Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ Үндсэн хуулийн үлгэр ба ҮХНӨ-г “ГОЛ ГАРГАХ” технологи

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 49 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Намын удирдлагууд нь ҮХНӨ-өө явуулах гээд чичирчихсэн, УИХ-ын гишүүд нь иргэдээсээ гөл авчихсан байдалтай эрх баригчид наадмаа угтаж байна. Уг нь Ардын намын дутуугаа гүйцээж, дундуураа дүүргэх гээд байгаа санаа нь агуулгын хувьд зөв. Даанч улс орныхоо эдийн засгийг элгээрээ хэвтүүлснийхээ горыг амсаж, ҮХНӨ нь иргэдийн дэмжлэгийг авахгүй байна. Товчхондоо, ҮХНӨ нэг мөр замхрах шат руугаа эргэлт буцалтгүй орсон. Иргэдэд “алуулж” байснаас ҮХЦ-ээр асуудлаа шийдүүлье гэдэг технологид МАН дээр, дооргүй төвлөрч байна. Цэц ч эхний “даалгавар”-аа амжилттай гүйцэтгэж “Сонгуулийн тогтолцоог УИХ шийднэ” гээд нэг асуудлаар дөрөв дэх мунаг шийдээ гаргасан.

Үүнтэй параллель байдлаар өнгөрсөн өдрүүдэд Ардын намынхан “ҮХНӨ-ийг хийж байснаас цоо шинэ Үндсэн хууль бичье” гэдэг санаачилгатай болжээ гэх мэдээллийг олон нийтэд зориудаар өгч буй нь ажиглагдаж байна. Энэ яриаг гаргасан этгээд нь Их хурлын дарга Г.Занданшатар. Саяхан нэг уулзалтынхаа үеэр “Ер нь Шинэ Үндсэн хууль бичих нь зөв. Энэ чиглэлд ажлын хэсэг гаргах гэж байгаа” гэх агуулгатай зүйл ярьсан байна лээ.

УИХ-ын дарга ийм зүйл яриад явж байна гэдэг бол ҮХНӨ бат арааны “нохойн замаар” орсны дохио, тэмдэг. Манайхан аливаа юмыг баяжуулан замхруулахдаа мэргэжлийн улс. Шийдэхгүй гэсэн зүйлээ дуун дээр нь өлгөж аваад “Наадах дээр чинь нэмээд энийг, бас энийг, бас тэрийг шийдчихье”. “Ингэж байгаа бол тэгье” гээд үндсэн санааг нь гол гаргачихдаг. 4-5 заалт хөндөөд ҮХНӨ-ийг хийе гэхээр өөдөөс шинэ Үндсэн хууль ярьж буй нь эрх баригчид ҮХНӨ-ийг унтуулаад, бүүвэйлээд нэг мөр хаяна гэсэн үг.

Үндсэн хууль шинээр бичнэ гэдэг бол Г.Занданшатар, Н.Энхбаяр хоёр санааныхаа зоргоор хийчихдэг тогоо шанаганы ажил биш. Мань эр үүнийгээ мэдэхийн дээдээр мэдэж байгаа.

Дөрөвдүгээр Үндсэн хуулийг бичих гэж нийгмийн салбар, салбарын хэдэн зуун төлөөлөл бараг 2 жил махийж байж арай гэж бичсэн. Б.Чимэд гуай шиг асуудлыг агуулга, том зургаар нь холбож чадах боловсон ч байхгүй. Мөн өнөөдөр шиг нийгэм нь улаан хэрүүлтэй, стресс, талцал бухимдлаар дүүрчихсэн. Улс төр нь гадна дотны явуулгад хэт автаж, улс төржилт нь савнаасаа хальсан энэ цаг үед шинэ Үндсэн хууль бичнэ гэдэг бол биелэгдэшгүй даалгавар. Тэгээд ч 2024 оны сонгуулиар МАН дахиад хэт олонх болж чадах нь ч эргэлзээтэй.

Хууль зүйн ажиллагааны хувьд ч асар их цаг хугацаа зарцуулна. Дагаж мөрдөх, заавал хийж гүйцэтгэх ёстой маш олон дүрэм, журам бий. Өөрөөр хэлбэл, ҮХНӨ бол шинээр бичихээс бараг 100 дахин хялбар юм. Тиймээс ҮХНӨ олон нийтийн дэмжлэг авахгүйг мэдэрсэн эрх баригчид шинэ Үндсэн хууль мэтийг ярьж Т.Доржханд тэргүүтний ҮНДСЭН САНААГ гол гаргаж эхэллээ.

Г.Лхагвадорж

ЦЕГ: Наадмын тасалбарыг шагласан бүлэг этгээдийг илрүүлж, шалгалтын ажиллагааг хийж байна
ЦЕГ: Наадмын тасалбарыг шагласан бүлэг этгээдийг илрүүлж, шалгалтын ажиллагааг хийж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.