Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 12-16-ны өдрүүдэд ХБНГУ-д айлчилсан. Айлчлалын үеэр Ерөнхий сайд сэргээгдэх эрчим хүчний төслүүд, газрын ховор элемент, аялал жуулчлал зэрэг олон чиглэлээр ХБНГУ-тай яриа хэлцэл хийлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс айлчлалын үр дүнгийн талаар зарим зүйлийг тодрууллаа.
-Европын орнууд дахь албан ёсны анхны айлчлалаа Герман Улсаас эхлүүлсэн. Айлчлалын гол зорилго биелсэн гэж харж байна уу?
-Монгол Улс дэлхийд олон тулгуурт гадаад бодлоготой улс. Сүүлийн жилүүдэд цар тахлын нөхцөл байдал дэлхийн геополитик нэн хурцдаж буй цаг үе тохиож байна. Энэ үед Монгол Улсын гадаад харилцаа тэнцвэртэй бөгөөд идэвхтэй байх ёстой. Энэ агуулгаараа Европын холбооны орны гол түнш болсон Герман Улсад албан ёсны айлчлал хийсэн.
Эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлээр олон зүйлүүд дээр санал солилцлоо. 2024 онд Монгол Улс, ХБНГУ дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохионо. 50 жилийн ойгоо тэмдэглэх, илүү бүтээлч байдлаар шинэ 50 жилийг эхлүүлэх тал дээр санал солилцсон.
Санал солилцсон төслүүдийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчний төслүүд, тэр дундаа эрчим хүчний хараат байдлаас хэрхэн гарах тал дээр нэлээдгүй саналуудыг солилцлоо. Энэ хүрээнд "Тавантолгой" цахилгаан түгээх станцын төсөл мөн өмнийн говьд хэрэгжиж байгаа бусад сэргээгдэх эрчим хүчний төслүүд болон бусад төслүүдтэй холбоотой асуудлаар санал солилцсон. Багийн хувьд томоохон эрчим хүчний төслийг эхлүүлэхээр болж байгаа. Энэ хүрээнд хэрхэн хамтарч ажиллах вэ гэдгийг хамтран хэлэлцсэн гэж хэлж болно.
Хоёрдугаарт, шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд аж үйлдвэржилтийг сэргээхээр ХБНГУ-тай илүү хамтарч ажиллах ёстой гэж байгаа юм. Шинэ сэргэлтийн бодлогын зургаан гол зорилгын нэг болох эрчим хүчний хувьд мөн хот хөдөөгийн хөгжлийг тэнцүү хангах хүрээнд тээвэр ложистик, боомтын сэргэлтийн хүрээнд, мэдээлэл технологитой холбоотой асуудлаар мөн мянган инженерийг ХБНГУ-тай хамтран үе шаттайгаар бэлтгэнэ. Энэ бол туйлын чухал.
Манайх инженерүүдийн дутагдалд орсон байна. Цаашилбал, бидэнд 30 гаруй мянган инженер хэрэгтэй болно. Эдийн засаг тэлэх тусам инженерийн хомстолд орох нөхцөл байдал байгаа. Энэ тал дээр Монгол Улсын Засгийн газар герман хэлний мэдлэг түвшинд илүү хариуцлага хүлээж, Герман хэлний бэлтгэл хангагдсан тохиолдолд Герман улсын Засгийн газрын энэ мэргэжилтэнгүүдийг шалгаруулдаг, бэлтгээд Монгол Улсын тэргүүлэх салбарууд дээр аваачих явах нь чухал гэж үзэж болно.
