Нийслэлийн ИТХ-ын Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хороо энэ сарын 2-ны өдөр хуралдсан. Энэ үеэр авто замын трасс, хязгаарлалт тогтоосон хамгаалалтын бүсүүдэд барилга, байгууламж барих зөвшөөрлийг хууль бусаар олгодог, энэ нь хотын ерөнхий төлөвлөгөөг зөрчдөг асуудлыг хөндсөн юм. Улмаар автозамын бүтээн байгуулалт болон хөрөнгө оруулалтын ажлыг гацаадаг талаарх мэдээллийг холбогдох албаныхан танилцуулсан.
Тодруулбал, 2013 онд УИХ-аар баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг” болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 198 дугаар тогтоолоор “Нисэх-Яармаг” орчмын орон сууцны хорооллын ерөнхий төлөвлөгөө батлагдсан байдаг. Энэхүү батлагдсан ерөнхий төлөвлөгөө, Нийслэлийн авто замын мастер төлөвлөгөөний дагуу эхний ээлжинд 13 үргэлжлэх 6 эгнээ бүхий гол зам, 23 км үргэлжлэх туслах авто зам барьж байгуулахаар төлөвлөсөн. Дээрх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний авто замын трасс дагуу Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас аялал жуулчлалын зориулалтаар эрх олгосон олон тооны аж ахуйн нэгж байна.
Тиймээс зарим хэсэгт трассыг өөрчлөн төлөвлөх, тухайн аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөх арга хэмжээ авч байгаа аж. Мөн Нисэх-Яармаг орчимд төлөвлөлтгүй газар олгосноос үүдэлтэй түгжрэл, төвлөрлийн асуудал их байгаа аж.
Улмаар Хот байгуулалтын газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын газар, Автозамын хөгжлийн газар зэрэг агентлаг ажлаа уялдуулж, ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөг барьж ажиллан, автозамын трасс дайрч байгаа хэсгүүдэд олгогдсон газруудыг чөлөөлөхөд эзэмшигч аж ахуйн нэгж, иргэдтэй хэлэлцээрийн ширээнд суух хэрэгтэй гэж үзлээ.