Ховд аймгийн ИТХ-ын наймдугаар хуралдаан болж байна. Хуралдаанаар Засаг даргад нэр дэвшүүлсэн МАН-ын тогтоолыг хэлэлцэж буй юм. Тэгвэл Засаг даргын томилгоотой холбоотойгоор Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Цэвээнравдан дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр "Бид Засаг даргын асуудлыг шийдвэрлэх учиртай. Нэгэнт Ерөнхий сайд Б.Дүгэржавыг чөлөөлсөн учраас шуурхай хуралдаж, дараагийн Засаг даргыг томилох нь чухал. Өнгөрсөн 3-4 жилийн хугацаанд Ховд аймаг гэлтгүй Монгол Улсын хувьд хүнд сорилтуудтай тулгарсан жил байлаа. Иргэдийн өмнө тулгамдаж буй асуудал их байгаа. 2016 оноос хойш манай аймаг засаглалын хувьд тогтворгүй болчихлоо. Аймгийн Засаг дарга бүрэн эрхийнхээ хугацаанд ажиллаж чадахгүй байна гэдэг бол өмнөө тавьсан зорилго нь саарах, өмнөх ажлууд нь ухрах эрсдэлтэй.
Энэ болгоны төлөөсийг ард түмэн л төлнө. Тэгэхээр цаашид засаглал нь тогтвортой бүрэн эрхийнхээ хугацаанд ажилладаг байх, ажиллаж чадахгүй тохиолдолд ард иргэд, ИТХ нь хариуцлага хүлээлгэдэг, дараагийн хүнийг нь ИТХ, ард иргэд томилдог байх зарчмыг тууштай мөрдөх ёстой. Цаашид буруу жишиг тогтохыг үгүйсгэхгүй.
Засгийн газар, Ерөнхий сайдад эрх мэдэл байлгүй яахав. Нутгийн өөрөө удирдлагын шийдэх асуудал руу НАМ хэт их орж байгаа нь буруу" гэлээ.