Нар шингэх дөхжээ. ... зочид буудлын урдхан талд хөл хөдөлгөөн ч ороод эхэлж. Хажуугаар зөрөөд өнгөрөх би байтугай ам дамжин сонссон хэн ч ЭНД яагаад хөлтэй байгааг хэлээд л өгнө. Өнөөх муу нэртэй, луу данстай биеэ үнэлэгчид л энд бараг л амьдардаг гэлцэх. Харин миний харсан хэсэгхэн хугацааны зураглал. Чулуугаар мэргэлж суугаа нэгэн хөгшний дэргэд нэгэн бүсгүй ирж суугаад “Өчигдөр орлогын үүд нээгдсэн шүү” гэж ихэд баясангуй хэлчихээд явж одов. Ах хүү магнайгаа даран халаглана. Залуу бүсгүйг өрөвдөж буй нь илт.
Хэн ч харсан тэднийг амны зугаа болгоно. “Дуртайдаа л биеэ үнэлж яваа”, “Амар хялбар аргаар мөнгө олох гэсэн юмнууд” гэх үгийг унагаах хүн их. Зарим талаар биеэ үнэлэлтийг зөвтгөх аргагүй. Гэвч бидний мэдэхгүй амьдрал ТЭДНИЙ цаана байвал яах вэ. Хэн нэгний хайрлаж өсгөсөн охин үр нь хүний гарт орчихоод хараан дор нь хөдөлж ч чадахгүй ХОХИРОГЧ болчихоод яваа юм биш биз. Магадгүй бид хохирогчийг “хэрэгтэн” мэтээр хараад явбал яах вэ. Товчхондоо, бусдын эрхшээл, заналхийлэл, айлган сүрдүүлэлт дор хүчээр биеэ үнэлж буй эмэгтэйчүүд бол хүн худалдаалах гэмт хэргийн тэр дундаа бэлгийн мөлжлөгт өртөгсдийн өчүүхэн нэг хэсэг нь.
-БИДНИЙ АЛДАА: Охид эмэгтэйчүүд харийн нутагт л бэлгийн мөлжлөгт өртдөг-
Дан ганц харийн нутагт бусдын эрхшээлд орж, бэлгийн мөлжлөгт өртсөн эмэгтэйчүүдийг энэ төрлийн гэмт хэргийн хохирогч гэж хардаг нь бидний хамгийн том алдаа гэж хэлж болно. Үнэн хэрэгтээ хүн худалдаалах гэмт хэрэг түүний дотор бэлгийн мөлжлөг дотоотод ч үйлдэгддэг гэдгийг бид ойлгох шаардлагатай байна.
2017-2022 оны эхний 5 сарын байдлаар хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн 64 гэмт хэрэг бүртгэгдэж, 237 хүн хохирогчоор тогтоогдсон байна. Эдгээр 237 хохирогчийн 57 нь хилийн чанадад хохирсон бол үлдсэн хэсэг нь дотоодод буюу эх орондоо энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болж, бэлгийн мөлжлөгт өртсөн байна. Өөрөөр хэлбэл, бидний хажууд ч энэ төрлийн гэмт хэргийн хохирогч алхаж байхыг үгүйсгэхгүй.
Охид эмэгтэйчүүдийг саун, массаж нэрийн дор биеийг нь үнэлүүлж байсан хэрэг өнгөрсөн онд шил шилээ даран гарсан. Энэ бол гэмт хэрэгтнүүдийн арга нарийсч буйг илтгэх дохио юм. Тухайлбал, энэ оны нэгдүгээр сарын 11-ний өдөр 14-16 насны насанд хүрээгүй охид, эмэгтэйчүүдийг хүчээр биеийг нь үнэлүүлж "ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРЭГ" үйлдсэн байж болзошгүй этгээдүүдийг хохирогч нарыг орогнуулж байсан газраас нь дайчлан баривчилж байв. Энэ байдал нь бэлгийн мөлжлөг дотоодод ч үйлдэгдэж буйг илтгэнэ.
