Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

2022 оны хавар сургуулиа төгссөн шинэ багш Г.Оюунсувд: Айж, догдлоод ичээд ч байгаа юм шиг мэдрэмж авч байна

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
6 минут 31 секунд

Өнөөдөр бол есдүгээр сарын 01-ний өдөр. Хүүхэд бүрийн хүсэн хүлээсэн хичээлийн шинэ жил хаяанд ирлээ. Шинэхэн цүнхэндээ хичээлээ бэлдээд, цэвэрхэн формоо жимбийтэл өмсөөд үеийн найзуудтайгаа уулзахсан гэхээс сэтгэл нь догдлон, цурам ч хийлгүй хонох бяцхан хүүхдүүдээс эхлээд алдрайхан шавь нараа санан догдлох багш нарын ч баярын өдөр.

Сургуулийн босгыг анхлан давах нэгдүгээр ангийн сурагчдад айх, баярлах, сандрах гээд бүх л мэдрэмж төрдөг бол амьдралын анхны гараагаа хийн, сургуулийн босгыг БАГШ хэмээх эрхэм алдараар давж буй шинэхэн багшид ч энэ мэдрэмж төрдөг болов уу.

Тэгвэл хичээлийн шинэ жилийг тохиолдуулан шинэхэн багш нарын төлөөлөл болох 75 дугаар сургуулийн дизайн, технологийн багш Г.Оюунсувдтай ярилцлаа.

-Юуны өмнө хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлье. Өөрийгөө танилцуулахгүй юу. Аль сургуулийг ямар мэргэжилээр төгсөв?

-Намайг Г.Оюунсувд гэдэг. Би Монгол Улсын Боловсролын Их сургуулийг Дизайн, технологийн багшаар энэ хавар буюу 2022 онд төгссөн. Өнөөдрөөс эхлээд 75 дугаар сургуульд ажиллаж эхэлж байгаа залуу, шинэхэн багш байна.

-Энэ жилээс эхлээд багшилж эхэлж байгаа шүү дээ. Өнөөдрөөс хичээлийн шинэ жил эхлэх гэж байна ямар догдлолтой байна?

-Амьдралын минь бас нэгэн сайхан мөч өнөөдөр тохиож байгаад маш их баяртай байна. Өчигдөр бараг нойр хүрээгүй. Сурагчдаа, бас багш нараа харна гэхээр догдлоод, айгаад бас ичээд байгаа ч юм шиг тийм мэдрэмж төрж байна. Яг л сурагчид шигээ мэдрэмжийг авч байх шиг байна.

-Хүүхдүүдтэй тулж ажиллана гэдэг багш хүний хамгийн том чанар шүү дээ. Ер нь багш хүнд ямар зан чанар байх ёстой гэж боддог вэ?

-Тэгэлгүй яахав. Хүүхэдтэй тулж ажиллана гэдэг бол маш их хариуцлагатай зүйл. Багш хүнийг ийм, тийм байх ёстой гэдгийг дурьдвал тоочоод баршгүй их бий. Гэхдээ миний бодлоор хамгийн чухал нь хүүхдийн хүсэл эрмэлзлэлийг унтраахгүйгээр дэмжиж, чиглүүлж, өөрөө үлгэрлэж ажиллах ёстой болов уу гэж бодож байна. Түүнээс гадна би өөрөө саяхан төгссөн шинэхэн багш болохоор хүүхдүүдийг хамгийн сайн ойлгох байх.

-Өнөөдөр бол есдүгээр сарын 01-ний өдөр шүү дээ. Их сургуулийн ширээнээс дөнгөж холдож байгаа болохоор ямар санагдаж байна. Багшлах гэж байгаа нь?

-Дэвтрийн шинэхэн хуудас нээгдэж байгаа мэт санагдаж байна. Өнөөдөр тэр дэвтэр дээрээ анхны дурсамжаа, хамгийн сайхан мэдрэмжийн хамт тэмдэглэх гэж байна. Үнэхээр гайхалтай, маш их сэтгэл догдолж байна. Үгээр хэлэхийн аргагүй тийм мэдрэмж төрж байгааг хэлэхгүй байхын арга алга.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагч байхдаа яаж догдолдог байсан. Их сургуульд ороод ч бас тийм их догдлол мэдрэмжийг авдаг байсан. Гэтэл одоо багш гэх энэ эрхэм алдрыг зүүгээд явж байгаа маань хамгийн нандин, хамгийн эрхэм зүйл мэт санагдаж байна.

-Хүүхдүүдтэйгээ харьцахдаа юуг анхаарах хэрэгтэй гэж бодож байна?

-Сурагчидтайгаа харилцахдаа нэн түрүүнд хэлж байгаа үгэндээ анхаарна гэж бодож байгаа. Учир нь хүүхдийн сэтгэл зүй маш эмзэг шүү дээ. Тийм ч учраас тэр эмзэг, нандин сэтгэлд нь ямар нэг хар буруу зүйл хийхгүй байх юмсан гэсэн бодлыг өөртөө шингээж байна

Түүнээс гадна хүүхдүүдийг хооронд нь ялгаварлан гадуурхахгүй байх ёстой гэж бодож байгаа. Үүнийг байнга бодож, санаж, суралцах ёстойг нь сурч ажиллах нь зөв гэсэн бодолтой байна.

-Төгсөөд удаагүй ч гэсэн мэргэжлийн салбарт ажиллаж байгаа нь бахархууштай санагдаж байна л даа. Ер нь их сургуулийн багш нар мөн одоо хамтран ажиллах гэж байгаа ахмад багш нар нь юу захиж байна?

-Залуу, дээр нь шинэхэн багш болохоор мэдэхгүй чадахгүй зүйл зөндөө гарна шүү дээ. Тэр болгоныг ахмад, туршлагатай багш нараасаа асууж, тодруулж, сурч явах ёстой.

Яг үүнийг багш нар маань байнга зааж зөвлөдөг. Мэдэхгүй зүйл байвал асууж лавла гээд байнга хэлдэг дээ. Мөн шантрах зүйл их гарна тэр бүрд шантарч ухарч болохгүй шүү гэдгийг маш их захисан даа.

-Яагаад багшийн мэргэжилийг сонгох болов?

-Нэгдүгээр ангид анх орж байсан цаг мөчөөс хойш их сургуулийн үүдээр ороод гаран гартлаа зургийн дэвтэр, харандаа хоёртой нөхөрлөсөн дөө.

Хичээл дээр, завсарлагааны цагаар ч мөн зураг зурж суудаг хүүхэд байлаа. Дэлхийд нэрээ гаргасан алдартай зураач болох хүсэл мөрөөдөлтэй байлаа.

Багш болно гэж шийдэхэд маань ЕБС-ийн технологийн багш маань их хувь нэмэр оруулсан. Тэр хүн л багш хэмээх мэргэжлийн хамгийн сайхныг надад таниулж өгсөн. Одоо энэ мэргэжлийг эзэмшээд, цаашдаа ажиллах эрхэм үүргийг хүлээсэн учраас байнга суралцаж байхыг эрхэмлэнэ.

Мөн ирээдүйд дэлхийн тавцанд нэрээ цуурайтуулах маш олон загвар зохион бүтээгч, зураач болох хүсэл эрмэлзэлтэй шавь нараа мөрөөдөлдөө хүрэхэд нь багахан ч гэсэн хувь нэмэр оруулахыг хамгийн ихээр хүсч байна.

-Ярилцсанд баярлалаа. Цаашдын ажилд нь амжилт хүсье.

Улсын заан Б.Серик нутагтаа очлоо
Улсын заан Б.Серик нутагтаа очлоо
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.