Манай улс жил бүрийн дөрөвдүгээр сарыг “ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САР” болгон тэмдэглэдэг билээ. Энэ хүрээнд ХАБЭА-н сарын аяны нээлт 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр МҮЭСТО-ны Их танхимд эхэллээ.
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, МҮЭ-ийн холбоо, МАОЭНХ, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар хамтран 11 дэх жилдээ зохион байгуулж байна.
Энэ жил улс орон даяар үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, ХАБЭА-н мэдлэг, мэдээллийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах ажлыг “ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭЕРЭГ СОЁЛЫГ ХАМТДАА ТӨЛӨВШҮҮЛЬЕ” уриан дор тэмдэглэх юм.
Тус нээлтийн ажиллагаанд Иргэний нисэхийн үндэсний төвийн харьяа Нисэхийн сургалтын төв, Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба, Холбоо, навигаци ажиглалтын алба, Газрын тусгай үйлчилгээний алба, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэс болон МИАТ ТӨХК-ийн төлөөлөл хамтран оролцлоо.
Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ныг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгон тэмдэглэж байхаар 2003 онд шийдвэрлэсэн. Манай улс 2011 оноос хойш тус өдрийг тохиолдуулан 4-р сарыг “ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САР” болгон тэмдэглэж байна.
Тус аяны хүрээнд “ХАБЭА-н өнөөгийн байдал цаашид авах арга хэмжээ” хэлэлцүүлэг, Аж ахуйн нэгж байгууллагын ажил олгогч нарт зориулсан ХАБЭА-н мэдлэг дээшлүүлэх цахим сургалт, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо, салбар хороо зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулах зэрэг өргөн хүрээг хамруулахаар төлөвлөсөн байна.