Мөн аялал жуулчлалын салбар байна. 2023 оныг Монгол Улс "Монголд зочлох жил" болгон зарласан. Аялал жуулчлал бол төрөлжин хөгжих боломжтой эдийн засгийн гурав дах том салбар. Хоёр дахийг нь хөдөө аж ахуй гэж ойлгож байгаа. Нөгөө талаараа аялал жуулчлалын хувьд зөвхөн эдийн засгийн салбар гэлтгүй Монгол Улсын соёлын дархлаа зөөлөн хүчний бодлоготой холбоотой асуудал. Монгол Улсыг дэлхий нийт илүү таних тусам ардчилал, бүрэн эрхт байдал илүү хамгаалагдана. Энэ утгаараа 2023 онд Монгол өөрийгөө дэлхий сурталчилан таниулах зорилго тавьсан. Энэ хүрээнд ХБНГУ-тай хамтран ажиллах мөн иргэд хоорондын болон ААН хоорондын хамтын ажиллагааг илүү хөгжүүлэхээр ярилцаж тохиролцлоо. Үүн дээр Канцлер Олаф Шольцын хувьд нэлээдгүй үүрэг гүйцэтгэхээ амлаж, ярилцсан. Дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ойн хүрээнд ХБНГУ-ын Ерөнхийлөгчийг Монгол Улсад айлчлахыг урьсан. Хэд хэдэн баримт бичгүүдэд гарын үсэг зурсаны нэг нь нийтийн тээврийг шинэчлэх, нийтийн тээвэрт Европ стандартыг оруулах, мөн тээвэртэй холбоотой хоёр орны хөрөнгө оруулалт хамтын ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр цахим шилжилт болон зам тээврийн яам нь хамт байдаг юм байна.
Энэ яам хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурахаар Монголд нэгдүгээр сард очихоор болсон. Очихдоо Улаанбаатар хотын нийтийн тээврийг үнэлж, авто замын түгжрэлтэй холбоотой Германы стандартаар хэмжилт хийнэ. Ингэхээр хамтарсан шийдэл гарна. Нийтийн тээврийн асуудалд 2023 онд нэлээдгүй анхаарал хандуулахаар болж байгаа.
Энэ хүрээнд бид евро стандарт бүхий цахилгаан автобус руу орох боломжийг судалж үзэхээр болсон гэж хэлж болно. Энэ хэмжээний өөрчлөлтийг бид хийж чадвал Монгол Улсын ирээдүйн нийтийн тээвэрт томоохон өөрчлөлт хийгдэнэ. Үнийн зөрүү тал дээр Германы Засгийн газартай хамтран ажиллана гэж ярилцсан.
Эдийн засаг, хөгжлийн сайд нь цаашид хамтарч ажиллана. Ингэхдээ хамтын ажиллагааны хүрээнд нэлээн томоохон ААН-үүдийг хамарч ажиллах тохиролцоонд хүрлээ. ААН гэхээр манай улс өмнө нь зурагдсан гэрээнүүдээс өөр байдлаар ажиллах гэж байгаа. Хөрөнгө оруулагчдыг гомдоосон асуудлууд байна. Энэ агуулгаараа томоохон хөрөнгө оруулагчидтай нь биечлэн уулзлаа. Заримд нь тайлбар хийлээ. Ер нь цаашид бид гаднын хөрөнгө оруулагчдын орчинг тогтвортой болгож, хамгаалахгүй бол хэлсэндээ хүрдэггүй, байр суурь нь өөрчлөгддөг, тогтворгүй гэдэг дүр төрхийг сүүлийн 20 жил гадаад талдаа өгсөн байна. Үүнийг бид хамтдаа өөрчлөх ёстой. Монголчууд за гэсэн бол за гэдгээрээ л байх имижийг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай. Ийм өргөн цар хүрээний агуулгатай айлчлал боллоо гэж дүгнэж байна.
2009 оноос хойш гэж үзвэл 10 гаруй жилийн дараа Гүйцэтгэх засаглалын тэргүүн Герман улсад ажиллаж байгаа. Цаашид давтамжийн хувьд нэмэгдүүлэх шаардлагатай. Монгол Улсын хувьд Ази, Европын гол түншүүд тэр дундаа ХБНГУ үнэнхүү чухал үүрэгтэй. Тиймээс энэ цаг үедээ л бид идэвхтэй гадаад бодлогыг хамгаалж хадгалах нь туйлын чухал.
-Гадаад худалдааны тэнцэл 10, 90 хувийн харьцаатай тогтворгүй байна гэж байгаа. Германы сайдын хэлж байгаачлан эрчим хүчний бодлого маш дутагдалтай байна гэж ярьж байна. Монгол Улс эрчим хүчний тал дээр Монголоос Герман руу нийлүүлэх эдийн засгийн бараа бүтээгдэхүүн талаас ямар гарц шийдэл байна вэ?