-ШАЛТГААНЫ ХЭЛТЭРХИЙ: Ковид 19 гарч хил хаагдсан нь дотоодод бэлгийн мөлжлөг нэмэгдэхэд нөлөөлжээ-
Харин бэлгийн мөлжлөг дотоодод газар авч буйн шалтгааныг бид хайж болох вэ. Дэлхий нийтээр тархсан цар тахал. Монгол Улс ч ялгаагүй цар тахлын үеийг туулж байна. Гэтэл коронавируст халдвар гарснаас хойш дотоодод бэлгийн мөлжлөг нэмэгдсэн ба энэ нь хил хаагдсантай холбоотой хэмээн IRIM судалгааны байгууллагаас хийсэн судалгаанд тэмдэглэжээ. Өөрөөр хэлбэл, улс нийтээрээ өвчин зовлонд анхаарлаа шилжүүлчихсэн байх цагт ч гэмт хэрэгтнүүдийн хүсэл, шуналаа гүйцэлдүүлэх гэсэн бодол охидыг ангуучилсаар байж.
Үүнээс харахад, Малайз руу, Хятад руу зарагдаад байна гэх нийтлэг хандлага зонхилдог байснаас шалтгаалан дотооддоо охидын биеийг хүчээр үнэлүүлж байгаа кейсүүд дээр анхаарлаа хандуулах нь бага байсныг харуулж байна. Нөгөө талдаа дотоодод үйлдэгдэж буй энэ төрлийн гэмт хэрэгт нүд тавьж, анхаарах цаг болсныг цар тахал сануулсан гэлтэй.
-АРГА НАРИЙССАНЫГ АНХААР: Олзлогсод цахим сүлжээнд охидыг АНГУУЧЛАХ боллоо-
Анх сонссон хэн ч “Эх орондоо байгаа юм чинь” гэж ам бардам хэлнэ. Гэтэл өнөөдөр эх орондоо хүртэл бэлгийн мөлжлөгийн хохирогч болох эрсдэлтэй цэвүүн цагт бид амьдарч байна. Тэгвэл бид цэцэг цэврүү шиг охидоо гэмт хэрэгтнүүдээс хэрхэн хамгаалах вэ. Энд гэмт хэрэгтнүүдийн хэрэглэж буй арга АНХААРАЛ ТАТНА.
Тэдний арга хүнээс хүнд байв. Тодруулбал, бусдаар дамжуулан охид бүсгүйчүүдийг холбон зуучлах, ятган сэнхрүүлэх, хууран мэхлэх замаар эрхшээлдээ оруулдаг байв. Энэ арга нь одоо ч хэвээр. Харин тэдний бусармаг үйлдлээ гүйцэлдүүлэх сонгодог арга нь цахим сүлжээ болжээ. Ялангуяа цар тахлаас шалтгаалан олон нийтийн дунд цахим хэрэглээ эрс нэмэгдсэн. Тухайлбал, иргэдийн амжиргааг дордуулсан хүчин зүйлийн судалгаанд оролцогчдын 12.4 хувь нь гэр бүлийн гишүүдийн сошиал медиа хэрэглээ огцом нэмэгдсэн гэх хариултыг өгчээ. Өөрөөр хэлбэл, цахим сүлжээ бидний өдөр тутмын амьдралын энгийн хэрэглээ болсон байна. Энэ нөхцөл нь гэмт хэрэгтнүүдийн өгөөш тавих орчныг бүрдүүлж байна.
Үүнд, ялангуяа хүүхэд, залуусыг хамаатуулж болно. Та цахим сүлжээнд “аялаж” байх зуурт нүдний тань үзүүрт санамсаргүй байдлаар “Санхүү өгнө, авна” гэх зар харагдсан гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ төрлийн зар мэдээлэл байршуулах групп хуудсууд ч эмх замбараагаа алдаж байна. Шалгадаг ч эргээд л гараад ирэх “тоглоомын хүрдтэй”.
Цагдаагийн байгууллагаас 2019-2020 оны хооронд цахим орчныг ашиглан охид, эмэгтэйчүүдийг олзлон авч, эрхшээлдээ оруулан зорчих эрхийг нь хязгаарлаж бусдад хүчээр биеийг нь үнэлүүлж ашиг олдог найман бүлгийн 18 этгээдийн үйлдсэн гэмт хэргийг илрүүлж холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж 2020 онд шүүхээр шийдвэрлүүлсэн аж. Нэг бүлэг нь охидын биеийг үнэлүүлж шөнийн дотор 500 мянган төгрөгөөс 2 сая хүртэлх төгрөгийн орлого олж байсныг ЭЦА-наас тогтоосон байдаг. Нэг л жишээг нь дурдая.
