн үзсэн хэргийн тухайд өмгөөлөгчийн хувьд та ямар байр суурьтай оролцов?

-Хууль сахиулагчийг эсэргүүцсэн гээд байгаа гэмт хэргийн тухайд, хоёр төрлийн хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэх зүйлийг ярьж байгаа юм. Нэгдүгээрт, ШШГГ-ийн ажилтнуудыг эсэргүүцсэн. Хоёрдугаарт, цагдаагийн алба хаагчийг эсэргүүцсэн гэдэг хоёр үйл явдал зэрэгцэн шалгагдаж байгаа хэрэг. Гэтэл Д.Монголхүүг мэдүүлэг авья гэж шөнийн 02:00 цаг өнгөрч байхад дуудаад прокурорын зөвшөөрөлгүйгээр цагдан хорих ажиллагааг эхлүүлж, 461 дүгээр ангид аваачиж хорих гэж байсан байгаа юм. Прокурорын зөвшөөрөл гарсаны дараагаар хүнийг хорих тухай асуудал яригдах ёстой шүү дээ. Зөвшөөрөлгүй хорих нь хүний эрхийн зөрчил, эрүүгийн хуулийн хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчиж буй л үйлдэл болно. Иймд ямар нэгэн зөвшөөрөл байхгүй байсан учраас хүнийг хууль бусаар хорих гэж байна гэх үндэслэлээр эдгээр залуус очиж, суллах шаардлагыг тавьсан л асуудал. Дээрх хүмүүсийн тавьсан шаардлага үндэслэлтэй байсан учраас 461 дүгээр ангийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хаагчид тавьсан шаардлагыг ямар нэгэн байдлаар эсэргүүцээгүй.

Шүүхийн шийдвэрийн ажилчдын зүгээс “Д.Монголхүүг хорих прокурорын зөвшөөрөл ирээгүй байгаа учраас авч гарч болно. Гол нь бичлэг хийж болохгүй” гэх шаардлагыг тавьсан талаараа шүүхийн шийдвэрийн алба хаагчид өнөөдрийн шүүх хуралдааны үеэр ч мэдүүлдэг. Гэтэл хууль сахиулагчийг эсэргүүцэх гэдэг гэмт хэрэг нь өөрөө хууль сахиулагчийн албан үүргийг биелүүлэхтэй нь холбогдуулж хүч хэрэглэсэн, заналхийлж эсэргүүцсэн тохиолдолд яригдах ёстой. Тэгэхээр эдгээр залуусын хувьд хүч хэрэглэхээр заналхийлсэн зүйл байхгүй. Иймээс үүнийг гэмт хэрэг гэж үзэхгүй байгаа.

Харин цагдаагийн алба хаагчдын хувьд хойноос прокурорын зөвшөөрөл ирж байгаа учраас эдгээр хүмүүсийг гаргахгүй гэдэг байдлаар маргаан үүсэхэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хаагчид оролцоогүй. Тухайн үед ээлжийн дарга байсан н.Золбоо нь өөрөө өргөөд Д.Монголхүүг гаргаж өгсөн бичлэг нь байгаа. Өөрөөр хэлбэл, Д.Монголхүүг эдгээр залуус хүч хэрэглэн оргуулж авч гарсан зүйл байхгүй. Үүнийг шүүхийн явцад дахин судалсан.

-Тэгвэл та бүхэн цагдаагийн алба хаагчид өөрсдөө хууль бус шаардлага тавьсан гэж үзэж байгаа юм байна. Тийм үү?

-Товчхондоо бол тийм. Бидний зүгээс үзэхдээ, цагдаагийн алба хаагчид хууль ёсны шаардлага тавиад бүх ажлаа хуулийн дагуу хийж байхад нь Д.Монголхүүг авч явна гэх байдлаар хүч хэрэглэсэн бол гэмт хэрэг гэж үзэж болно. Гэтэл эдгээр залуус бус цагдаагийн алба хаагчид өөрсдөө хууль зөрчсөн байхад яагаад хууль зөрчиж, хууль бус шаардлага тавьсныг нь биелүүлэхгүй гэсний төлөө хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэх гэмт хэрэгт буруутгаж байгаа юм бэ гэдэг асуудлыг тавьж буй юм.

