Засгийн газраас 2023 оны төсвийг дагалдах хуулиудын хамт өргөн барьсан.Улмаар чуулганаар төсвийн хэлэлцүүлэг эд өрнөж буй. Үүнтэй холбогдуулан Эдийн засагч Б.Мөнхсоёлтой ярилцлаа.
"Төсвийн алдагдал нь "Төсвийн тогтвортой байдлын тухай хууль"-д тусгасан тусгай дүрмийн заалтуудыг зөрчиж магадгүй байна"
-Ирэх оны төсвийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байгаа. 2023 оны төсвийн төсөлд ямар байр суурьтай байна вэ?
-2023 оны төсвийн жил маш чухал. Учир нь хоёр жилийн дараах цар тахлын хүнд нөхцөл байдлаас шалтгаалах зүйлс бий. Мөн геополитикийн буюу Орос-Украины зөрчилтэй нөхцөл байдлын үеийнх гэдгээрээ маш анхааралтай байх ёстой. Нөгөөтээгүүр Монгол Улсын эдийн засаг хямралтай байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын гадаад өр өндөр хэвээрээ байгаа.
Ирэх оны эдийн засгийг 5 хувь байна гэж төсөөлсөн. Үүн дээр үндэслэн орлогыг маш өөдрөгөөр төсөөлөн төсвийг оруулж ирж байгаа. Зарлага талдаа 20.5 их наяд төгрөг, харин орлого 19 их наяд төгрөг, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 1,55 их наяд төгрөг байгаа. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулахад 2,8 хувийг эзэлнэ.
Гэтэл бодит нөхцөл байдал дээр олон улсын байгууллагуудын зүгээс Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 5 хувиас бага байна гэх прогноз гаргаж байгаа. Тэр утгаараа төсвийн алдагдал нь "Төсвийн тогтвортой байдлын тухай хууль"-д тусгасан тусгай дүрмийн заалтуудыг зөрчиж магадгүй байна.
"Дотоодын ААН-үүдийн бизнесийн болон бусад орчин болон бусад байдлыг харахад татварын орлого төсөөлсөн шиг бүрдэх эсэх нь эргэлзээтэй байна"
-Төсвийн орлогыг хэт өөдрөг төсөөлсөн гэлээ. Орлого дутах бодит эрсдэл үүснэ гэж ойлгож болох уу?
-Манай улсын экспортын гол эрдэс баялаг, түүхий эд ердөө зэс, нүүрс, алт шүү дээ. Гэтэл зэсийн баяжмалын үнийг өндөр байсан үеийн үнэ буюу 8400 ам.доллароор тооцсон байдаг. Гэтэл бодит байдал дээр энэ үнээс унасан үзүүлэлттэй байгаа. Цаашилбал, БНХАУ-ын зах зээл дээр манай экспортын гол эрдэс баялгийн бүтээгдэхүүнүүдийн эрэлт багасаж, улмаар үнэ буурах хандлагатай байна. Ийм учраас төсвийн орлого дутах эрсдэлтэй. Мөн төсвийн гол бүрдүүлэгч нь татварын орлого байдаг. Нийтдээ 82 орчим хувийг татвараас бүрдүүлдэг. ААН, хүн амын орлогын албан татвар, НӨАТ, АМНАТ гээд гол татварууд бий. Гэтэл дотоодын ААН-үүдийн бизнесийн болон бусад орчин болон бусад байдлыг харахад татварын орлого төсөөлсөн шиг бүрдэх эсэх нь эргэлзээтэй байна.
"2010-2018 онд эхэлсэн барилгууд нийт хөрөнгө оруулалтын 8.4 хувийг эзэлж байна"
-Ирэх онд шинээр хөрөнгө оруулалт байхгүй, өмнөх онуудад эхлүүлсэн бүтээн байгуулалтуудыг дуусгахаар төлөвлөж байгаа. Энэ нь төсвийн хэмнэлттэй уялдаж чадаж байна уу?
-Бидний хамгийн шүүмжлэлтэй ханддаг халамжийн хавтгайрал буюу төсвийн зардлыг харахад зорилтод бүлэг рүүгээ чиглэж, хөдөлмөрийг дэмжсэн байдлаар орж ирж чадаагүй гэж харж байна. Төсвийн хэмнэлтийн бодлого барьж байгаа гэх боловч эргээд харахад бодит байдал дээр тусгалаа олоогүй.
Хөрөнгө оруулалтын зардал дээр 300 тэрбум төгрөгийн үнийн зөрүүг оруулж тооцож 3 их наяд төгрөг хуваарилсан. Ирэх онд шинээр хөрөнгө оруулалт оруулахгүй гэж байгаа боловч 2010 оноос хойш он дамжиж явсан төслүүдийг санхүүжүүлж байгаа. Нэн шаардлагатай биш ч санхүүжилт тусгасан соёлын төвийн барилгууд байсаар л байна. Түүнчлэн 380 тэрбум төгрөгийг Засаг даргын оффис гэх мэт конторын шинжтэй барилгуудад зарцуулах тооцоолол бий. 2010-2018 онд эхэлсэн барилгууд нийт хөрөнгө оруулалтын 8.4 хувийг эзэлж байна. Энэ бүхнийг үнэлж, мониторинг хийж байж цааш үргэлжлүүлэх эсэхийг шийдэх ёстой асуудлууд харагдаж байна.
