Сүүлийн жилүүдэд богино хэмжээний видео бичлэгээр үзэгчдийн цангааг тайлж, инээдээр иргэдийн дархлааг дэмжих их үйлсэд гар бие оролцох, контент үйлдвэрлэгч залуус нэмэгдэх болсон. Утга агуулга, ур чадвар, авьяас, хөдөлмөрөөрөө бусдаас ялгарч, олон үзэгчдийг өөртөө татаж чадсан продакшн бол яах аргагүй "Ахандүүс" юм. Тэгвэл тус продакшны жүжигчид болох Б.Пүрэвсүрэн болон Х.Алтанзагас нартай сүүлийн үеийн уран бүтээл хийгээд продакшных нь тухай ярилцлаа.
-Нэн түрүүнд "АХАНДҮҮС" продакшны тухай ярилцъя. Хэзээ байгуулагдав, анхны бичлэгээ хэзээ цацаж байв?
-Б.Пүрэвсүрэн: Ахандүүс продакшн байгуулагдаад хоёр жилийн нүүрийг үзсэн байна. Бидний хувьд СУИС-ийн харъяа “Бадмаараг” ахлах сургуульд хамт сурч байсан. 12 дугаар ангид байхдаа бид ярилцаад бичлэг хийж үзье гэж ярилцаад, хамгийн анхны бичлэгээ 2020 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр цацаж байлаа. Анх таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан бол өнөөдөр Х.Алтанзагас, Б.Пүрэвсүрэн, Э.Гүнхүслэн /Загасаа, Пүүжээ, Гүнээ/ гэсэн гурван залуу үлдсэн байна.
-Хамгийн сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхнаасаа хуваалцаач?
-Б.Пүрэвсүрэн: Хамгийн сүүлийн үеийн уран бүтээл гэвэл инээдмийн, аймшгийн төрлийн кинон дээр ажиллалаа. Өмнө нь "Армата" болон "Ахандүүс"-ийхэн нийлээд цагаан сарын дараа "Хоньтээнт" хэмээх контентыг бүтээж байсан бол энэ удаа мөн "Сүнстээнт" кинонд хамтран ажилласан. Зураг авалт дууссан, одоогоор бусад ажлууд маань үлдсэн байгаа. Тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гээд байж байна. Гэхдээ нэр нь өөрчлөгдөх байх. Ирэх арав юмуу арваннэгдүгээр сард нээлтээ хийнэ. Түүнээс гадна пэйж хуудсаа хөгжүүлэх зорилгоор богино контентуудаа хийгээд явж байгаа.
-Яагаад АХАНДҮҮС гэж нэрлэсэн юм бол?
-Х.Алтанзагас: Продакшны нэрээ АХ, АНД, ДҮҮС гэсэн гурван үгний нийлбэрийг бодож өгсөн. Анх “Ахандүүс”-ийг байгуулахад ах нартайгаа, дүү нартайгаа мөн найзуудтайгаа нийлж байгуулж байсан учир ийнхүү нэр өгч байсан юм. Түүнээс гадна нэг гэр бүл гэсэн утгыг илэрхийлдэг.
-Контентуудынхаа санааг хэрхэн гаргадаг вэ?
-Х.Алтанзагас: Ихэвчлэн хүмүүсийг, нийгмийг хамгийн их ажигладаг. Түүнээс гадна өөрсдөдөө тохиолдож байсан явдлуудаа маш их бодно. Заримдаа найзуудаараа нийлээд явж байхдаа энийг ингээд хийчихвэл яадаг юм бол гээд санаа бодлоо хуваалцдаг. Одоо бол бүр ажил болгож хийдэг болсон.
-Бичлэгүүдээ гаргахдаа ямар нэг төлөвлөгөөний дагуу гаргадаг уу. Долоо хоногт тэдэн бичлэг гэдэг ч юм уу?
-Х.Алтанзагас: Байнга төлөвлөгөө гаргаад явах боломж төдийлөн байдаггүй. Зарим тохиолдолд л төлөвлөгөө гаргаж байгаад бичлэгээ цацдаг.
Б.Пүрэвсүрэн: Нуулгүй хэлэхэд зарим байгууллагууд бидэнтэй хамтарч ажиллаж байгаа. Тийм тохиолдолд өдөр, хоногоо товлоод бичлэгүүдээ хийдэг. Яг бичлэгийн санаа ороод ирвэл цаг хугацаанд баригдалгүй шууд хийгээд, эвлүүлээд цацчихдаг.
-Хамгийн их хандалттай бичлэг нь ямар бичлэг байдаг вэ?