Хууль ёсны шаардлага тавьсны өмнөөс үүссэн нөхцөл байдал бол өөр хэрэг. Өөрөөр хэлбэл, цагдаагийн алба хаагчид өөрсдөө хууль зөрчиж хүн хорих гэж байсан гэдэг агуулгаар энэ нь хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэрэг биш гэж үзэж байгаа юм. Харин шүүхээс хууль сахиулагчийг эсэргүүцсэн л бол эсэргүүцсэн, хууль ёсны аль эсвэл хууль ёсны бус шаардлага тавьсан эсэх нь хамаагүй гэх байдлаар ял өглөө.

-Э.Одбаяр нарын хувьд хэрэг хэрэгсэхгүй болтол давж заалдана гэх байр суурийг илэрхийлээд байна шүү дээ?

-Тухайн шүүгдэгч өөрөө давж заалдана гэдэг нь шүүгдэгчийн өөрийн эрхийн асуудал. Өмгөөлөгч үйлчилгээ үзүүлж буйн хувиар хүсэлтийнх нь дагуу ажиллана. Шүүгдэгчдийн хувьд давж заалдана гэсэн байр суурьтай байгаа. Эхний ээлжинд шүүхийн шийдэх тогтоолыг бүрэн эхээр нь гарсаны дараагаар үзэж уншиж байж, ямар байр суурьтайгаар яаж давж заалдахаа ярина.

-Шүүх хурал хэдийгээр хууль сахиулагчийг эсэргүүцсэн, бусдыг гүтгэсэн гэх хэргүүд дээр явагдсан боловч цаад талдаа дайныг эсэргүүцсэн залуусыг онилж, ял оноож байна гэх хардлагыг Э.Одбаяр нарын зүгээс өнгөрсөн хугацаанд илэрхийлсээр ирсэн. Энэ тал дээр хуульч басхүү хэргийн процесст өмгөөлөгчөөр оролцсон хүний хувьд та ямар байр суурийг илэрхийлэх вэ?

-Шүүгдэгчид өөрсдөө ямар байр суурьтай байгаа нь өөр хэрэг. Харин өмгөөлөгчийн хувьд өнөөдрийн болсон шүүх хуралдааны процессийн бодит мэдээллийг л мэдээлэх боломжтой. Энэ залуусын хувьд зөвхөн энэ шүүх хурал биш өмнө нь хэд хэдэн удаа төрийн байгууллагын гаргасан шийдвэр хүнйи эрхийг хамгаалахын тулд эсэргүүцсэн олон арга хэмжээг зохион байгуулж өөрсдөө оролцож байсан. Тэр бүр дээрээ Зөрчлийн хуулиар цагдаагийн байгууллагаас торгуулж байсан. Гэхдээ тухай бүр нь шүүх дээр очоод хэрэгсэхгүй болдог. Энэ удаа ч гэсэн дайныг эсэргүүцсэн жагсаал цуглаан зохион байгуулсан гэдгээр өөрсдийнх нь хэлж буйгаар 4-5 Зөрчлийн хэрэг нь шалгагдаж байгаа юм.

Өчигдөр шүүх хуралдаан болж байхад, цагдаагаас залгаж мэдүүлэг авна гэх асуудал гарсан талаар өөрсдөө ярьж байна. Эдгээр залуусын зүгээс, энэ олон хэргийн процессийн явцад хар үгээр хэлэхэд төр нь “шууд зууж” явсаар байгаад Зөрчлийн хэргүүд нь хэрэгсэхгүй болоод ирэхэд үүссэн гэмт хэрэгт нь ял өгчихөж байна гэж хардах тал бий. Өнөөдрийн шүүх хурал шууд утгаараа дайныг эсэргүүцсэнтэй холбоотой хэрэг биш гэдгийг хэлье.

Зөвхөн 461 дүгээр анги руу орж хууль сахиулагчийн шаардлагыг биелүүлэхгүйгээр Д.Монголхүүг авч гарсан гэх асуудлыг ярьсан шүүх хурал. Өөрсдийнх нь хардлагыг шууд буруутгах, ор үндэслэлгүй зүйл биш. Гэхдээ би үүнийг шууд ийм, тийм гэж цохож хэлэх боломжгүй асуудал.

-Ярилцсанд баярлалаа.

Д.Амарбаясгалан: Э.Одбаяр нарын хоёр үйлдлийг прокурорын шатанд нэгтгэж, шүүх шийдсэнд гайхал төрж байна
Д.Амарбаясгалан: Э.Одбаяр нарын хоёр үйлдлийг прокурорын шатанд нэгтгэж, шүүх шийдсэнд гайхал төрж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.