Сүүлийн жилүүдэд хүн амын дунд хавдрын өвчлөл эрс нэмэгдэх болсон нь санаа зовоосон асуудлын нэгд зүй ёсоор багтах болсон. Манай улсад хавдар судлалын салбар үүсэн хөгжөөд эдүгээ 60 жилийн хугацааг ардаа үдсэн гэдэг ч хөгжлийнхөө хувьд дэлхийд хоцорч яваа гэдэг нь үнэн. Тухайлбал, өнгөрөгч өдрүүдэд хошин урлагийн уран бүтээлчид ХСҮТ-д 269 сая төгрөгийн үнэ бүхий эрт илрүүлгийн эхоны аппаратыг ХСҮТ-д хандивласан. Олон нийт үүнийг ХСҮТ-д маш том хөрөнгө оруулалт боллоо хэмээн дүгнэсэн ч аппараттай холбоотойгоор ойлголтын зөрүүтэй хандлага бий болсон нь ажиглагдсан. Тэгвэл хандиваар хүлээлгэн өгсөн аппарат ба ХСҮТ-ийн тоног төхөөрөмж, хүчин чадал болон бусад цаг үеийн асуудлаар ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүүтэй ярилцлаа.
-Хошин урлагийн жүжигчид хүнд өвчний улмаас хорвоог орхисон найзынхаа дурсгалд зориулж ХСҮТ-д эрт илрүүлгийн аппарат хандивласан. Юун түрүүнд та хандиваар хүлээлгэн өгсөн аппаратын хүчин чадал, Монголд хэдэн ширхэг байдаг тал дээр мэдээлэл өгөхгүй юу?
-Хорт хавдраар залуухан анд нөхрөө алдсан хошин урлагийн жүжигчид нэг ч гэсэн хүн дахин бүү хожуу шатандаа оношлогдоосой гэсэндээ ХСҮТ-д 269 сая төгрөгийн үнэтэй орчин цагийн хиймэл оюун ухаан бүхий эхо аппаратыг бэлэглэсэн. Бид үүнийг талархан хүлээн авахын сацуу хэргийг нь гаргана л гэж бодож байгаа. Хамгийн гол нь, түүнээс хойш тус аппараттай холбоотой асуудлууд өрнөж эхэллээ. Хошин урлагийн жүжигчдийн хандивласан хамгийн сүүлийн үеийн аппарат нь Монголдоо хоёр дахь нь гэдэг утгаар хэлсэн. Энэ нь ч үнэн. Харин өнөөдрийн байдлаар гурван ширхэг болж байх шиг байна. Удахгүй манайх тус эхоны аппаратаас өөрсдийн хөрөнгөөр нэмж хоёр ширхгийг худалдан авах гэж байгаа. Нийт таван ширхэг аппараттай болно гэсэн үг. Цаашид, дүүрэг, аймгуудын хувийн эмнэлгүүдэд нэмэгдээд явах байх.
Хавдар судлалын эмнэлэг 20 гаруй эхоны аппараттай. Түүний ихэнх нь 8-12 жил болчихсон эхоны аппаратууд. Хамгийн сүүлийн үеийнх нь 2020 онд худалдан авч байсан аппарат. 2020 онд ХСҮТ дөрвөн ширхгийг худалдан авсан байдаг. Ийнхүү 2022 онд үйлдвэрлэгдсэн, гар утсаар жишиж ярьвал Iphone гар утсын хамгийн сүүлд гарсан шинэ загвар нь гэсэн үг л дээ. Ийм л аппаратыг бид хүлээн авсан. Үүний хүчин чадал, дүрслэл, хиймэл оюун ухаанд суурилсан технологийн давуу талыг Ангиографийн тасагтаа түлэх эмчилгээнд хэрэглэхээр хүлээлгэн өгсөн. Өөрөөр хэлбэл, эрт үеийн хавдрыг эмчлэх зорилгоор гэсэн үг.
-Өрх, дүүргүүд болон бусад эмнэлгүүдэд ашиглаж байгаа эхоны аппаратаар хавдар илрүүлчихдэг байсан бол өнөөдөр манай улсад хавдрын өвчлөл ийм байдалтай байх уу гэх байдлаар олон нийт шүүмжилж байна. Ер нь эхоны аппарат бүрээр хавдрыг илрүүлэх боломжтой юм уу. Аль эсвэл энэ нь хүчин чадлаас шалтгаалсан зүйл үү?
