Үндэсний аудитын газар Төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн бодлогын хэрэгжилт, үр дүнд шалгалт хийсэн тайлангаа Байнгын хорооны хуралдаанаар танилцуулсан байдаг. Тайланд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зарим өр авлагын мэдээлэл устсан, тухайн байгууллага үндсэн чиг үүргийнхээ дагуу ажиллаагүй зэрэг асуудлыг тусгасан нь байнгын хороодын зарим гишүүдийн шүүмжлэлтэй тулгарсан юм. Тэгвэл өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар Үндэсний аудитын газраас хийсэн дээрх тайланг чуулганаар авч хэлэлцэх шаардлагатай гэдэг байр суурийг илэрхийлээд буй.
Энэ талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатараас тодрууллаа.
-Төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн бодлогын хэрэгжилт, үр дүнг аудит хангалтгүй гэж үзсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-“Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл" хуульд заасан үндсэн чиг үүргээ гүйцэтгээгүй байна гэдгийг Үндэсний аудитын газар маш сайн дүгнэж гаргаж ирсэн. Тухайлбал, хуульд заасан 7 чиг үүргийнхээ ердөө хоёрынх нь биелэлтийг хангасан нь мөнгө төсөвлөж, түүнийгээ тараах үүргээ л биелүүлсэн байгаа юм. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төрөөс нэг ч төгрөг төсөвлөөгүй. Гэтэл сангийн 182 тэрбум төгрөг хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болчихож. Үүнийгээ сангийн удирдлагууд тайлбарлахдаа програм дээр алдаа гарснаас үүдэж зээлдэгч нарын мэдээлэл устсан гэж тайлбарлаж байна. Гэтэл тухайн 182 тэрбум төгрөгийн ихэнх нь гадаадын ажилчдын төлбөр. Үүнээс системийн алдааг засварлаж сэргээхийн тулд “ЭМ СИ ЭС” ХХК-ийн програм хангамжийг ашигласны төлбөрт 3 тэрбумыг нь зарцуулжээ. Гэтэл иргэд тэр програм руу нэвтэрч үйлчилгээ авахын тулд нэг удаад 30 минут зарцуулж 3-7 удаа ханддаг гэсэн тооцоо бий. Ийм хариуцлагагүй байдалд Засгийн газар, Ерөнхий сайд нь өөрөө хариуцлагаа давхар хүлээх ёстой. Монгол хүний хөдөлмөр эрхлэлт, цалин орлого гэдэг бол төрийн бодлогын тэргүүнд тооцогдох ёстой болохоос адагт яригддаг байж болохгүй л дээ.
-Хөдөлмөр эрхлэлтийг бодитоор дэмжихийн тулд юу хийх шаардлагатай вэ?
-Монгол Улсын Ерөнхий сайд нийт бизнесийн байгууллагын төлөөллүүдтэй уулзаж, энэ хүндрэлээс гарах гарц гаргалгааг боловсруулах ёстой. Үүний тулд дотоодод үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах гарцыг өргөжүүлэх шаардлагатай. Америк, ОХУ, Япон, БНСУ зэргүүдэд худалдааны гарцыг тэлэх ёстой. Өөрөөр хэлбэл, ААН-үүд Засгийн газрын хэдэн тендер дээр алалцдаг биш. Олон улсын тендерт ялдаг байх шаардлагатай. Үүнээс гадна аж үйлдвэржилтэд ирээдүйн боловсон хүчнээ чанартай бэлтгэдэг байх шаардлага тулгарч байна. Гадаадын улс орнуудын туршлагыг эх орондоо нутагшуулах технологийг Засгийн газар хоорондын хэлэлцээрээр шийддэг байх шаардлагатай байна. эцэст нь гарааны бизнесээ дэмжих шаардлагатай. Ялангуяа дөнгөж хөл дээрээ босох гээд тэмцэж байгаа ААН-үүдэд татварын хөнгөлөлтийг 3 жилээр үзүүлэх ёстой. Эдгээр зүйлсийг хэрэгжүүлсний дараа гадаадаас томоохон хөрөнгө оруулалт татах асуудлыг ярих ёстой.
Б.Мягмарсүрэн