Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан: Ирэх онд гадаад паспортыг цахимжуулна

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
4 минут 25 секунд

УБЕГ-аас ирэх онд иргэнтэй холбоотой зарим төрлийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж тоон гарын үсгээр дамжуулан хувийн дата мэдээллийн сан үүсгэх гэж байгаа талаар УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайханаас тодрууллаа.

-Иргэний мэдээллийг цахимжуулах ажил ямар шатандаа явж байгаа вэ. Байнгын хорооны хуралдаан дээр төрийн үйлчилгээний байгууллагууд мэдээллийн системийн уялдаа холбоогүй байдлаас болж иргэдэд хүндрэл үүсч байгаа асуудлыг хөндлөө. Тухайлбал, оршин суугаа хаягийн шилжилт хийхэд заавал хорооны тодорхойлолт цаасаар шаарддаг байдлыг хэзээ халах вэ?

-УБЕГ цаасан суурьт үйлчилгээг аль болох цахим болгох гэж хичээж байна. Энэ онд цахим шилжилттэй холбоотой дөрвөн хууль батлагдсан. Энэ хүрээнд нотлох эх баримтыг иргэн өөрөө юу гэж ойлгох вэ, биеэр яаж таниулах вэ гэдэг асуудлыг шийдсэн. Хууль ирэх оноос хэрэгжиж эхлэх учраас одоогоор бид 2018 онд батлагдсан хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 400 гаруй мянган иргэн тоон гарын үсгээ авсан байна. Тухайн иргэд өөрсдийн тоон гарын үсгээр дамжуулж цахим орчинд мэдээллээ таниулж байна гэсэн үг. Ингээд бүх иргэд тоон гарын үсэгтэй болчихвол бичиг баримтын лавлагааг цаасаар баталгаажуулж шаарддаг байдал арилах юм. Гэхдээ бүх цаасыг хална гэж ойлгож болохгүй. Улсын бүртгэлийн байгууллага хур систем дээр 69 төрлийн үйлчилгээ үзүүлж байна. Энэ бэлэн болсон үйлчилгээг бусад байгууллагууд татаж авч ашигласнаараа мэдээллийн уялдаа холбоо сайжирч, иргэнээс цаасан мэдээлэл шаардах асуудал хялбар шийдэгдэх боломжтой. Тэгэхээр байгууллагуудын мэдээлэл солилцох ажил муу байгаагаас иргэдэд хүндрэл учруулж байгаа нь үнэн.

-Ирэх онд иргэний ямар мэдээллийг шинээр цахимжуулахаар төлөвлөөд байгаа вэ?

-Ирэх онд хийгдэх хамгийн гол үйлчилгээ бол гадаад паспортыг цахимжуулах ажил байна. Монгол Улс 2021 оны арванхоёрдугаар сард Олон Улсын иргэний нисэхийн байгууллагад албан ёсоор элсэж энэ онд үндсэн бэлтгэл ажлуудаа хангалаа. Үүний нэг жишээ бол тоон гарын үсэг олгох ажил байлаа. Тиймээс цахим гадаад паспорт гэдэг бол тоон гарын үсгийг өөртөө агуулж байдаг. Энэ нь хуурамч бичиг баримт үйллдэх эрсдлээс хамгаалж байгаа нэг том дэвшил гэж хэлж болно.

-Хуурамч бичиг баримт үйлдэх эрсдлээс сэргийлэхийн тулд УБЕГ дотооддоо ямар хяналт тавьж ажилладаг вэ. Саяхан Худалдаа хөгжлийн банкнаас 2 сая ам.доллар залилсан этгээд хуурамч гадаад паспорт биедээ авч явж байсан тохиолдлыг цагдаагийн байгууллагаас тогтоосон. Гэтэл тухайн хуурамч бичиг баримтыг танай байгууллагын ажилтан “Х” хуурамчаар үйлдсэн нь тогтоогдож ажлаасаа халагдсан мэдээлэл бий. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Над дээр албан ёсоор танай ажилтан ийм гэмт хэрэгт холбогдлоо гэсэн бичиг ирээгүй байна. Магадгүй, шалгагдаж байгааг үгүйсгэхгүй. Улсын бүртгэлийн ерөнхий хууль дээр улсын бүртгэгч өөрөө бүртгэлийн үнэн зөвийг хариуцах ёстой гэж заасан байдаг. Хэрвээ ямар нэгэн байдлаар хуурамчаар бүртгэл үүсгэсэн тохиолдолд эрүүгийн хэмт хэрэгт тооцогдох ёстой.

-Түгээмэл гардаг ямар зөрчлүүд байна вэ?

-Тухайлбал банк, шүүх, төрийн зарим чиглэлийн байгууллагууд иргэнээс илүү мэдээлэл шаарддаг. Түүнтэй холбоотойгоор зарим бүрдүүлэх материал эх нотлох баримтуудыг аваагүй орхигдуулах тохиолдол их бий. Мөн зарим төрлийн баримт бичиг дээр гарын үсэг зурж баталгаажуулаагүй байх зөрчлүүд ч гардаг.

Улаанбаатарт 2 хэм дулаан байна, үүлшинэ
Улаанбаатарт 2 хэм дулаан байна, үүлшинэ
 
Гадна зар сурталчилгаа, хаягийн стандартыг мөрдүүлж байна
Гадна зар сурталчилгаа, хаягийн стандартыг мөрдүүлж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.