-Эхоны аппарат гэдэг утгаараа буюу нэршлээрээ адил. Гэхдээ хүчин чадлын хувьд ялгаатай. Хандиваар өгсөн тус аппаратыг хамгийн өндөр хүчин чадалтай л гэж ойлгох хэрэгтэй.
Гадуур хэдэн оны, ямар үйлдвэрийн, хаанахын эхо байгааг хэлж мэдэхгүй шүү дээ. Сайн ч, муу нь ч байгаа. Хүчин чадлаасаа хамаараад илрүүлэх түвшин нь хүртэл өөр. Хүчин чадал сайн байхын хэрээр хавдар гэлтгүй зарим төрлийн эмгэгийг тухайн эхо дүрслэлийг тод харуулна л гэсэн үг.
Харин түүнийг харж чадах, оношоо тавьж чадах сайн эмч байх хэрэгтэй. Хэчнээн сайн аппарат байгаад муу эмч байвал түүнийг харалгүй өнгөрөөгөөд л явуулчихана. Тэгэхээр эмч нь ч, тоног төхөөрөмж нь ч сайн байх ёстой. Өчигдрийн манайд хүлээлгэн өгсөн аппаратын хувьд сайн тоног төхөөрөмж. Зөв хүмүүсийнхээ гарт ирсэн. Түүнийхээ хэргийг гаргана л гэж бид ажиллана. Эмчилгээгээ улам нарийвчилж болохоор болсон л гэсэн үг.
Эмчээс хамаардаг зүйлийг орчин үеийн технологи нь өөрөө багасгаад байна шүү дээ. Түүний нэг жишээ нь эрт илрүүлгийн аппарат. Ингэхдээ хиймэл оюун ухааны тусламжтайгаар өөрөө тооцооллоо хийгээд, хавдар байгаа эсэхийг тогтоож эмчид туслах программтай гэсэн үг.
-ХСҮТ удахгүй уран бүтээлчдийн хандивласан шиг сүүлийн үеийн эхо аппаратыг хоёр ширхгийг нэмж авах гэж байгаа талаар та яриандаа дурдсан. Хөрөнгийг нь хэрхэн шийдвэрлэж байгаа юм бэ?
-Одоогийн даатгалын тогтолцоогоор тусламж үйлчилгээгээ үзүүлж түүнийгээ даатгалын байгууллагаас худалдан авдаг. Жишээлбэл, нэг хүн хэвтүүлээд хагалгаа хийлээ гэхэд түүнийх нь оронд тодорхой даатгалын байгууллагаас санхүүжилт өгч байгаа. Тухайн санхүүжилтэд хөрөнгө оруулалт ороогүй байдаг. Ажилчдын цалин, барилгын урсгал зардал, засвар гэх мэтийн хөрөнгө л багтдаг. Харин шинээр тоног төхөөрөмж авч хөрөнгө оруулалт хийхийг ЭМЯ хариуцдаг.
Бид өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ЭМЯ-наас ковидын хөрөнгө оруулалт л авсан. Тусламж үйлчилгээ чиглэлд энэ онд авах шаардлагатай багаж, тоног төхөөрөмжийн саналыг хүргүүлсэн боловч тухайн хөрөнгө оруулалт нь бусад аймгууд, газруудад хуваарилагдсан юм шиг байна лээ. Тиймээс ЭМЯ-тай ярилцаад өөрсдийнхөө төсвөөс тодорхой хөрөнгө оруулалтыг хийхгүй бол тусламж үйлчилгээгээ хөгжүүлж чадахгүй гэх дүгнэлтэд хүрсэн.
Бид өөрсдийнхөө буюу эмч ажилчдынхаа цалин, урсгал зардал зэргээс хэмнэсэн мөнгөө хөрөнгө оруулалт болгож, худалдан авч буй юм.
-Аппарат хүлээлгэн өгөх үеэр нэг өвчтний хавдрыг газар дээр түлж арилгасан. Үүнээс хүмүүс эл аппарад харуулчихвал хавдартай эсэхээ мэдэж, түлүүлчих боломжтой юм байна гэх ойлголт авах шиг болсон?
-Нэгдүгээрт, ийм аппарат дээр оношлуулбал илрэх магадлал нь өндөр. Хоёрдугаарт, ийм аппараттай байгаад түлэхэд эрт үеийн хавдар маш нарийвчлалтай түлэгдэнэ. Улмаар эдгэрэх боломж нь бүрэн бий гэсэн үг. Эмчилгээний үр дүн энэ хэрээр сайжирна. Энд ганц л асуудал бий. Эрт үед нь оношлуулж, ХСҮТ болон бусад эмнэлгүүдэд эмчилгээ хийлгэх хэрэгтэй байгаа юм.
