Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Мөнх-Уянга: Нэгдүгээр ангийн хүүхдүүд цоожтой хаалганы цаана үлдэх гээд байна

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
7 минут 6 секунд

Хичээлийн шинэ жил эхлэхэд хэдхэн хоног үлджээ. Энэ дагуу нэгдүгээр ангийн хүүхдийн элсэлт болон цэцэрлэгийн бүртгэлийг "E-Mongolia" платформоор хийж байгаа юм. Цэцэрлэгийн бүртгэл өнөөдөр дуусч байгаа бол нэгдүгээр ангийн бүртгэл маргааш дуусна. Гэвч зарим эцэг эхийн хувьд хаягийн зөрчлөөс үүдэн хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэж чадахгүй, хүүхэд нь сургуульд элсэх боломжгүй болсон талаар гомдол мэдээлэл ихээхэн гарч байгаа. Тэгвэл тэдгээр эцэг эхийн төлөөлөл болох иргэн О.Мөнх-Уянгаас дараах мэдээллийг авлаа.

-Сайн байна уу. Яг ямар асуудал тулгараад байна?

-Шилжилт хөдөлгөөнтэй холбоотойгоор цахимаар нэгдүгээр ангийн хүүхдийн бүртгэл явуулахад асуудал тулгараад байна. Ингэхдээ тухайн оршин суух хаяг дээр нэг жил амьдарсан байх шаардлагатай, хэрэв нэг жил амьдраагүй бол түр түдгэлзүүлсэн гэх хариу өгөөд байгаа. Хэрэв түдгэлзүүлсэн гэх хариу өгвөл харьяа сургууль дээрээ очиж бүртгүүлэх боломжтой гэсэн. Тэгэхээр нь за болох юм байна гээд сургууль дээрээ оршин суух хаягийн гэрчилгээ болон хүүхдийнхээ гэрчилгээг аваад очсон.

Гэтэл E-Mongolia дээр энэ хүүхэд нь тухайн хаяг дээр бүртгэлтэй нь үнэн гэсэн хэдий ч сургуулийн менежер нь "Газрын гэрчилгээ хараад, энэ гэрчилгээн дээр таны нэр болон хүүхдийн нэр алга байна" гэсэн. Тиймээс би "Яагаад газрын гэрчилгээн дээр миний болон хүүхдийн нэр байх ёстой юм бэ" гэж асуухад, иргэний үнэмлэхийнхээ хаягийг энэ хаягаар солиод ир гэх хариуг хэлсэн. Би иргэний үнэмлэхийнхээ хаягийг солиод ирвэл хүүхдийг маань бүртгэж авах уу гэж асуухад, мэдэхгүй гэх хариултыг хэлсэн.

Миний оршин суугаа хаяг манай эгчийн нэр дээр байдаг. Эгч маань биднийг хаяг дээрээ аваад тойргийнхоо сургуульд хүүхдүүдээ сургахыг зөвшөөрсөн юм.

-Та өмнө нь ямар хаяг дээр байсан бэ?

-Миний хуучин хаяг Чингэлтэй дүүрэг дээр байдаг. Залуу гэр бүлийн хувьд өөрсдийн гэсэн газар байхгүй, байрны гэрчилгээ байхгүй. Бас хэцүү шүү дээ. Хуучин хаяг маань ч гэсэн эгчийн нэр дээр байдаг. Тухайн хаяг дээр том охиноо таван жил сургасан. Ингээд өнгөрсөн хавар хуучин сургуулиас нь охиныхоо хувийн хэргийг аваад гарсан. Гэвч одоо өөр сургуульд шилжүүлэх гэсэн боловч бас л хаягийн асуудал үүссэн.

Харин одоо амьдарч байгаа газраа жил гарангийн хугацаанд суурьшин амьдарч байгаа. Хаягийн бүртгэлээ өнгөрсөн аравдугаар сард хийлгэх гэсэн боловч сонгуулиас үүдэн шилжилт хөдөлгөөн хийхгүй гэсэн. Ингээд зун шилжүүлгээ хийлгэх гэхэд хорооны мэргэжилтнүүд, албан тушаалтнууд нь ээлжийн амралтаа авчихсан байсан. Арай хийж шилжилтээ хийлгэтэл миний бүртгэлийг бүтэн сарын дараа идэвхжүүлсэн. Тэгээд шилжүүлэг ямар нэг асуудалгүй гэж бодоод хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэсэн боловч бүртгүүлж болохгүй байсан.

