Энэ жил цэцэрлэгийн хүртээмж өмнөх жилүүдээсээ сайн байгаа. Тодруулбал, төр хувийн хэвшилтэйгээ харилцан тохиролцсоны улмаас цэцэрлэгийн хүртээмж нэмэгдсэн. Гэхдээ цаана нь 10 мянга гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй байгаа бөгөөд эдгээр хүүхдүүдийг хэзээ, хэрхэн яаж хамруулах талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалангаас тодрууллаа.
-Энэ жил дийлэнх хүүхдүүдээ цэцэрлэгт хамруулж чадлаа. Үлдсэн хүүхдүүдээ хэзээ хамруулах вэ. Бүх хүүхдээ шахуу цэцэрлэгт хамруулсанаар цэцэрлэгийн стандарт норм хэвийн байж чадаж байгаа юу?
-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар сугалааны цэцэрлэгийг болиулах бодлого барьсан. Учир нь сүүлийн 20 гаруй жил хүүхдүүдээ сугалаагаар цэцэрлэгт хамруулж ирлээ. Тиймээс 20 жил бугширсан асуудлыг нэгхэн жилийн дотор өргөс авч буй мэт арилгана гэдэг хэцүү. 9000 гаруй хүүхэд цэцэрлэггүй үлдсэн юм биш. Үе шаттайгаар гурван удаагийн элсэлтээр буюу арваннэгдүгээр сард цэцэрлэгтээ хамрагдчихна.
Яагаад өнөөдөр хамрагдаж чадаагүй вэ гэхээр цэцэрлэгийн зориулалтаар барилга, байгууламж худалдаж авахад тендерийн хуулиар тодорхой цаг хугацаа алдаж байгаа. Нэг давхрын барилгуудыг бид тендерийн хуулиар худалдаж авах ёстой. Тиймээс наад зах нь 45 хоногийн хугацаа алдаж байгаа. Нэг зүйлийг баттай хэлэхэд, НЭГ ч хүүхэд цэцэрлэгийн гадна үлдэхгүй.
-Нийт хэчнээн хүүхэд бүртгэгдсэн бэ. Хаягийн асуудлаас болж хамрагдаж чадахгүй байгаа тохиолдол хэр их байна вэ?
-110 мянган хүүхдийг цахимаар бүртгэхэд 4800 хүүхэд хаягийн зөрчилтэй байсан. Тиймээс 2 дахь бүртгэлээ хийх гэж байна.
-Цэцэрлэгийн хүртээмж хэр их байгаа вэ?
-110 мянган хүүхэд цахимаар бүртгүүлсэн ч бид 140 мянган хүүхдийн цэцэрлэг бэлдсэн. Тэгэхээр 29 мянган гаруй хүүхдийн орон тоо байна. Долоон цэцэрлэггүй хорооноос бусад газарт цэцэрлэгийн багтаамжийг хангалттай шийдсэн.