-Цусгүй буюу хутгагүй мэс заслын эмчилгээг Монголд нэвтрүүлэхээр ажиллаж байна-
-ХСҮТ-д шаардлагатай аппаратыг уран бүтээлчид багахан хугацаанд нэгдэн нийлж авч өгч чадлаа. Гэтэл үүнээс 269 сая төгрөгийн аппарат аваад өгчих хэмжээний чадамжтай төр манайд байхгүй юу гэх асуудал гарч ирж байна л даа. Таны хувьд улсдаа хавдрын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ганцхан том эмнэлгийг удирдаж буй хүний хувиар хавдрын чиглэлд шаардлагатай хөрөнгө оруулалтад төр засгаас анхаарч чадаж байна гэж харж байна уу?
-Бүх шинэ технологиудыг нэвтрүүлчихсэн эмнэлэг байна гэвэл хэцүү. Боломж нь ч байхгүй. Гэхдээ эдийн засгийн хувьд үр ашигтай, үйлчлүүлж буй ард түмэндээ хэрэгцээтэй тоног төхөөрөмжийг нь бий болгох л ёстой. Үүний хувьд ХСҮТ он удаан жил ажиллаж л байна. Бид бүхэн дэлхийн түвшинд зарим талаараа хүрсэн, хүрээгүй тэр байтугай хөгжлөөрөө ард нь хоцорчихсон яваа тал ч бий. Түрүүлсэн зүйл одоохондоо алга.
Тухайлбал, туяа эмчилгээний нэвтрүүлж буй шинэ аргачлал нь манай инженер, физикчид, эмч нарын хүчээр орж байгаа зүйл. Бид бүхэн байсан багаж дээрээ шинэ технологиудыг оруулж байна гэсэн үг. Шинэ технологи оруулсанаас биш шинээр аппарат худалдаж авсан зүйл биш. Харин удахгүй туяа эмчилгээний шинэ технологи нь ороод ирнэ. Тэгэхээр шинэ технологиудыг туяа эмчилгээний салбарт бүрэн оруулахын тулд ажиллана. Гэхдээ хийгдээгүй зүйлс их байна.
Шинэ багажаа есдүгээр сар гэхэд авч ирээд цусгүй буюу хутгагүй мэс заслын эмчилгээг Монголд нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Эхо аппаратуудаас гадна мэс заслын багаж мөн тархи, мэдрэлийн хагалгааг хөгжүүлэх ёстой болно. Учир нь манайд тархи, мэдрэлийн хорт хавдрын хагалгаа сул. ХСҮТ Монголд эмчлэгдэхгүй болон сул хавдруудын мэс заслыг заавал хөгжүүлэх үүрэг хүлээж буй юм. Энэ тал дээр тодорхой стратеги гарган ажиллаж байгаа. Үүний хүрээнд мэдрэлийн хавдрын тасгийг бид байгуулж байна. Багажуудаа захиалчихсан. Ирэх оны нэгдүгээр сарын 1 гэхэд тус тасгийн аппаратууд маань ажиллаад эхэлнэ. Бидний зүгээс хүний нөөцөө бэлтгэх асуудал руугаа орж байна.
-Өнгөрөгч тавдугаар сарын 1-нээс улсын хэмжээнд эрт илрүүлэгт хүн амыг хамруулах ажил эхэлсэн. Энэ нь хавдрын илрүүлэлтэд маш чухал нөлөө үзүүлж байгаа байх. Гэхдээ эрт илрүүлэг тал дээр манай улс хэрхэн ажиллах нь зөв гэж та харж байна вэ?
-Хавдрыг эмчлэхийн тулд бид маш олон талаас хамтран ажиллах нь зөв. Иргэдийн эрүүл мэндийн боловсролын дээшлүүлэх мөн өөрсдийнхөө төлөө анхаарал тавьдаг байх, төр засагтаа эрүүл аюулгүй орчинд амьдрах шаардлага тавьдаг байх зэрэг олон асуудлууд ч үүнд багтана. Хавдрын өвчлөл дээр аваад үзье. Хавдар нэгэнт бий болно. Хавдрын өвчлөл багасахгүй, дэлхийд улам л нэмэгдэж байгаа. Хавдрын эрт илрүүлэг тал дээр л анхаарах хэрэгтэй. Эрт оношилно гэдэг нь эмчилгээний үр дүн нь сайжирна гэсэн үг.