-Ирэх жил бид дэлхийд дөрөвдүгээрт ордог гүний уурхайг ашиглалтад оруулахтай холбогдуулан зэс боловсруулах үйлдвэрийн хамтын ажиллагааны талаар Канцлер Олаф Шольц нэлээдгүй олон асуултыг асуусан. Мөн дэлхий нийт өөрөө тээвэр цахилгаанжиж буй энэ үед газрын ховор элементүүд чухал. Манайд газрын ховор элементийг ашиглаж байсан тохиолдол байхгүй. Энэ бол стратегийн чухал бүтээгдэхүүн гэж ойлгож болно. Тиймээс маш өндөр технологи шаарддаг. Газрын ховор элементийг боловсруулах, хагас боловсруулах хүрээнд хамтарч ажиллана. ААН-үүдийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал гэж харж байгаа.
Япон улстай ус төрөгчийг хөгжүүлж ажиллана гэдэг бол ирээдүйд хүмүүс нүүрс худалдан авахаа болих үед ирээдүйд нүүрсийг илүү шинэ түвшинд аваачиж өндөр технологиор боловсруулна.
Өнөөдөр Герман улстай ярьж байгаа бол ирээдүйд бид шилжинэ. Энэ хүрээнд манай улс газрын ховор элементийг үйлдвэрлэх хэмжээнд хүрч чадвал өөрөө стратегийн бүтээгдэхүүн гаргах боломжтой. Одоо Монголчууд юм гуйгаад байхаасаа илүү харилцан ашигтай хамтын ажиллагааны стратегийн түншлэл олох чухал. Энэ агуулгаараа Герман улсын ч бас харилцан ашигтай хамтын ажиллагаа болно. Энэ харилцан ашигтай хамтын ажиллагааг гол хоёр зүйл нь зэсийн үйлдвэр, автомашины цахилгаан холбогдоно. Нийтийн тээврээс авахуулаад цахилгаан автомашиныг идэвхтэй дэмжих төлөвлөгөөг манай улс илүү барьж тодорхой алхмуудыг хийх боломжтй гэж хэлж болно. Манай улс Европын холбоотой хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх нь чухал. Тэр дундаа Герман стандарт. Бид одоо дандаа хямдхан асуудлыг аргалах байдлаар бус чанартай, цөөн гэх зарчим барина. Автозамын чанар, үйлдвэрлэлийн. чанар, нийтийн тээврий чанар, гүүр барихаас авахуулаад төмөр замын төслүүдийг ч евро стандартыг гүйцэж очих хэмжээний байх ёстой. Тэгэхгүй бол бид хямдхан гээд одоо байгаагаар зам тавьдаг. Нөгөө зам нь хоёр жилийн дараа эвдэрчихдэг биш, бид ер нь хамтдаа тооноос чанарт гэдэг агуулга руу дөхөж байгаагаараа энэ удаагийн айлчлал онцлог болж байгаа юм.
-Манай улс өөрөө эрчим хүчний хараат улс шүү дээ. Хараат байдлаасаа гарахын тулд Тавантолгой цахилгаан станц, Эгийн гол, Эрдэнэбүрэн зэрэг төслүүдээ урагшлуулах ёстой. Гэтэл Тавантолгой дээр ахиц гарахгүй байгаа шүү дээ. Тавантолгой цахилгаан станцын төсөл дээр хамтарч ажиллана гэж ойлголоо?
-Ирэх жил 3-4 эрчим хүчний төсөл үргэлжилнэ. Үүний дотор Тавантолгойн цахилгаан станц багтана. Манай Засгийн газрын хувьд хөдөлгөөд дундаас нь гацдаг, шинэ зүйл эхлүүлэх гэж яардаг биш өмнө нь гацсан техник эдийн засгийн үндэслэлүүдээ сайжруулж, урагшлуулж байгаа гэж бодож байгаа.
Энэ хүрээнд Тавантолгой цахилгааны станц ирэх жил хөдөлнө.