-Б.Пүрэвсүрэн: Манай Гүнээгийн шартай гэдэг бичлэг хамгийн их хандалттай. Одоогоор нийт 3,2 сая үзэлттэй. Бичлэг, контент хийдэг хүмүүсээс хамгийн их реакшинтай буюу 192 мянга байсан санагдаж байна.
-Та гуравт киноны санал ирж байна уу?
-Б.Пүрэвсүрэн: Одоохондоо бол киноны санал орж ирээгүй байна. Гэхдээ дууны клипний санал бол мэр сэр ирнэ. Манай Х.Алтанзагасын хувьд царайлаг болохоор ч тэр үү клип, рекламны санал их ирдэг.
-Танай бичлэгнүүдээс тренд үг их гардаг шүү дээ. Ялангуяа хамгийн их түгээмэл болсон нь “баяртай /боёртой/” гэх үг. Яагаад тэр бичлэгийг хийх санаа төрсөн юм бол?
-Х.Алтанзагас: Тэр бичлэгийг маш санаандгүй хийсэн. Сургуулиас гараад явж байгаад гэнэт нэг бичлэг хийгээд, шөнөөр цацчихъя гээд ярилцаад баяртай гэдэг үгээ жаахан өөрчлөөд хэлчихвэл яадаг юм бэ гээд боёртой гээд оруулчихсан. Гэтэл маш их хүмүүст хүрч, хажуугаар явж байгаа хүмүүс ч хүртэл хэлээд л өнгөрдөг.
- Б.Пүрэвсүрэн: Бүр хүмүүс бид нарыг “БОЁРТОЙ”-ийнхон явж байна гээд ярьдаг. Манай пэйж дээр миний дугаар байдаг юм. Заримдаа шөнөөр дуудлага ирээд авахаар боёртой гэж хэлчихээд таслах ч тохиолдол гардаг.
-Хамгийн анх бичлэгээ цацаж байсан үе болон өнөөдөр хоёрын ялгаа ямар байгаа юм шиг санагдаж байна?
-Б.Пүрэвсүрэн: Анх бол өөрсдийнхөө сонирхлоор хэдэн жаахан хүүхдүүд нэгдээд бичлэг хийж байсан бол өнөөдрийн энэ нөхцөл байдал маш өндөрлөг санагдаж байна. Гэхдээ бидний хувьд огт болоогүй, үүнээс цааш хийх зүйл маш их байгаа. Бид дөнгөж эхнийхээ шатыг алхаж байгаа. Өнгөрсөн хугацаанд хийж байсан бүх бичлэгээ харахад бүх зүйл нь сайжирсан байна. Бичлэгийн санаа сайжирсан. Бидний жүжиглэлт, уран чадвар сайжирсан байна.
Х.Алтанзагас: Миний хувьд гэвэл бид жүжигчин мэргэжилээр суралдцаг болоод ч тэр үү хийж байгаа зүйлдээ маш их шунаж, дурлаж хийдэг болсон. Өмнөх үеийн одоотой харьцуулбал, бодож явдаг байсан зүйл маань ч хүртэл огт өөр болчихсон. Тэнгэр газар шиг ялгаатай санагдаж байна. Зүгээр л бичлэг хийгээд хүмүүст хүргэх бус хүмүүсийг инээд баяслаар дүүргэх, цангааг нь тайлах ёстой гэж боддог болсон байна.
-Цаашдынхаа зорилгоос хуваалцаач. Ахандүүс продакшнаа илүү өргөжүүлээд, хөгжүүлээд явах уу эсвэл өөр өөрсдийн бизнесээ эхлүүлээд явах уу?
-Х.Алтанзагас: Ахандүүс бол цаашдаа ч үргэлжилсээр байна. Бид огт салахгүй. Манай Э.Гүнхүслэн /Гүнээ/ маань нэг ярилцлаган дээр хэлж байсан. Бид яг "Фантастик" продакшнтай дүйцэхүйц том продакшн болно. Бид гурав цаашид зөвхөн гурвуулаа байхгүй. Улам өргөжинө. Цаг хугацаа байна. Залуу нас байна.
-Та нарын хамгийн их фэнүүд бол яах аргагүй охидууд байдаг шүү дээ. Ялангуяа ЕБС-ийн охидууд байдаг. Тэд нартаа зориулаад нэг асуулт асууя. Та гурав найз охинтой юу?
-Х.Алтанзагас: Надад найз охин байхгүй.
Б.Пүрэвсүрэн: Манай Гүнээ бол найз охинтой. Би хариулмааргүй байна.
-СУИС бол урлагийн хүмүүсийг бэлтгэдэг. Оюутнууддаа урлагийн соёлыг төлөвшүүлж, урлагийн мэдрэмж, гоо зүйг олгодог шүү дээ. Ер нь сургуулиа магтвал?
