Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Хишигдорж: Ногоон орчинг хараад сэтгэл нь баясаж байгаа хүмүүсийг харах сайхан байдаг

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
12 минут 19 секунд

Монголдоо хуулдаг амьд зүлэг тарьж,  хотын тохижилт, ногоон байгууламжид хувь нэмрээ оруулж яваа “СвеБау хаус” ХХК-ийн захирал Б.Хишигдоржтой ярилцлаа. Тэрээр энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдагаараа Монголдоо анхдаг болоод байгаа юм. Монголын анхдагчид ихэнх нь Булган аймгийн иргэд байдгийг бид мэднэ. Тэгвэл иргэн Б.Хишигдорж ч мөн Булган аймгийн иргэн аж. 

Бизнесийн санаагаа хаанаас олсон бэ? бизнесээ эхэлж байх үеийнх нь тухай эхэлж яръя

10 гаруй жилийн өмнө амьдралаа дээшлүүлэх зорилгоор ажиллаж амьдрах гэж Швед явсан. Швед улсад очиж угаагчаас эхлүүлээд барилгын салбар хүртэл олон төрлийн ажил хийсэн. Энэ ажлуудын дундуур зүлэг тарьдаг ажлыг мөн хийдэг байсан.Зүлэг тарьдаг ажил илүү сонирхолтой,  сайхан санагддаг байсан.  2012 онд эх орондоо ирээд монголынхоо нөхцлийг харахад ногоон байгууламж, зүлэгжүүлэлтийн тал дээр маш дутмаг харагдаж байсан.

Тэндээс л Шведэд байгаа хуулдаг зүлгийг эх орондоо яагаад нутагшуулж болдоггүй юм гэдэг бодол төрж бизнесийн санаагаа олсон.  

Тэгээд 2013 оны сүүлээр Швед рүү Монголынхоо хөрсний дээжийг авч яваад тэндхийн үр сортын компанид өгсөн. Манай монголын нөхцөлд таарсан үр сорт гаргаж өгөх боломж байна уу гэсэн хүсэлт гаргаж өгсөн.

Тэгээд жилийн хугацаанд тэд ямар ч хариу өгөөгүй. Жил хоёр сарын дараа “танай нөхцөлд таарсан үр сорт боловсрогдоод бий боллоо” гэсэн мэйл ирсэн.Ингээд 2015 онд үрээ авчраад анхны туршилтаа хийсэн. Туршилт амжилттай болж ургах боломжтой гэж үзсэн учраас ажлаа эхэлсэн.

Анх Өмнөговь аймгийн наадмын стадионыг зүлэгжүүлж байсан. Дараагийн жилээс нь хуулдаг зүлэгээ хийх тусгай талбай аваад зүлэгээ тарьж эхэлсэн.

Тэгээд цаашид нэлээн хэдэн аймгуудын наадмын талбай стадионыг Европ улсад хөл бөмбөг тоглодог тэр зориулалтын зүлэгний сортоор зүлэгжүүлсэн. Одоогоор тав зургаан аймгийн стадионыг зүлэгжүүлчихээд байна. Хажуугаар нь хуулдаг зүлэгээ өөр тусгай талбайд бэлтгээд хот суурин газруудын орон сууц, ААН, хотхон тосгонуудад суурилуулж байна. 

Хэдэн төрлийн сортын зүлэг тарьдаг вэ?

Шведүүд жилийн хугацаанд манай цаг уурын нөхцөл байдалд тааруулан олон төрлийн үр сортыг манай хөрсөнд тааруулж үзсэний эцэст  8-10 төрлийн холимог сортын үрийг гаргаж өгсөн.

Манайх одооогоор хоёроос гурван төрлийн сорт хэрэглэж байна.

Цэцэрлэгийн гаднах зүлэг гэхээр гудамж талбайд зарж байгаа сортын зүлэгнээс өөр байдаг. Тухайлбал харшил нөлөө өгөхгүй, зөөлөн талдаа үрний сорт байдаг.

Гудамж талбай болон хот тосгоны гадаа тавигдаж байгаа зүлэг гэхээр онцлог нь хөдөлгөөнт нөхцөлд тохирсон, бага халцардаг, гоёлынх талдаа болоод ирдэг.  

Цаашид оффис дотор байнгын дулаан нөхцөлд ургадаг, зүлэгний сорт оруулж ирвэл зүгээр юм уу гэж бодож байгаа. Учир нь хүмүүс ихээр асууж байна.

Зүлгээ арчлахад хамгийн чухал нь юу вэ? юун дээрээ илүү сайн анхаарах хэрэгтэй вэ?

Гол анхаарах зүйл арчилгаа байдаг.Зарим хүмүүс амьд гэдгийг нь мартаад арчилж торддоггүй. Үүнээсээ болж үхүүлэх тал гаргадаг.  