ХОХИРОГЧ: Харанхуй өрөөнд хорьж, хүчээр биеийг минь үнэлүүлдэг байсан
...PC тоглоомын газарт ажилд орсон. Эхэндээ бүх зүйл хэвийн байсан. Нэг өдөр гэр лүү маань хариулахгүй, гадагш гарч болохгүй гээд сүрдүүлж харанхуй сүлжээ барихгүй өрөөнд хорьсон. Энэ хугацаанд биеийг хүчээр үнэлүүлдэг байсан. Цагийн 10 мянган төгрөг авдаг. Надад мөнгө өгдөггүй. Өдөр, шөнө хамаагүй ажиллуулна. Тэд нар хар тамхи хэрэглэдэг. Намайг архи уулгадаг байсан. Болимоор байна гэхэд айлгаж сүрдүүлнэ. Нэг хүн танай доод өрөөнөөс хүн уйлаад байна гээд цагдаад дуудлага өгсөн байсан. Дуудлага өгсөн даруйд намайг газар руу шилжүүлсэн. Тэд утас болон цахим хуурамч хаяг ашиглан охидыг олдог...
/Хохирогчийн яриа/
Цахим сүлжээнд хий дэмий цагийг гарздаж байх зуур тань олзлогсод нь “охидоор” хооллохоор завдаж байхыг үгүйсгэхгүй. Гэмт хэрэгтнүүд ихэнхдээ зургийг чинь цахим сүлжээнд тараана, ар гэр, найз нөхдөд чинь явуулна гэх мэтээр заналхийлдэг гэнэ. Бид цахим сүлжээнээс үр хүүхдээ хамгаалах цаг болсон гэдгийг энэ мэт ганцхан жишээ харуулж байна.
Түүнээс гадна гэр бүлийн уур амьсгал, санхүүгийн байдал, сэтгэлзүй таагүй байх нь ХХГТ-т өртөх эрсдлийг нэмэгдүүлж байгаа гэх судалгаа бий. Таны хүүхэд цахим сүлжээний яг “хаана” нь явна вэ.
-Цахим хэрэглээнд хяналт тавьж, эцэг эх бүр үр хүүхдэдээ зөвөөр үлгэрлэе-
Сүүлийн таван жилийн дотор хүн худалдаалах гэмт хэрэгт 95 насанд хүрээгүй хүүхэд өртжээ. Ингэхдээ цахим сүлжээ сонгодог арга нь болж байгааг дурдсан. Тэгвэл энэ нөхцөлд хүн худалдаалах гэмт хэрэг тэр дундаа бэлгийн мөлжлөгөөс хамгаалахад эцэг, эхийн хараа хяналт, хүүхэд багачууд мэдлэг мэдээлэлтэй байх чухал байна. Тухайлбал, цахим орчинд хэрхэн хувийн мэдээллээ хамгаалах, танихгүй хүнээс ирсэн найзын хүсэлтийг хүлээж авахаас татгалзах, нягтлах, шаардлагатай тохиолдолд хууль хяналтын байгууллагад хандаж эрхээ хамгаалуулах боломж бий гэдгийг сануулах хэрэгтэй.
Цахим сүлжээг зөвөөр ашиглах нь түүнээс ч давсан үр дүнг өгнө. Харин буруугаар, зохисгүй байдлаар ашиглах нь өөрийг болоод өрөөлийг үл хэмжигдэх эрсдэлд оруулна гэдгийг ойлгоё, саная, сануулья. Цаг ямагт.
Хүн худалдаалах гэмт хэрэг тэр дундаа бэлгийн мөлжлөгтэй холбоотой хэд хэдэн баримтыг энд хүргэе.
-ХХГХ-т насны хувьд залуучууд өртөх магадлал өндөр байна-
-Дотоодод ХХГХ-ийн хамгийн эрсдэлтэй байршлуудад Улаанбаатар, Өмнөговь, Дорноговь, Дорнод аймгууд багтаж байна-
-2020 онд насанд хүрээгүй эрэгтэй хүүхэд бэлгийн мөлжлөгийн хохирогч болсон НЭГ ТОХИОЛДОЛ бүртгэгджээ-