Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Канцлер Олаф Шольцын урилгаар тус улсад энэ сарын 12-16-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна.
Айлчлалын талаар тус айлчлалынбүрэлдэхүүнд яваа Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатараас тодрууллаа.
-Ерөнхий сайдын айлчлал амжилттай үргэлжилж байна. Айлчлалаар ямар асуудлууд хэлэлцэгдэх вэ. Гол анхаарч ач холбогдол өгч буй ямар хэлэлцээрүүд байна вэ?
-Ерөнхий сайдын ХБНГУ-д хийж буй айлчлалын хүрээнд бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа. 2011 онд Монгол Улс Герман улстай ашигт малтмалын салбарт хамтарч ажиллах гэрээ байгуулж байсан. Өнгөт металл, хар металл, газрын ховор, уул уурхайн салбарын бүтээгдэхүүн боловсруулах чиглэлээр хамтарч ажиллах гэрээ байгуулж байсан. Уг гэрээний хүрээнд өнөөдөр бизнес эрхлэгчидтэй уулзаж, цаашдаа яаж хамтарч ажиллах, ямар салбаруудад ажиллаж болох талаар ярилцсан.
Герман улс бол автомашин үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч улсын нэг. Үүнтэй холбоотойгоор цахилгаан машин үйлдвэрлэх зэс, өнгөт металлын үйлдвэрлэлээр Монгол Улстай хамтарч ажиллах боломжууд нээгдэж байна. Энэ чиглэлээр голчилж ярилцлаа. Үүнээс гадна Германы эдийн засгийн хамтын ажиллагааны Төрийн нарийн бичгийн дарга Монгол Улстай хамтарч ажиллах чиглэлээр ярьж байсан. Үүнтэй холбогдуулан сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр Монгол Улсад тодорхой хөрөнгө оруулалт хийхээр бэлдэж байгаа. Бас тодорхой хэмжээний ажлыг хийчихсэн байна. Мөн бизнес эрхлэгчидтэй уулзаж, тулгамдаж байгаа асуудлын талаар ярилцлаа.
Уул уурхайн салбарт хайгуул хийх, мөн чиглэлээр гадаадын хөрөнгө оруулалтыг татах ажил хийж байгааг ярилцсан.
-Албан ёсоор тохиролцоонд хүрсэн гэрээ хэлцлийн талаар мэдээлэл өгвөл?
-Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр Монголд үйл ажиллагаа явуулж байгаа ААН, компаниудтай уулзсан. Сүүлийн хэдэн жил Герман улсад албан айлчлал хийгдээгүй байгаад одоо хийгдэж байна. Тиймээс чухал ач холбогдолтой. Эдийн засаг, бизнесийн чиглэлээр хоёр улсын хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд нэлээд анхаарч ажиллаж байна. Монгол Улстай Ази тивд стратегийн түншлэлийн хэмжээнд ажилладаг улс гэвэл Япон, Өмнөд Солонгос, Энэтхэг байна. Европ тивд Герман улс стратегийн түншлэлээр бүх чиглэлээр хамтарч ажиллана гэж бодож байна.
-Монгол Германы хувьд хүнсний, технологийн чиглэлээр бизнесийн хамтын ажиллагааг эрчимжүүлж ажиллахад эдийн засаг болон газар зүйн байршлын хувьд ямар боломжууд байдаг вэ?
-Газар зүйн хувьд нэлээд зайтай. Тэгэхээр яажМонголоос оруулах боломжтой вэ гэдэг талаас нь ярилцана. Хүдрийг нааш нь зөөнө гэвэл боломжгүй. Тэгэхээр бэлэн бүтээгдэхүүн болгоод оруулвал их хэмжээний шороо зөөх шаардлагагүй. Тиймээс бэлэн бүтээгдэхүүн оруулах талаар ярилцсан. Ерөнхий сайд 2023 оны төсвийг өргөн мэдүүлэхдээ “Монгол Улс боловсруулах түвшингээ нэг шат ахиулна” гэдгээ хэлсэн. Үйлдвэрлэлээ хөгжүүлсэн улсуудтай хамтрах, тэдний туршлагыг ашиглаж, хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр идэвхтэй ажиллаж байна.
Г.Лхагвадорж