Монгол Улс болон ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх Глобаль сангийн хамтын ажиллагаа, 2024-2026 онд хэрэгжих ДОХ, Сүрьеэ, КОВИД-19 төслийн хэрэгжилтийн явц, Сүрьеэгийн тусламж үйлчилгээнд олон нийтээр удирдуулсан хяналтын тогтолцоог нэвтрүүлэх багц үйл ажиллагааг хэрэгжүүлэх төрийн бус байгууллагын сонгон шалгаруулалт, “Өр хөрвүүлэх” хөтөлбөрийн хүрээнд санхүүжих 2025-2026 онд хэрэгжих нэмэлт төслийн бэлтгэл ажлын талаар салбар яамнаас уулзалт зохион байгуулжээ.
Тодруулбал, ХБНГУ-аас Монгол Улсад зээлсэн 29.0 сая еврог “Өр хөрвүүлэх” хөтөлбөрийн хүрээнд 2025-2030 онд Глобаль сангаар дамжуулан Монгол Улсын эрүүл мэндийн салбар, тэр дундаа ХДХВ, сүрьеэ, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэхэд буцалтгүй тусламжаар олгохоор болсон байдаг.
“Өр хөрвүүлэх” хөтөлбөрийн хүрээнд 2025-2026 онд ДОХ, сүрьеэ, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх 11.8 сая ам.долларын төслийг өргөн барихыг Глобаль сангаас мэдэгдсэн бөгөөд нэмэлт санхүүжилтийн төслийг боловсруулж, өргөн барихтай холбоотойгоор Эрүүл мэндийн сайдын тушаалаар ДОХ, сүрьеэ, гепатитын төслийг боловсруулах 3 ажлын хэсгийг байгуулан ажиллуулж байгааг дурдаад “Уг хөтөлбөрийн хүрээнд олгогдох нэмэлт санхүүжилтийн тодорхой хэсгийг Гепатитын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зарцуулах хүсэлтэй байгаагаа тус санд тухай албан хүсэлтийг Глобаль санд явуулсан.
Глобаль сангаас ХДХВ-ийн халдвартай амьдарч буй хүмүүс, эрсдэлт бүлгийн хүн ам, жирэмсэн эмэгтэйчүүд, хөдөлгөөнт бүлгийн хүн амд чиглэсэн ХДХВ-ийн хөтөлбөрийн хүрээнд Гепатитын хөтөлбөрийг хамтатган хэрэгжүүлэх боломжтой талаар мэдэгдээд буй юм.
Харин Эрүүл мэндийн яамнаас Гепатитын хөтөлбөрийг ДОХ-оос салангид байдлаар хэрэгжүүлэх, мөн гепатитын хэсэгт оногдох мөнгөн дүнг ихэсгэх саналтай байгаагаа илэрхийлжээ.
Дашрамд сануулахад, ДЭМБ-ын аргачлалаар манай улсад D вирусийн халдвартай 66 мянган хүн байна гэж тооцоолдог. Гэхдээ D вирусийн халдвартай иргэдийн нэгдсэн ТББ-ынхан 150 мянган хүн халдвартай гэж үздэг билээ.