Ардчилсан намын XIV Их хурал ирэх сарын 2-нд товлогджээ. Энэ тухай тус намын дарга асан С.Эрдэнэ "Хүн бүр хүсэл мөрөөдөлтэй, өрх бүр аз жаргалтай амьдрах хөгжлийн боломжийг дэмжсэн, иргэд нь эрх чөлөөтэй, эрх тэгш, хариуцлагатай, ардчилсан Монгол Улс нь хувь хүний эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө, улс төрийн эрх чөлөө, шударга ёсны эрх чөлөө, үндэсний эрх чөлөөг эрхэмлэн дээдлэгч, үнэт зүйлс үзэл баримтлалыг нутагшуулан бэхжүүлэхээр Ардчилсан хувьсгал өдгөө олон намын тогтолцоог бий болгож дэлхийн даяаршилтай хөл нийлэн нийгэмшиж даруй 30 жилийг үджээ.
Энэ хугацаанд Ардчилсан нам бүх шатны намын шинэчлэл, хүний нөөцийн эргэлтийг дотоод сонгуулиараа шийдэн, улс төрийн байр сууриа илэрхийлэх, төр засгийн бодлого шийдвэрийг дүгнэх, засаж залруулахад оролцох оролцоогоо хангасаар ирсэн билээ.
Иймд Ардчилсан нам Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн тогтвортой байдлыг хангах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд улс төр, сөрөг хүчний байр суурь, ардчилсан зарчмыг илэрхийлэх, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, Ардчилсан намын анхан болон дунд шатны байгууллагуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх, зорилгын хүрээнд Ардчилсан намын XIV их хурал 2022 оны 07 дугаар сарын 02-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.
Ардчилсан намын XIV их хуралд Монгол улсын 21 аймаг, 9 дүүрэг, 330 сумын мянга гаруй төлөөлөгч оролцоно. Ардчилсан намын мянга мянган гишүүд дэмжигчид та бүхэн тусгаар улсынхаа үзэл бодол, зарчим, ёс зүйт төрийн хөгжлийг, бодлого шийдэл, шинэ боловсон хүчин буй болгохын төлөөх тууштай хичээл зүтгэл, тулхтай хүсэл мөрөөдөл, тэмүүллээрээ туг хийн “ҮНЭТ ЗҮЙЛ, ҮЗЭЛ БАРИМТЛАЛ” дээрээ нэгдэхийг уриалж байна" хэмээжээ.