Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт ойг угтан жил бүрийн намар нийслэлийн анхны шав тавьсан газар болох Өвөрхангай аймгийн Ширээт цагаан нуурын хөвөөнд орших Гэрэлт хөшөөнг хүндэтгэдэг уламжлалтай бөгөөд өнөөдөр хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах зүйлийг хэллээ.
Тэрбээр, “Улаанбаатар хотын анхны шавыг 1639 онд Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт орших Ширээт цагаан нуурын хөвөөнд тавьсан бөгөөд тэр цагаас хойш нийслэл хот маань 20 гаруй удаа бууриа сэлгэн 1778 онд дөрвөн уулын дунд, Хатан Туулын хөвөөнөө төвхнөн өнөөдрийг хүрлээ. Ийнхүү 1.6 сая хүн амтай хот болтлоо өргөжин тэлж, Монгол Улсыг дэлхийд төлөөлөх нийслэл хот болон хөгжиж байна. Түүхийн хөгжлийн жимээр, хотын хөгжлийн жимээр Өвөрхангай аймгийн бүрд сум Улаанбаатар хоттой хүйн холбоотой. Улаанбаатар хотын анхны буурь, туурь гэдэг утгаараа бид Ширээт цагаан нуураа хүндэтгэн, сүсэглэж явах учиртай гэж боддог. Тиймээс Улаанбаатар хот, Өвөрхангай аймаг, Бүрд сум гэх түүхийн жимээр аялал жуулчлалыг хөгжүүлэн, түүх соёлыг харуулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжиж, аймаг орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах алхмыг Улаанбаатар хотоос санаачлан хэрэгжүүлэхээр зорьж байна. Мөн Улаанбаатар хот дэлхийн хотуудын энд хүрэх өргөн боломжийг “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль”-аар нээсэн гэж боддог. Нийслэл Улаанбаатар хот УИХ, Засгийн газартайгаа хамтран ажиллаж, тулгамдаж буй асуудлуудыг үе шаттайгаар шийдэх, иргэдийн эрүүл аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилтыг тавин ажиллаж байгаа. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот өдөр бүр цэцэглэн хөгжихийн ерөөлийг өргөе” гэв.