Гэтэл манайд ирж буй хүмүүсийн 75 орчим нь хожуу шатандаа буюу эмчилгээ авахгүй шатандаа оношлогдоод байна. Тэгвэл бид ядахдаа энэ 75 хувийг эрт оношилж чадвал, эрт үед нь эмчилгээг эхлүүлэх нь төгс эмчилгээ болчихож байгаа юм. Хүний амь аварч байна л гэсэн үг. Иймээс л эрт илрүүлэг маш чухал.
Гэхдээ дангаараа амжилтад хүрэхгүй. Мэдээж илрүүлж чадвал тухайн хүний амь насыг аврахад дөхөм. Эрт илрүүлэг гэдэг нь өөрөө шинжлэх ухааны үндэстэй. Тогтмол бус, гэнэтийн массыг хамарсан эрт илрүүлгийн процесс амжилтад хүрдэггүй. Шинжлэх ухаанчаар л тогтвортой, зохион байгуулалттай тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй.
-Байгууллагын тоног төхөөрөмжийг хувийн эмнэлэгтээ ашигладаг явдал ХСҮТ-д байхгүй, байх ч ёсгүй-
-Төрөөс эрүүл мэндийн байгууллагуудад шаардлагатай тоног төхөөрөмжийг нь авч өгдөг хэдий ч эмнэлгийн эмч, ажилчид хувийнхаа эмнэлэгт аваачиж ашигладаг гэх явган яриа бий. Өнгөрсөн хоногуудад эл асуудал ч ХСҮТ-тэй холбогдож яригдах шиг боллоо. Энэ тал дээр та ямар тайлбар хийх вэ?
-Өмнө байсан байж магадгүй. Яагаад гэвэл төсвийн байгууллага байхад цаанаас нь төсөв дотроо л амьдар, цалин чинь энэ гээд л хаячихдаг байлаа шүү дээ. Энэ үед тодорхой багажуудаа өөрийн хувийн эмнэлэг дээрээ аваачиж тавьж байгаад эмчилгээ хийдэг, гадуур хагалгаа хийгээд явчихдаг зэрэг асуудал байсан. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд бид бүхэн үүнийг цэгцэлсэн. Одоо бол байгууллагын хөрөнгийг аваад өөр газар эмчилгээ хийвэл маш том зөрчлийн асуудал. Хууль эрх зүйн болон ёс зүйн хувьд ч байж болохгүй асуудал. Ийм асуудал ХСҮТ-д байхгүй, байх ч ёсгүй.
-Асуулгүй өнгөрөөж болохгүй байх. Өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүн асан М.Билэгтийн гэх дөрөвдүгээр эмнэлэгтэй ХСҮТ нэлээдгүй маргаан үүсэх шиг боллоо. Тухайлбал, М.Билэгтийн Хөгжлийн банкнаас авсан зээлийг бид төлөхгүй гэх мэдэгдлийг та удаа дараа хийсэн. Тэгвэл тус асуудал одоо хуулийнхаа хүрээнд ямар шатандаа яваа вэ?
-Шүүхийн шатанд явж байна. Шүүхэд УИХ-ын гишүүн асан М.Билэгтийн нэхэмжлэлтэй асуудлаар ХСҮТ, Монгол Улсын төрийн өмчийн хороо татагдаад явж байгаа. Гэхдээ энэ шүүх хурал нэлээн маргаантай үргэлжилж байна. Учир нь шүүх хурал товлогдсон өдөр яваад очингуут УИХ-ын гишүүн М.Билэгт ямар нэгэн байдлаар хойшлуулаад байгаа юм. Бараг бүтэн жил л хойшлууллаа. Хойшилж байгаа нь цаанаа ямар нэгэн учиртай байх.
