УИХ-ын чуулганы хуралдаанаар Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн малчдын зээл төлөлтийн хойшлуулахтай холбоотойгоор "Зудтай холбоотойгоор малчдын зээлийн эргэн төлөлтийн 1 жилээр хойшлуулж, хойшилсон хугацааных нь 75 хувийг төр, 25 хувийг малчдаар төлүүлнэ гээд ЗГ шийдвэрлэсэн. Гэвч өнөөдрийг хүртэл энэ шийдвэр хэрэгжихгүй, малчдад хүлээлт үүсгээд байна. Энэ шийдвэр хэзээ хэрэгжих вэ" гэх асуултыг тавьсан.
ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун "10 хоногийн өмнө ХХААХҮЯ, Монголбанк болон арилжааны банкуудын төлөөлөл зөвшилцөж, гэрээнд гарын үсэг зурсан. Өчигдрийн байдлаар 16 мянган малчин 170 тэрбум төгрөгийн зээл төлөлтийг хойшлуулах хүсэлт ирсэн байна лээ. Ирэх долоо хоногоос шуурхай шийдвэрлэгдэнэ" гэсэн хариултыг өгөв.