Хөдлөхдөө сэргээгдэх эрчим хүчтэй хосолсон байдлаар, санхүүжилтийн хувьд БНХАУ эсвэл Европын холбоо, бусад улстай түншлэх, эсвэл хөрөнгө оруулагчаар ирсэн компанитай хамтарч ажиллана гэсэн 2-3 хувилбар байгаа. Аль аль нь боломжтой. Аль нь илүү чанартай, урт настай байна гэдгийг харж хувилбараа сонгоно. Тавантолгой цахилгаан станцын хувьд илүү аж үйлдвэржих процесс дээр чухал учраас энэ төсөл хийгдэнэ. Ямар ч байсан Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцын ажил заавал явах ёстой.
Бид нэг зүйлийг маш сайн анзаарах ёстой. Монгол Улс гарын үсэг зурахаасаа өмнө бодох ёстой. Энэ хүрээнд маш их шүүмжлэл, мэтгэлцээнүүд гарна. Энэ бол зүй ёсны асуудал. Нэгэнтээ зурсан бол түүндээ хатуу зогсдог байх ёстой. Тэгэхгүй бол нэг хүн эсэргүүцээд зогсоочихдог олон улсын төсөл гэж байж болохгүй. Хоёр парламентын гишүүн эсэргүүцээд зогсоочихдог төсөл гэж байж болохгүй. Ингэвэл цаашид Монгол Улсад хэн ч итгэхээ болино. Хэн ч итгэхээ болино гэдэг бол одоо байгаа нөхцөл байдал дээрээ удаан үлдэнэ гэсэн үг. Тиймээс бид илүү үсрэнгүй хөгжиж, ДНБ-ээ тэлэхийн тулд зайлшгүй гаднаас хөрөнгө оруулалт татах ёстой. Гэхдээ хэлсэндээ хүрдэг эрх зүйн орчинтой байх ёстой.
Аль Засгийн газар байх хамаагүй. Хэн Ерөнхий сайд байх нь хамаагүй. Аль намын Засгийн газар байх нь ч хамаагүй. Монгол Улсын Засгийн газар гэдгээр олон нийт харна.
Манайх дотор талдаа тогтворгүй, Ерөнхийлөгч нь өөр намаас байсан, өөр нам ялсан гэх дуулиан олон улсад хамаатай зүйл биш шүү дээ. Бид бөөнөөрөө л Монгол Улс. Тиймээс улс төрийн намын удирдлагуудыг ч уриалмаар байна. Бид маш тогтвортой бодлоготой байх ёстой. Герман улс ч энэ агуулгаараа олон олон асуудал дээр алдаа гарсан. Энэ байдлыг засаад л байна. Монгол Улс харилцан ашигтай хамтарч чаддаг. Монгол Улс за гэж хэлсэн бол, гарын үсэг зурсан бол түүндээ байдаг гэдгээ батлан харуулах ёстой.
-Канцлер Олаф Шольц хэлэлцээ хийсний дараа хоёр орны сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэр та "ОХУ дайнаа зогсоох ёстой" гэх агуулгыг илэрхийлсэн. НҮБ-ын Ассамблей дээр манай улс түдгэлзсэн байр суурь илэрхийлсэн. Энэ мэдэгдлийг дагаад магадгүй ОХУ-аас эрчим хүч, шатахуун зэрэг хараат зүйлс дээр болгоомжлол байна?
-Монгол Улсын байр суурь хэвээрээ байгаа. Гэхдээ манай улсын хувьд энх тайвны төлөө байгаа. Сая яригдсан асуудлууд илүү энх тайвны, дипломат аргаар шийдэх уриалгыг дэвшүүлсэн. Бид үүнийг ОХУ-ын удирдлагуудтай уулзахдаа ч илэрхийлсэн. Өнөөдөр Европын холбоо, Германы удигрдлагуудтай уулзахдаа ч илэрхийллээ. Энх тайван, зөвшилцлийн аргаар шийдээсэй. Монгол Улс геополитикийн хурцадмал нөхцөл байдлыг эв нэгдлийн аргаар, зөвшилцлийн ширээний ард сууж шийдээсэй гэж хүсэж байгаа. Яагаад гэвэл зөрчилдөөнт байдлаас хожих нэг ч улс байхгүй. Хамгийн их хохирол хүлээх нь хөгжиж байгаа улс орон.
Г.Лхагвадорж