-Б.Пүрэвсүрэн: Бид СУИС-ийн гуравдугаар курсийн оюутнууд. Мэдээж СУИС бол хамгийн сайхан сургууль. Хүн бүр СУИС-ийг урлагийн хүн бэлтгэдэг номер нэг сургууль гэдгийг мэддэг. Маш зөв арга барилтай санагддаг. Дотор нь ороход хүртэл маш их халуун дулаан мэдрэмж өгдөг. Багш нар маань ч гэсэн маш их мэдлэг, боловсролтой, мэргэжлийн арга барил сайтай. Нэг үгээр хэлбэл, хамгийн сайн сургууль гэж хэлж болно.
-Заримдаа хэцүү санагдах үе байдаг уу. Шантармаар ч юм уу?
-Х.Алтанзагас: Өөрсдөө энэ зүйлдээ маш их дуртай болохоор хэцүү санагдах зүйл байдаггүй. Өмнө нь хэлсэнчлэн шунаж, дурлаж хийдэг болохоор шантрах зүйл нэг их гараад байдаггүй. Гэхдээ яахав хүн л болсон хойно хэцүү зүйл гарвал хоорондоо ярилцаад, гарц гаргалгааг нь олдог. Тэр л хамгийн сайхан.
Б.Пүрэвсүрэн: Хүн харахад хэцүү санагдаж байж болох бичлэг зөндөө. Бид дөнгөж бичлэг хийж эхэлж байхад манай Гүнээ хогийн пункерт суугаад нэг бичлэг хийж байсан юм. Үнэхээр хүнд хүнд зураг авалтууд гарч ирнэ л дээ. Тэглээ гээд шантраад, зугтаагаад байдаг зүйл бол байхгүй.
-Мэдээж залуу хүмүүсийн хувьд манай нийгэм ямар түвшинд явж байгаа вэ гэдгийг харж байгаа шүү дээ. Ер нь ямар түвшинд явж байгаа юм шиг санагдаж байна?
-Б.Пүрэвсүрэн: Манай нийгэм ямар түвшинд явж байгааг бүгд л харж байгаа. Бүгд ямар түвшинд явж байгаагаа мэддэг мөртлөө юу ч хийж чаддаггүй. Үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж чаддаггүй. Бараг худалч хүнд гудамжаар явж байгаа нохой ч хүртэл ийм байна даа гээд бие биетэйгээ хуцалдахаар байхад хэн ч дуугарч чаддаггүй. Үнэхээр дуугарлаа гэхэд түүнийг дардаг, дууг нь хорьдог. Яг л ийм нөхцөл байдалтай амьдарч байгаа шүү дээ.
Х.Алтанзагас: Хамгийн наад захын жишээ гэхэд бид нийгэм рүү хандсан, болохгүй, бүтэхгүй байгааг нь гаргаж ирсэн бичлэг хийхэд огт үздэггүй. Зүгээр л маазарсан, хэрэгт дурласан зүйлд дуртай байдаг юм шиг санагддаг. Нийгмийн богинохон шорт хийхэд ямар ч үзэлт байхгүй, хандалт ч байдаггүй.
-Ярилцлага маань энд хүрээд дуусч байна. Уншигчиддаа хандаж хэлэх зүйл байна уу?
-Б.Пүрэвсүрэн: Хүмүүс заримдаа биднийг гадны контент хуулбарлаад оруулчихсан байна гээд байдаг юм. Ер нь бид ч гэлтгүй бусад контент хийдэг ах эгч нар бүгд л гадны бичлэг хуулбарладаг. Гэхдээ хуулбарладаг гэхээсээ илүүтэй санаа авдаг гэж хэлэх нь зүйтэй. Мэдээж тухайн жинхэнэ бичлэгээс хавь илүү өөр байхад шууд угаачихсан мэт ярьдаг. Үүнийг л сайн ойлгох хэрэгтэй хуулбар уу, санаа авсан уу гэдгийг үзэгчид маань сайн ойлгох хэрэгтэй гэж боддог.
Түүнээс гадна манай Ахандүүсийхнийг биеэ тоолоо гэдэг. Ийм зүйл байхгүй. Бид дөнгөж эхэлж байгаа түүнийгээ сайн ойлгодог. Биеэ тоож байна гэж битгий хараарай, биднийг дэмжээрэй. Цаашид улам хичээл болно. Мөн бидэнтэй санаа нийлээд, зорилго нийлээд цаашдаа хамтран ажиллах хүсэлтэй хүмүүс байвал бидэнтэй нэгдээрэй гэж хүсч байна.
-Ярилцсанд баярлалаа. Цаашдых нь ажилд амжилт хүсье.