"Хос дансны алдагдалтай байна гэдэг улс орны хувьд том асуудал"
-Төсвийн орлого дутах магадлалтай гэсэн шүү дээ. Тэгвэл төсвийн зардлыг эргэн харах шаардлага үүсэж байна уу?
-НДС дээр 3.2 их наяд төгрөгийн орлого төсөөлсөн атал зарлага нь 3.75 их наяд төгрөг байна. Зөвхөн НДС-д гэхэд 500 сая төгрөгийг татаасаар өгөх нь шүү дээ. Маш олон татаас эсвэл өр зээлээр төлөх төсвийн зарлагын шинжтэй зүйлс байна.
Урсгал зардал, төсвийн алдагдал хоёр сүүлийн 12 жилийн 10 жилд нь хасахтай гарсан. Хос дансны алдагдалтай байна гэдэг улс орны хувьд том асуудал. Үүн дээр анхаарахын оронд орлогоо хэт өөдрөгөөр төсөөлж, нөгөө талаас зарлагаа тэлчихсэн данхгар төсөв оруулж ирсэн.
Аль болохоор алдагдлыг тэг рүү тэмүүлүүлж, орлогоо бодитоор тооцож, зарлагаа хасах шаардлагатай гэсэн байр суурьтай байна.
Төсвөөс гадуурх атлаа төсвийн шинжтэй асуудлуудыг шийдэх ёстой. Энэ асуудлыг цэгцлэх нь зөв гэдгийг аль 2017 онд ярьж байсан. Жишээлбэл, Хөгжлийн банк ч юм уу бусад сувгуудаар гарч буй төсвүүдийг нэгтгэж нэгдсэн төсөвтөө оруулахгүй бол дүн шинжилгээ хийж болохгүй, орлогоо нарийн тооцож чадахгүй, хий зарлага гарах байдал давтагдсаар байна. Төсөв дотор эзлэх хувь нь маш том байхуйц мөнгөний дүн яригддаг. Ил тод байдлыг хангаж, засаглалын асуудлыг шийдвэрлэх ёстой. Нэг хүн шийдэж байна уу, хэрхэн засаглаж байгааг харах нь зүйтэй.
"Хүүхдийн мөнгө авдаг нийт айлуудын 33 хувь нь шууд хадгалдаг гэдэг нь хүүхдийн мөнгө хэрэгцээгээ олохгүй байгаагийн нотолгоо"
-Ирэх оны төсөвт бодлогын чанартай хэд хэдэн өөрчлөлт орж ирсэн. Тухайлбал, хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 90 орчим хувьд нь олгоно гэж байгаа шүү дээ. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Хүүхдийн мөнгийг заавал 91 хувьд нь олгох шаардлагагүй. Үүнийг 80 хувь руу дөхүүлэх ёстой. Учир нь нийт хүүхдийн 80 хувь нь мөнгөө авч байгаа нь эмзэг бүлгийн, орлого багатай, зорилтот бүлэгтээ очих болно. Болж өгвөл инфляц ихээр нөлөөлж буй өрхийн хүүхдийн мөнгийг 120 мянган төгрөг, дараагийн 20 хувьд нь 100 мянган төгрөг, түүний дараагийн 20 хувьд нь 80 мянган төгрөг гэх байдлаар зохицуулалт хийж нийт 80 хувьд нь олгох зөв гэж харж байна.
Нийт хүүхдийн мөнгө авдаг айлуудын 33 хувь нь шууд хадгалдаг гэдэг нь тогтоогдсон шүү дээ. Энэ нь хүүхдийн мөнгө хэрэгцээгээ олохгүй байгаагийн нотолгоо болж байна.
"Шаталсан татвар нийт татварын орлогод дорвитой нөлөөлөхгүй"
-Мөн шаталсан татварын тогтолцоо хэрэгжихээр болж байна шүү дээ?
-Шаталсан татварын гол зорилго нь орлого олохдоо чухал биш татварын реформыг эхлүүлж байгаа нь чухал гэж Сангийн яамнаас тайлбарласан. Шаталсан татвар гэхээр хүмүүс бүгдийнх нь татвар нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байгаа. Бодит байдал дээр сард 10 сая төгрөгөөс дээш орлоготой хүмүүсээс өссөн дүнгийн хэмжээгээр нэмэгдүүлнэ шүү дээ. Энэ нь нийт татвар төлөгчдөд хүчтэй нөлөө үзүүлэхгүй. Мөн татварын орлогод дорвитой нөлөөлөхгүй. Зорилго нь зөв буруу эсэхийг хэлж мэдэхгүй юм.
"Мөнгөний бодлогыг төсвийн бодлогоор дэмжихгүй бол үр дүн гарахгүй"
-Сангийн яамны тайлбарлаж байгаагаар төсвийн бодлогыг мөнгөний бодлготой уялдуулж төслийг боловсруулсан гэж байгаа. Үүнийг хэрхэн дүгнэж байна?
-Инфляц өндөр байгаа энэ үед манайх шиг импортлогч, хараат эдийн засагтай улс зөвхөн мөнгөний бодлогоор валютын ханш эсвэл инфляцыг барьж, эдийн засгийг тогтворжуулахад хүнд. Тийм учраас төвийн бодлогыг тэлэлгүйгээр мөнгөний бодлогыг дэмжиж, анхааралтай хандах хэрэгтэй. Энэ асуудал мөнгөний бодлогын чиглэлд тусгагдсан байгаа. Товчхондоо мөнгөний бодлогыг төсвийн бодлогоор дэмжихгүй бол үр дүн гарахгүй.
- Ярилцсанд баярлалаа.