УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр хуралдаж бүлгийн даргаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг сонгосон талаар мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан өнөөдөр /2022.08.24/ Ардчилсан намын удирдлагууд мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын Хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү "Хүний, өөрийн гэлтгүй хэн дарга, сайд болох уу гэдэг зүйлээ одоо болих хэрэгтэй. Жишээлбэл, би Ерөнхийлөгч асан Х.Баттулгад хажууд байгаа хуульчдаа анхаараач ээ гэж хэлмээр байна. И.Мөнхжаргал нь итгэмжлэлгүй төлөөлнө гэдэг зүйл ч ярьж байх шиг. Зарим хүмүүс маргаан гэж харж байгаа бол удахгүй дарга сонгогдоход л шийдэгдэх асуудал. Бүлэг ч ялгаагүй. Хуулиар нийт гишүүдийн олонхийн саналаар гээд заачихсан байгаа. Нийт гишүүд хуралд оролцох ёстой гэсэн үг. Өөрсдийнх нь л баталсан хууль. Дээд шүүхээс тайлбар авдаг ч юм уу гэж бодож байна.
Т.Доржханд болон бусад хүмүүст хандаж хэлье. Төрийг түшнэ гэдэг төрийг бусниулах, хүчгүй болгохыг хэлдэг юм биш. Төрийг хүчгүй болгохын төлөө МАН-ынхан сайдын суудал булаацалдаж, зодоон нүдээн нь хэвлэлээр ил болоод байна. Улс орноо бодохгүй байна.
Өчигдөр маш аймшигтай хоёр мэдээ ирсэн. Энэ өвөл гэрэл цахилгаан, дулаангүй болох магадлалтай байгааг салбарын сайд нь мэдээлээд байна. Ард түмнээ доромжлохоо боль. Тарвасны араас хөөцөлдөж, Японы комиссын бараанд оочирлодог учраас ард түмнээ басамжлаад байх шиг байна. Тэр бол ард түмний нэг л хэсэг" гэв.