Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотой асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай нь холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, БОХХАА-н байнгын хорооны дарга Х.Болорчулуун "Хүнсний ногооны ургац өнгөрсөн жилийхтэй харьцуулбал, 10-аад хувиар нэмэгдсэн нь харагдаж байна. Сайн мэдээ байна. Үүнтэй засаг төрийн бодлого шийдвэр нөлөөлж байгаа нь дамжиггүй.
Хүнсний ногоог ургуулж болно. Гэхдээ хамгийн чухал нь борлуулах асуудал. Одоогоор есөн дүүргийн 31 байршилд ногоо борлуулах цэгийн төлөвлөлт хийгдсэн гэж байна. Би үүнийг багадаж байна гэж бодож байна.
Хүнсний ногоо борлуулахдаа хэдхэн газруудад товлох бус, хороолол, хотхонуудад, байшин бүрийн үүдэнд ч борлуулах эрхийг нь олгох ёстой. Гадны оронд ийм л байдаг. Харин борлуулах эрхийг нь олгоно. Түүнээс биш ногоо борлуулах цэг хүрэлцээгүйн улмаас хүнсний ногооны борлуулалтад нөлөөлнө" гэв.
Харин үүнд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан дараах хариултыг өглөө. Тэрбээр, "Орон сууц, хороололд хүнсний ногоо худалдан борлуулах эрх нээлттэй байгаа. Ямар нэгэн хуулийн асуудал байхгүй. Ганцхан шаардлага тавьж байгаа нь худалдаа үйлчилгээ эрхэлж буй талбайнхаа хогийг өөрөө хариуцах ёстой гэсэн шаардлага байгаа" гэлээ.