Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол дархчуудын бүтээлүүд өрнө дорнод шагшигдаж, Монголын урлагийг дэлхий дахинд таниулж байна

Ангилал
Улс төр
Хэзээ
Унших
2 минут 54 секунд
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, монгол уран дархны “Түмэн эрдэнэс” нэгдсэн холбоо хамтран “Монгол дархан” үзэсгэлэнг Уран зургийн галерейд зохион байгуулж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх үзэсгэлэнгийн нээлтэд оролцлоо. Тэрбээр монгол дархчуудын урлаж ирсэн эдлэл хэрэгсэлгүйгээр нүүдлийн соёл иргэншлийг, зэр зэвсэггүйгээр Монголын эзэнт гүрнийг, бурхан шүтээнгүйгээр монголчуудын итгэл үнэмшлийг, цаашлаад өнө эртний түүхтэй нүүдлийн соёл иргэншил, даян дэлхийг энхжүүлсэн Монголын эзэнт гүрэн, монголчуудын гүн бат итгэл үнэмшилгүйгээр өнөөдрийн Монгол Улсыг төсөөлөх аргагүйг онцоллоо.
Монгол дархчуудын уран нарийн хийцтэй, төгс төгөлдөр бүтээлүүд өрнө дорнод шагшигдаж, Монголын урлагийг дэлхий дахинд таниулахад чухал хувь нэмэр оруулж байгааг дурдав.

Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын бүтээлүүд гэхэд л дэлхийн сонгодог бүтээлүүдтэй эн зэрэгцэх сод бүтээл хэмээн судлаач, мэргэжилтнүүд өндрөөр үнэлдэг нь монгол дархны ур ухаан, авьяас билиг монголчууд төдийгүй хүн төрөлхтөнд ямар үнэ цэнтэйг харуулж байдгийг тодотгов.

Цаашид монгол дархны урлагийг дэмжин хөгжүүлэхийн тулд уламжлалт гар урлалын арга, технологийг хадгалан хамгаалах, олон улсад хүлээн зөвшөөрүүлэх, өргөжүүлэх чиглэлээр төр, засгийн холбогдох байгууллагууд нэгдсэн бодлогоор ажиллах ёстойг хэллээ.

“Монгол дархан-2022” үзэсгэлэнд 100 гаруй уран дархны 150 гаруй бүтээлийг толилуулж байна.

ТЭРГҮҮН БАЙРТ:
  • “Далайчойнхор хэт хутга” бүтээлээр Г.Хадхүү,
  • “Тэнгэр заяа” бүтээлээр Д.Гэрэл,
  • “Хангарьд хос завьяа” бүтээлээр Б.Отгонбаатар нар шалгарсан байна.

Монгол Улсын түүх соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн зэрэглэлд 778 дурсгал байдгаас 60 орчим хувь нь зоос мөнгөн тэмдэгт, угсаатны болон бурхны шашны уран дархны бүтээл юм.

Харин Соёлын биет бус өвийн үндэсний бүртгэлд уран дархны уламжлалт мэдлэг, арга ухаантай холбоотой найм (Мөнгөн аяга хийх урлал, хэт хутга урлал, Монгол эмээл хийх урлал, Монгол дархны цутгуурын урлал, Цахиур буу хийх технологи, Дархан, мужааны багаж хэрэгсэл урлал, Хөдөлмөрийн багаж зэвсэг урлал) өвийн төрөл зүйл, өвлөн уламжлагчаар 160 гаруй уран дархан бүртгэгджээ.

2016 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Уран дархны урлагийг дэмжих тухай зарлиг гаргасан бөгөөд энэ хүрээнд “Монгол дархан” үзэсгэлэнг гурван жил тутамд нэг удаа зохион байгуулахаар тогтсон юм.

“Сахал“ Д.Эрдэнэбилэг “Хөтөл Цемент Шохой“ ХК-ийг төрд авсныг хүлээн зөвшөөрч ИЛ ЗАХИДАЛ ИЛГЭЭЖЭЭ
 
Улаанбаатарт 25 хэм дулаан, бороо орохгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.