Өнөөдөр буюу долоодугаар сарын 18-нд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Цагаан Нуур боомтод очиж ажиллаа. Энэ үеэр Цагаан нуур боомтын ажлын үйл явцын талаарх мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр "Монгол Улс далайд гарцгүй орон. Тийм учраас бүх боомтоо автозамаар холбож, Алтанбулаг-Замын-Үүд боомтыг хурдны замаар холбох ажил бий. Баруун босоо тэнхлэг, зүүн босоо тэнхлэгийн төмөр замын ажил хийгдэж эхэлж байна. Өнөөдөр миний бие 9 дэх боомт дээрээ буюу Баян-Өлгий аймгийн Цагаан нуурын боомтод ирээд байна.
Цагаан нуур тосгонтой 27,8 км замын ажлын явцтай танилцлаа. Боомтын үйл ажиллагааг биечлэн танилцаж байна гэхээсээ илүү 2 хөрш улсдаа ач холбогдлоо илэрхийлж байгаа юм. ОХУ, БНХАУ-ын Засгийн газартай томоохон төслүүд хэрэгжүүлж эрчимжиж байна.
Цагаан нуурын боомтыг ирэх сарын сүүлчээр Өлгий хоттой холбоно. Энэ боомт нь ОХУ-тай хиллэдэг гол боомтуудын нэг. Энэхүү ажлыг дуусгаснаар экспорт нэмэгдэх цаашлаад баруун аймгийнхан хүнсний бордоо, шатахуун зэргйиг оруулж ирэх голлох боомт болно" хэмээлээ.