Сургуулийн менежерийн хэлж байгаагаар хэрэв би үнэмлэхэн дээрх хаягаа солиулбал дор хаяж 14 хононо. Гэтэл тэр хугацаанд хичээлийн шинэ жил эхэлчихнэ шүү дээ. Багш тэр дундаа боловсролын байгууллагад ажиллаж байгаа хүмүүс байж нэг ч гэсэн хүүхдийн сурах эрхийг нь эдлүүлье гэж бодохгүй байх шиг байна.

Хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг аль хэдийн бэлдчихсэн. Хүү маань формоо өмсөөд өнөө маргаашгүй хичээлдээ явъя л даа гэж гуйж байна. Гэтэл есдүгээр сарын 1-ний өдөр хүүхэддээ юу гэж хэлэх юм бэ. Миний хүүг авах сургууль олдсонгүй гэж хэлэлтэй нь биш.

-Таны хувьд үнэмлэхийнхээ хаягийг солих хүсэлт тавьсан уу?

-Би Драгон дээр байдаг нэг цэгийн үйлчилгээн дээр очиж хүсэлтээ өгсөн. Угтаа хаягийн шилжилт тодорхой байхад сургуулийн зүгээс бүртгээд авчих бүрэн боломжтой. Гэтэл заавал ингэж хүнд суртал гаргаж байгаа нь хэцүү санагдаж байна.

-Хорооноос таныг оршин суугаа хаяг дээр бүртгэлтэй, удаан амьдарч байгаа эсэхийг мэддэг үү?

-Мэдэлгүй яах вэ. Хорооноос намайг энд удаан амьдарлаа. Одоо хурдхан шилжилт хөдөлгөөнөө хийлгээд хүүхдүүдээ хичээл сургуульд нь явуул гэсэн.

Тийм ч учраас гаргасан ажлын хэсэг нь хороотойгоо хамтраад энэ хүн, энд хэдэн жил амьдарсан байна, үнэхээр энэ хаяг дээр амьдардаг нь үнэн үү зэргийг тогтоох хэрэгтэй. Үнэнчээр амьдраад, үнэнчээр зүтгээд, хүүхдээ сургуульд нь оруулахаар зүтгээд байхад хахууль өгсөн хүүхдүүдийнхээ асуудлыг шийдэх гээд үнэнчээр амьдрах гэж байгаа хүмүүсээ хохироогоод байна.

Улаанбаатарт зөвхөн нийслэлчүүд амьдарч байгаа биш. 21 аймгийн өнцөг булан бүрээс хүмүүс ирж амьдарч байгаа. Ялангуяа хөдөө орон нутгаас түр ирж суурьшсан, ажил хөдөлмөр эрхлэх гээд хүүхдүүдээ дагуулаад ирсэн хүмүүс өчнөөн байгаа шүү дээ. Гэтэл танай хүүхэд харьяаллаараа сурах ёстой. Хөдөө очиж сур гэх юм. Юу гэсэн үг вэ. Хүүхэд хөдөө, хот хаана ч тэр сурч боловсрох эрхээ эдлэх ёстой. Энэ боломжийг нь нээж өгөх хэрэгтэй. Нэгдүгээр ангийн хүүхдээ эцэг эхчүүд өөрсдөө хажуудаа авч сургамаар байгаа. Хол, хөдөө орон нутагт сургах гэхээр харж хандах хүн байхгүй байгаа нь ойлгомжтой.

-Таны хувьд тавдугаар ангийн хүүхдээ бас шилжүүлэх талаар ярилаа. Хүүхдийг нь шилжүүлж авна гэсэн үү?

-Би сургуулийн менежерт охиноо зургаадугаар ангид шилжүүлэх талаар хэлсэн. Гэтэл өмнө нь хэлсэнчлэн хаягаа солиод ир гэсэн. Ингээд л хүүхдүүдийг хохироогоод байна.

Нэг ч хүүхдийг хаалганы ард үлдээхгүй гээд байсан. Гэтэл одоо нэгдүгээр ангийн хүүхдүүд цоожтой хаалганы цаана үлдэх гээд байна.

-Ярилцсанд баярлалаа.

ШУУРХАЙ: ҮХЦ-ээс хариу ирээгүй тул байнгын хороо, чуулган хуралдах эсэх нь тодорхойгүй байна
ШУУРХАЙ: ҮХЦ-ээс хариу ирээгүй тул байнгын хороо, чуулган хуралдах эсэх нь тодорхойгүй байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.