Баяр наадмын үеэр хоолны хордлого болон болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг зөвлөмжийг НЭМҮТ-с өглөө.
"Сүү тараг, цагаан идээ, гүүний саам зэргийг гэсгээж буй түүхий махны хажууд тавих нь хоорондоо үл цохилдож, биеийг хорлоно"
НЭМҮТ-ийн Эрдэм шинжилгээний ажилтан Б.Лхагважав: Сүү тараг, цагаан идээ, гүүний саам зэргийг гэсгээж буй түүхий махны хажууд тавих нь хоорондоо үл цохилдож, биеийг хорлоно гэсэн үг. Зуны улиралд байгаль цаг уурын эрхшээлээс үүдэн, хүний бие махбодын арьсны гадаргуу дах нүх сүв бүгд нээгддэг. Энэ үед гадаа хэт их халсан биеийн элчийг уг нүх сүвээр гадагшлуулж, тэнцвэрийг хангадаг. Ингэж биеийн элч гадагшлахын хэрээр ходоодны галын элч /уламжлалт анагаах ухаанд хоол шингээлтийг хэлдэг/ буурдаг. Иймд удаан боловсордог мах махан бүтээгдэхүүнээс татгалзаж, сүү сүүн бүтээгдэхүүн түлхүү хэрэглэх ёстой. Дангаар нь хэрэглэж болох ч нийлүүлээд хэрэглэвэл найруулсан хор мэт биеийг хямраадаг хоол хүнснээс татгалзах ёстой.
Хүнсний мах нь төрлөөсөө шалтгаалан хүний ходоодонд 4-6 цаг боловсордог. Энэ хугацааг бага байлгах хэрэгтэй. Манай ард түмэн Үндэсний баяр наадмын өдрүүдэд халуун хуушуур, хорхог идчихээд араас нь айраг, хүйтэн ундаа зэргийг уудаг. Энэ нь хоорондоо цохилдохгүй хоол хүнс учир биеийг хямраадаг. Бие хямарснаар дархлаа муудаж, шим тэжээлийн бодиос биед бүрэн шимэгдэж чадахгүй нөхцөлийг бүрдүүлнэ. Дархлаа муудсанаар өвчлөмтгий болно. Хүмүүсийн дунд нийтлэг буруу ойлголт байдаг нь махан бүтээгдэхүүн хэрэглэсний дараа хийжүүлсэн ундаа уувал хоолыг задалж шингээдэг гэж ярьдаг. Бидний ходоод хоол хүнсийг дулааны аргаар боловсруулдаг. Гэтэл халуун хоолны араас хүйтэн зүйл уух нь ходоодонд хоол хүнсийг удаах шалтгаан болдог.
Мөн өглөө бүр заавал 7.40-9.40 минутын хооронд хөнгөн хоол буюу аяга ус, цай, талх, өндөг зэргийг хэрэглэх ёстой байдаг. Ингэж өлөн элгээ тайлснаар ходоодны шархлаа бусад өвчлөлүүдээс урьдчилан сэргийлэх боломжтой.
"Бүрэн болсон хүнс болон, түүхий хүнсийг нэг дор байлгаснаар хоолны хордлого гардаг"
НЭМҮТ-ийн хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан Б.Мөнхтунгалаг: Хоолны хордлогоос урьдчилан сэргийлэх таван зөвлөмжийг танилцуулъя.
Дэлхийн хэмжээнд жил бүр зургаан сая хүн ямар нэг байдлаар бохирлогдсон хоол хүнс хэрэглэсний улмаас хоолны хордлогоор өвчилж, 420 мянган хүн нас бардаг. Манай улсад 2022 оны эхний зургаан сарын байдлаар 74 хүн өвчилсөн байна.
Хоолны хордлогоос урьдчилан сэргийлэхийн тулд:
- Хоолыг цэвэр байлгах ёстой. Энэ нь гарын ариун цэвэр сахихаас эхэлнэ. Гарын ариун цэвэр сахихын ач холбогдлыг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бодитойгоор баталж харуулсан.
- Хүнсийг хийж буй сав суулга, багаж, хүнстэй хүрэлцэж буй бүх гадаргуу цэвэр байх ёстой. Хамгийн гол нь хүнстэй хүрэлцэж буй хүн нь өөрөө эрүүл буюу цэвэр байх ёстой.
- Бүрэн болсон хүнс болон, түүхий хүнсийг тусгаарлах ёстой. Шууд хэрэглэдэг жимс бусад төрлийн бүтээгдэхүүнийг түүхий хүнс буюу заавал халуун боловсруулалт хийж байж хэрэглэх шаардлагатай хүнстэй нэг дор байлгаснаар хоолны хордлого гардаг. Жишээлбэл түүхий мах, болсон мах, түүхий өндөг, болсон өндөг зэргийг хамт байлгаж болохгүй гэсэн үг.
- Хоол хүнсийг гүйцэт чанаж болгох. Нян нь 70-аас дээш хэмд устаж, үгүй болдог. Тиймээс гүйцэт болсон хоол хэрэглэх чухал.
- Хүнсийг зохих хэмд хадгалах. Ямар нэг хүнсний бүтээгдэхүүний хадгалах температурыг алдагдуулснаар тухайн бүтээгдэхүүний шинж чанар алдагдаж, өвчин үүсгэгч үржих таатай орчин бий болдог.