Сүүлийн үед УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн намынхаа бодлого, Засгийн газрын үйл хөдлөлийг чанга дуугаар шүүмжлэх болсон. Тодруулбал, өнгөрсөн зургаадугаар сард Үндсэн хуулийн цэцээс гаргасан сонгуультай холбоотой дүгнэлтийг эрс няцааж хүчтэй шүүмжлэгчийн дүрээр Цэцийн гишүүдтэй тулж, үүнийгээ шийдвэрлэхийг УИХ-ын даргаас удаа дараа шаардсан. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт чуулганы үеэр Хөгжлийн банк, Монголбанктай холбоотой зээлийн асуудалд Сангийн сайд Б.Жавхланг нэр холбогдсон, ашиг сонирхлын зөрчилтэй гэх асуудлыг гаргаж тавьсан билээ. Энэ нь улс төрийн хүрээнийхний дунд багагүй шуугиан тарьж Сангийн сайд хүртэл биеэ өмөөрөөд амжив. Мөн түүний ноцтой мэдэгдлийн араас зарим гишүүд байр сууриа илэрхийлсэн байдаг. Тухайлбал, УИХ-ын гишүүн Т.Доржханд “Ц.Даваасүрэн асуудал ярьж олны анхаарал татдаг хэр нь хэсэг хугацааны дараа чимээгүй болчихдог нь хардлага төрүүлж байна” хэмээн жиргээд амжив.
Тэгвэл Ц.Даваасүрэн гишүүний Сангийн сайдтай холбоотой ноцтой мэдэгдлийн араас улс төрийн хүрээнийхэн дунд өөр нэгэн сонирхолтой яриа гарч эхэллээ. Тодруулбал, түүнийг боомтын сайд, эсвэл УИХ-ын дэд даргын суудал горилж намын удирдлагуудаа “шантаажилж” эхэлсэн гэх мэдээлэл байна.
Хэдийгээр МАН авлига ашиг сонирхолын зөрчлөөс ангид байж, намын эсрэг байгаа нөхдөөсөө салах туйлын зорилготой ч харамсалтай нь “шантааж” хийсэн болгондоо албан тушаал амладаг нам болчихсон гэдэг шүүмжлэлийг саяхан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж эрх баригч намынханд хаягласан.
Үүнийг ч үгүйсгэх аргагүй юм. Учир нь Засгийн газар саяхан шинэ сайд нарынхаа томилгоог хийх үед хэд хэдэн хүн дээр дээрх агуулга ажиглагдлаа. Тухайлбал давхар дээлийг хамгийн их эсэргүүцэж байсан гишүүн Б.Бат-Эрдэнэ Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайдад нэр нь орж ирсэн цагаас хойш бүлх залгисан мэт чимээгүй болсон.
Түүгээр ч зогсохгүй ажлаа аваад удаагүй байгаа ХНХ-ын сайд А.Аюурсайхан эсэргүүцэж, шантаажилж, дарга нараа айлгадаг гишүүдийн тэргүүн эгнээнд бичигдэнэ. Тэрбээр Ц.Даваасүрэн Б.Бат-Эрдэнэ гишүүдийн адилаар Цэцийн дүгнэлт, давхар дээлний асуудлыг хамгийн их эсэргүүцэж байсан хүн.
Энэ агуулгаар намынхаа эсрэг дуугарч, дотроосоо “хонгио” үлээгчийн дүрд хувирсан Ц.Даваасүрэн гишүүний цаад зорилго нь албан тушаал хүртэх гэсэн санаархал байх магадлалтайг улстөрийн хүрээнийхэн ярилцацгааж байна. Хэдийгээр хэвлэлийн өмнө ил гарч “Ерөнхий сайдаас сайдын албан тушаалын санал ирсэн ч би аваагүй” хэмээн ярьж байгаа ч үнэн хэрэгтээ түүний хүсэл нь сайд, дарга болох амбицдаа дарагдаж яваа бололтой. Хэрэв Ц.Даваасүрэн гишүүнд ямар нэгэн томилгоо санал болгохгүй бол 2024 оны сонгуулиас урьтаж намаасаа гарах асуудлыг тэр хөндөх гэнэ. Өөрөөр хэлбэл, дараагийн сонгуульд эрх баригчийн дүрээр биш тэднийг эсэргүүцэгч бие даагчийн дүрээр орох мастер төлөвлөгөгөө мань хүн боловсруулжээ.
Ялангуяа сүүлийн үед эрх баригч намаас хийж хэрэгжүүлж байгаа ажлууд олон нийтэд таалагдахаа байж, шүүмжлэл дагуулан нэр хүнд нь үлэмж хэмжээгээр унав. Сонгууль хүртэл МАН-ын нэр нүүр дордоно уу гэхээс дээшлэхгүй нь ойлгомжтой. Тиймээс эртхэн шүүмжилж, муу муухайг нь дуудаж байгаад “Хөгжлийн банк, “давхар дээл”, тендер, концесс, бонд идсэн ийм балайр заваан намтай хамт байхгүй” гэх тайлбар нь түүнд ирээдүйд хэрэг болно. 2012 онд яг ийм улс төр хийж намаасаа гараад МАН-ыг баахан муулж байгаад бие даагчаар сонгогдсон. Дараа нь 2020 оны сонгуулийн өмнө МАН руугаа буцаад орсон түүхтэй.
Б.Мягмарсүрэн