Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээнд коронавируст халдвараас үүдсэн цус өтгөрөлтөөс шалтгаалж цус харвах залуусын тоо олширсон талаар мэдээллүүд ихээр гарч буй. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас харвалт, цус өтгөрөлтийн тухай мэдээлэл өглөө.
ЭМ-ийн сайдын зөвлөх О.Батбаяр: "ДЭМБ-ийн мэдээлснээр дэлхий дахинд коронавирусийн халдварын тохиолдол 9 хувиар, нас баралт 15 хувиар буурсан.
Олон Улсын нөхцөл байдлаас харахад есдүгээр сарын 1-нээс 60-аас дээш насны иргэдээ нэмэлт вакцинд хамруулах бодлого барьж байна. Манай улсын хувьд хамгийн давуу тал нь коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн.
Омикроны В.А.5-ын араас шинэ хувилбар гарч ирнэ. Дэлхийн олон орны эрдэмтэд коронавирусийг улирлынхтай адил нутагшмал хэлбэрт орж, хөнгөн өвтгөдөг, гурван жилд нэг удаа давлагаа өгдөг хувилбар руу шилжинэ гэсэн таамаглалтай байсан. Харамсалтай нь энэ таамаглал эвдэгдэж Омикроны шинэ хувилбар гарч, шинж тэмдгийн хувьд хүндрэх эрсдэлтэй. 60-аас дээш насны хүн ам болон вакцингүй байгаа 11-ээс доош насныханд эрсдэл учруулах таамаглалыг дэвшүүлж байна.
Энэ намар, өвөл эхлэх томуу төст өвчинтэй хавсарсан томоохон дэгдэлтүүд цар тахлын шинэ хувилбартай хавсрах учраас эм тариа, эмнэлгийн хэрэгслийн болон эмч, хүний нөөц бүрдүүлэх, худалдан авалт хийх бэлтгэл ажлуудыг хийж байна."гэв.