Гэхдээ бид манайхаар үйлчлүүлсэн хүн бүртэй байнгын харилцаатай байж, гарын авлага, зөвлөгөөг өгч ажилладаг.  Нэг айл байсан ч манайх орхигдуулахгүйгээр байнга холбоотой байж зүлэгний талаар услах, тайрах зэргийн зөвлөгөөг өгдөг.

Зүлэгээ тарьж, ургуулдаг технологийнхоо талаар тайлбарлаач?

Үндсэн байгалийнхаа хөрсийг хагалж, хог, чулуу гэх мэтийг нь ялгаж боловсруулалт хийдэг. Тэгээд тарих гэж байгаа газартаа тусгай үрслэгчээр үрсэлгээгээ суулгадаг. Ингээд эхний 1-2 удаагийн хөрсийг ашиглаад, гурав дахь удаагийнхаас нь тухайн хөрсөндөө нөхөн сэргээлт хийгээд дахин бэлдэж эхэлдэг.

Таван сарын сүүлээс үрсэлгээ хийгээд тарьсан байхад найман сарын 20-оос хойш хуулж авахад бэлэн болсон байдаг. Энэ хугацаанд маш их ажиллагаа явагддаг. Өдөр өдрийн цаг уурын байдал өөр учраас тухайн өдөрт нь тохирсон усалгаа, бордоо тайралт хийх, зэргээр арчлаад ургуулдаг.

Зүлэгнүүд шороо харагдахааргүй шигүү өтгөн барьцадмал болдог.

Нэг ургуулсан газраа дахиад ургуулдаг уу? өөр талбай руу шилжих үү?

Нэг газар дээр нэгээс хоёр удаагийн хөрсийг авна. Тэгээд эргээд тэр хөрсөө байгаль орчноос зөвшөөрөл авч хөрсжүүлэн нөхөн сэргээгээд эргээд тэр талбай дээрээ л тарьна. Байгалийн хөрсийг хуулж авлаа, дахиад өөр талбай дээр энэ бизнесээ хийх үү гэх зэргээр зарим хүмүүс асуудаг. Бид өөр талбай руу шилжихгүй. Бэлдсэн талбайдаа л дахин хөрсөө нөхөн сэргээгээд зүлэгээ тариад явна.

Түүнчлэн манайх одоогоор хоёр компани дээр уул уурхайн нөхөн сэргээлт хийж үзчихээд байгаа. Тэндээс цаашид ч уул уурхайн нөхөн сэргээлт хийх боломжтой юм байна гэдгийг харсан.

Зүлэг байгальд сөрөг нөлөөтэй юу? давуу тал нь юу вэ?

Энэ зүлэг ямар давуу талтай вэ гэхээр хамгийн гол нь байгаль орчинд сөрөг нөлөөгүй, хүн мал амьтанд сөрөг нөлөө байхгүй, эрүүл ахуйн олон улсын стандартад нийцсэн.

Швед улсад энэ үр сортыг гаргасан газраас  тодорхойлолт өгч, тэндхийн хөдөө аж ахуйн яамнаас бичиг гаргаж өгсөн. Энэ үр сорт нь монгол улсын нөхцөлд нийцсэн хилээр гарч дараагийн улс руу шилжихэд аюулгүй гэсэн.  Энд ирээд мөн шинжилгээнд өгч  мэргэжлийн хяналт зэргээр орсон. Тиймээс эрүүл мэндэд ямар ч сөрөг нөлөө байхгүй. 

Орон сууц болон ААН-үүдийн гадаах жижиг хэмжээний талбайд зүлэг муу ургадаг. Иймэрхүү нөхцөлд гадаадад бэлэн ургасан хуулдаг зүлгийг авчраад усалгаа хийгээд арчилж тавьдаг. Өөрөө бэхжчихсэн учраас цаашид амьдрах чадвар сайтай байдаг. Тэгэхээр манайд ч бас ингэж болно.

Байнгын ургалттай учраас тайралт хийхээр зүлэг маань эргээд шинэ болдог. Манай монголын нөхцөлд хавар зүлэг тарьсан ч намар доогуур нь газар ухаад зүлэг байхгүй болчихдог. Бохир усны хоолой хагарлаа гэх зэрэг засварын ажил явагддаг. Тэр үед энэ зүлгийг тавиад хуулж аваад эргээд тэр ажил дууссаны дараа тавих боломжтой.

Ус хэр их шаарддаг вэ?

Анх үрсэлгээ суулгаад ургах хугацаандаа нэлээд их ус шаардана. Харин ургачихсан хойноо бага ус шаарддаг. Нэг га талбайд нэг өдөрт 200 тонн усыг хэрэглэдэг.  

Хашаатай айлууд хашаандаа энэ үр сортыг тарьж ургуулах боломж байна уу? Танайх  сортоо зардаг уу?

Манайх үр сортоо зардаггүй. Яагаад гэвэл энэ үр сортыг ургуулж чадах чадахгүй хүн гэж байгаа учраас технологийн дагуу тарьж ургуулж чадахгүйн улмаас манай үрийг дэмий сорт байна гэх яриа хэл ам гарах вий гэхээс хамгаалдаг.

Үүнээс гадна бид өөрсдөө захиалж очиж хийлгэсэн хөдөлмөр, цаг хугацаа шаардсан патиент гэдэг утгаараа зардаггүй.

Харин үнэхээр том талбайг зүлэгжүүлэх болбол бид тухайн газрын хөрсийг бэлдээд тэнд нь үрсэлгээ хийж ургуулдаг.  Ингэвэл тухайн газарт арай хямд тусна. Учир нь бэлэн болсон зүлгийг зөөх, тээвэрлэх зэрэг нь арай илүү өндөр зардалтай болгодог.

Одоогоор хийгдсэн томоохон ажил?

Жил болгон том ажил гэх юм хийдэг л дээ. Жил болгон нэгээс хоёр аймгийн стадионыг зүлэгжүүлж байна. Ойролцоогоор 8000-1.2 га том талбайг зүлэгжүүлж бий болгодог.

Түүнчлэн тусгай талбай дээр таригдсан хуулдаг зүлэгээ захиалгын дагуу Улаанбаатар болон бусад орон нутгууд руу зөөвөрлөн очиж суулгаж байна.

Өнгөрсөн жил Өвөрхангай аймагт хоёр га газар, стадионтой нь цуг зүлэгжүүлсэн. Энэ жил Баянхонгор аймагт том том талбайг зүлэгжүүлэх чиглэлээр ажиллах гэж байна.

Ногоон орчинг хараад сэтгэл баясаж байгаа хүмүүсийг харах сайхан байдаг шүү.

Одоогоор танайхтай адил төрлийн үйл ажиллагаа явуулдаг компани бий юу?

Байхгүй. Ерөөсөө манайх л ганцхан байгаа.

Би өөрөө Булган аймгийн хүн. Энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдагаараа Монголдоо бас л анхдагч болчихож байгаа юм. /Инээв/

Нэг амьд зүлэг хэдэн жилийн насжилттай вэ?

Энэ зүлэг зөөвөрлөгдөөд айл эсвэл байгууллагын гадаа дэвсэгдлээ гэхэд хэд бол хэдэн жил болох боломжтой. Гол нь юуг анхаарах вэ гэхээр усалгаа, тайралт хоёрыг сайн тааруулж хийх хэрэгтэй. Энэ үр сортыг гаргаж өгсөн Шведийн судлаачид өөрсдөө “энэ зүлэг хэд наслахыг, хэдэн жил ургуулах нь тухайн зүлгийг авч байгаа хүнээс хамаарна” гэсэн. Тэгэхээр зүлгийг худалдан авч байгаа тухайн хүнээс хамаардаг гэсэн үг.Гэхдээ ер нь тийм хурдан муухай болж үхэхгүй.  

Та цаашид юуг зорьж байна вэ?

Гадаад оронд сайхан ногоон талбайнд хүн болгон зүлгэн дээр хэвтэж, ном уншиж, хөгжилдөн, тоглож байдаг. Тэгэхэд манай Улаанбаатарын ойр орчим тийм талбай ер байхгүй. Цэцэрлэгт хүрээлэн гээд байгаа ч яг ногоон зүлэгжүүлсэн талбай байхгүй. Гадаадын орчинд байгаа шиг тийм гоё ногоон орчныг бий болгохыг хүсдэг.

Хогийн цэгүүдийн хогийг ялган боловсруулахыг нь боловсруулаад булахыг нь булаад дараа нь нөхөн сэргээлт хийгээд хүмүүсийн чөлөөт цагаа өнгөрүүлэх гоё орчныг бүрдүүлэх боломжтой.

Би Туул голын эрэг дагуу ухаж түнхсэн газрууд, хогийн цэгүүд, том талбайд ногоон байгууламж хийх юмсан гэж хүсэж мөрөөддөг. Энэ талаар Нийслэлд ганц хоёр хүсэлт өгч байсан.Гэвч дэмжигдээгүй.

Танай зүлэг тарьдаг талбай хаана байдаг вэ?

Манайх Төв аймгийн Аргалант сумын нутаг Хүй Долоон Худгийн тийшээ газар аваад тэндээ үрсэлгээгээ хийж байгаа. Өөр газар байхгүй. Худалдан авагчдадаа ойрхон газар зүлгээ ургуулах нь аль альдаа хэрэгтэй гэж бодсон.  

Үнийн хувьд ямар байдаг вэ?

Нэг ам метр нь 25 мянган төгрөгийн үнэтэй. Энэ үнэд зөөвөрлөх, суулгах гэх мэт хөлс багтсан. Уг нь арчилгааг нь тооцвол харьцангүй боломжийн үнэ. 

Өлгий хотыг тойрон гарах зам, гүүрний нээлт боллоо
Өлгий хотыг тойрон гарах зам, гүүрний нээлт боллоо
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт - 15 хэм хүйтэн байна
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт - 15 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.