Бид өмнө хэлсэн байр суурин дээрээ л байна. ХСҮТ М.Билэгтийн Хөгжлийн банкнаас авсан зээлтэй ямар ч холбоогүй. ХСҮТ Монгол Улсын төрийн өмч хөрөнгө, бараа үйлчилгээ худалдан авах хуулийн дагуу тендерээ явуулсан. Түүнээс шалтгаалж өөр нэг хувийн эмнэлэг хохирч байгаа бол тухайн компани, эмнэлгийн л асуудал. Тийм ч учраас энэ асуудал шүүх дээр унах нь тодорхой. Өмнө М.Билэгт гишүүний нэхэмжлэлтэй асуудал олон улсын Арбитрын шүүхэд очиж, ХСҮТ ялсан. Мөн ХСҮТ-ийн газар дээр барилга барьсан, барилгынхаа зарим эд хөрөнгийг байрлуулсан асуудлыг бид шүүхэд өгсөн. Хоёрдугаарт, төрийн өмчийн бодлого, зохицуулалтын хорооноос болон бусад байгууллагаас манайд ирүүлсэн шаардлагуудыг ч тэдэнд хүргүүлсэн. Хүргүүлсэн шаардлагуудыг маань биелүүлэхгүй тохиолдолд бид өөрсдөө хөдөлнө.
-75 хувь хожуу шатандаа оношлогдож байна гэдэг бол маш өндөр үзүүлэлт. Энэ хэрээр өвчтөнүүдийн эмчилгээний оочир дараалал тал дээр хүндрэл гардаг. Гэтэл улсын хэмжээнд хавдар судлалын ганцхан эмнэлэг байна. Тэгэхээр эмнэлэг нь ганц, өвчтөн нь их байгаа энэ нөхцөл байдлыг шийдвэрлэх гарц, гаргалгааг та юу гэж харж байна?
-Хоёр үйл ажиллагааг зэрэг явуулах ёстой. Нэгдүгээрт, нэгэнт өвчлөл их байгаа учраас түүний хүндрэлүүд илэрч л таараа. Одоо бүртгэгдэж байгаа өвчлөлүүд дээрээ тулгуурлаж эмчилгээний чадавх, эрт илрүүлгийн түвшингээ сайжруулах ёстой. Эмчилгээ, оношлогооны чадавхийг сайжруулах ёстой. Тэгэхээр дагаад эмнэлгийн орчин нөхцлөө сайжруулах ёстой болно. Хүчирхэг сайн эмнэлэг байх ёстой.
Хоёрдугаарт, ирээдүйд бий болох хавдрын өвчлөлийг бууруулахын тулд иргэдийн эрүүл мэндийн боловсрол болон аюулгүй эрүүл орчинд иргэдээ амьдруулах ёстой. Гуравхан сая хүн амтай улс шүү дээ. Энд хэдэн том эмнэлэг маш сайн боловсон хүчнээ бүрдүүлчихээд аймаг, дүүргийн эмнэлгүүдээд дагуулан чадавхжуулах хэрэгтэй.
Өнөөдрийн байдлаар ХСҮТ 275 ортой. Манайтай адил хэмжээний олон эмнэлэг байвал хүч тарамдана. Тиймээс барууны улс орнуудын жишгээр чадвартай боловсон хүчинг нэг дор цуглуулж, төрөлжсөн мэргэшсэн өндөр зэрэглэлтэй төвийг байгуулах хэрэгтэй. Үр дүн нь 100 хувь байдаггүй юм аа гэхэд 90 орчим хувь байх зорилгоор мэргэшсэн төвүүдийг байгуулчихад л болох асуудал. Түүний хүний нөөц нь 600 байя. Тогтолцоогоо маш сайн бүрдүүлчих л ёстой. Өөрөөр хэлбэл, хэн юу хийх вэ гэдгээ нарийн зохион байгуулалтад оруулчихья гэж байгаа юм.
Монголчууд их гоё ярьдаг л даа. Бидний хамгийн дутагдалтай тал нь хэрэгжүүлэхдээ хаядаг. “Монгол хүн аймшиггүй зоригтой. Юунаас ч үл айна. Юуны ч эрэг дээр үл айн очиж чадна. Харин хэзээ ч гүн рүү нь ордоггүй” гэх Урианхай гуайн хэлсэн үг бий. Гүн рүү нь орж үр дүнтэй болгох чадамж нь Монгол хүнд байдаггүй л юм шиг байна. Тиймээс хавдрын тусламж үйлчилгээг дараагийн түвшинд хүргэе гэвэл түр зуурын, богино хэмжээний арга хэмжээ үр дүнд хүрэхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Нэг хоёр жилийн асуудал биш. 10-20 жилийн дараа хавдар энэ хэмжээгээр буурна гэж тооцоолдог. Бид тооцоолол гаргах гэж л хэдэн жил мунгинаж сууна шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа.
ШУУД ҮЗЭХ: