Засгийн газар хэд хэдэн асуудлаар шүүхэд дуудагдаад буй. Энэ процесс хэн нэгний гэхээс илүүтэй бодлогогүй төрийн явуургүй шийдвэрээс үүдэлтэй. Тодруулбал, нэгэн цаг үед төрийн мэдлээс хувьд шилжээд байсан өмчүүдийг эхнээс нь ээлж дараатай төрд буцаан авах алхам хийсэн нь ийнхүү шүүхийн босго давахад хүргэв.
Ямартай ч Эрдэнэт үйлдвэрээс эхлээд Хөтөлийн цементийн үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэр гээд Монгол Улсын эдийн засгийг сэв хийтэл өргөх учиртай томоохон үйлдвэрүүд төрийн мэдэлд шилжээд байна.
Төр өмчөө буцаан авч иргэдээ, улсын ирээдүйгээ бодож буй нь зүйн хэрэг. Гэвч төр өмчдөө эзэн нь байж чаддаг уу. Эл асуултын хариултыг хайж өнгөрснийг сөхөж үзвээс, үгүй гэж хариулахад хангалттай үндэслэл бий. Өөрөөр хэлбэл, 2000 оныг хүртэл Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар буюу тухайн үеийн ТӨХ-ноос төрийн өмчийн нийт 21 ААН-ийг хувьчилсан байдаг.
Түүний нэг нь Чингис зочид буудал.
Уг буудлын барилгыг Засгийн газрын 1991 оны тогтоолоор банкны зээлээр санхүүжүүлэн дуусгахаар болж, үүнийг хэрэгжүүлж эхэлсэн түүхтэй. “Чингис хаан” зочид буудалтай хамт Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр, Багахангайн махкомбинат зэргийн барилгыг мөн ийм аргаар санхүүжүүлсэн. Ингэж явсаар банкны зээлийн төлөлтөд эрсдэл гарах магадлалтай болсон тул Засгийн газар өөр арга хэмжээ авсан байна. Тэр нь уг дуусааагүй барилгыг зээлээр хувьчлах.
Энэ нь 1994 он. Ингээд хувьчлалын ажил эхэллээ. Тухайн үеийн Сангийн яам, Өмч хувьчлалын комисс зөвшилцөн “Чингис хаан” зочид буудлын барилгыг 15 сая ам.доллараар үнэлж, хувьчлалын тендерийг зарласан байна. Хувьчлал явагдаж, хэд хэдэн компани өрсөлдсөнөөс УИХ-ын гишүүн Сү.Батболдын “Алтай трэйдинг” шалгарч, “Чингис хаан” зочид буудлын шинэ эзнээр тодров.
Улмаар тэрбээр 2013 онд “Чингис хаан” зочид буудлаа УИХ-ын гишүүн асан, Батлан хамгаалахын сайд асан “Ажнай” группийн эзэн Д.Бат-Эрдэнэд 45 сая ам.доллараар худалдсан байдаг. Зарим эх сурвалж түүнээс ч илүү үнэд хүргэсэн гэдэг. Ийн “Чингис хаан” зочид буудлын хувьчлалтай холбоотой асуудал өнөөдөр ч бүрхэг хэвээр.
Тэгвэл дараагийн өмч хувьчлал нь 2004 оны үед хувьд шилжсэн "Улаанбаатар таймс" сонины хэвлэх үйлдвэрийн барилга.
Хотын А зэрэглэлийн газар болох Төрийн ордны зүүн хаяанд байрлах уг барилгын эзэн нь цагтаа төрийн жолоог атгаж явсан. Н.Энхбаяр байв. Эл асуудал түүний "оймсыг" гозолзуулах үеэс олон нийтийн хараанд шилжсэн байдаг. Ямартай ч түүнийг аавын хаалга татуулах тактик хэрэглэн байж нийт 2698 метр квадрат эзэмшил газар, барилгыг төр буцаан авсан. Ингээд 24 орчим тэрбум төгрөгөөр худалдсан. Одоогийн эзэн нь "Таванбогд"-ын Ц.Баатарсайхан.
Энэ мэт булхайтай, будлиантай өмч хувьчлалыг жагсаавал уртаас урт жагсаалт гарна. Уг будлиан, булхайнд Монголын үе үеийн төрийн тэргүүнээс эхлээд парламентад тухалж явсан олон гишүүн нэр, зүс холбогдох нь тодорхой.
Эндээс л төр өмчдөө эзэн байж чаддаггүйг харж болохоор. Үүнийг нь ч чуулганы үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар тов тодорхой хэлсэн. Тэрбээр "Төрийн өмчийн нэгдсэн бүртгэл байхгүй учраас Төрийн өмч, Сангийн яам, Аудитын газар гурван өөр тоо хэллээ. Үнэндээ төр өмчөө мэдэхгүй байна. Төрөөс хувьд шилжсэн гэх компанийн ТУЗ-д яам, Тамгын газрын хүмүүс орчихсон ээлж ээлжээрээ хулгай хийдэг юм шиг байна" гэж байв.
Тэгвэл сүүлийн зургаан жилийн хугацаанд Эрдэнэт үйлдвэр, Хөтөлийн цементийн үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэр гэх зэрэг төрөөс хувьд "шилжсэн" өмчийг төрд буцаан авах процесс өрнөөд байна. Төр иргэнээ, улсын ирээдүйгээ бодож өөрийн өмчөө буцаан авч буй нь зүйн хэрэг.
Гэвч дээр хэлсэнчлэн бодлогогүй төрийн явуургүй шийдвэрээс болж алсын хараагүй шийдвэрийнх нь харгайг ард түмэн үүрэх эрсдэл нүүрлээд байна. Өөрөөр хэлбэл, төр өөрийн өмчөө буцаан авахдаа тулах юм бол хариуцагч талд заавал сонсох ажиллагаа явуулж байж дараагийн алхмаа хийх учиртай. Гэтэл тэгсэнгүй.
Шууд л хүч түрж төр төмөр нүүрээ харуулав. Хариуд нь Засгийн газар шүүхэд дуудагдав. Аргаа бараад сөрөг нэхэмжлэл гаргана гэж амь аргацаасан алхам хийх болсноо мэдэгдэв. Угтаа бол өмнө нь хэлсэнчлэн сонсох ажиллагааг нь явуулчихсан бол Засгийн газар шүүхэд дуудагдахгүй байх боломжтой байв.
Дагаад үүнээс гарах хохирлыг татвар төлөгчдийн халааснаас гарахааргүй байлаа. Харамсалтай нь, харалган төрийн түшээд энэ алхмыг тооцоолсонгүй.
Хамгийн сүүлийн бодит жишээ гэхэд л, Дарханы төмөрлөгийн үйлдврийг Концессын гэрээгээр "Кью Эс Си" компанид олгох шийдвэрийг төр гаргасан.
Гэтэл Концессын гэрээнд Засгийн газрын шийдвэрээр хоёр ч удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг.
Угтаа бол анхны гэрээгээр хэрвээ төр өмчөө буцаан авах болбол "Кью Эс Си" компанид ямар нэг нөхөн төлбөр өгөхгүй байхаар зохицуулсан байдаг. Гэхдээ энэ бол тойм утгаар нь. Харамсалтай нь, Засгийн газрын хоёр удаагийн шийдвэрээр оруулсан нэмэлт өөрчлөлтөөр гэрээ цуцлах болбол "Кью Эс Си" компанид БОДИТ хохирлыг нөхөн төлнө гэж зааж, тусгаж оруулсан байна.
Уг бодит хохирол гэж заасан ганцхан өгүүлбэрт Дарханы төмөрлөгийн үйлвэрийн ТЭЗҮ-ээс эхлээд хүний нөөц, техник хэрэгсэл гээд бүхий л зардлыг хамруулсан байгаа юм. Энэ бол том эрсдэл.
Өөрөөр хэлбэл, Засгийн газар шүүх дээрээ ялсан ч, ялагдсан ч Засгийн газар ихээхэн хэмжээний хохирлыг "Кью Эс Си" компанид нөхөн төлөх нь.
Хамгийн гол нь эл ашиг сонирхлын зөрчилтэй гэж харагдахаар нэмэлт өөрчлөлтийг Засгийн газрын хуралдаанаар хэний лоббигоор оруулж батлуулав. Улстөрийн энэ мэт тоглолтоос үүсэх нөхөн төлбөрийн хохирлын төлбөр мэдээж татвар төлөгчдийн халааснаас гарах нь тодорхой. Тиймээс л төр анхнаасаа хууль дээдлэх зарчмаа бариад сонсох ажиллагааг нь явуулчихсан бол эл эрсдэлээс бага ч атугай сэргийлэх, сэрэмжлэх боломжтой байв. Даанч тэгсэнгүй.
Юутай ч тун удахгүй "Кью Эс Си" компанийн нэхэмжлэлтэй шүүх хурлын тов гарна.
Дагаад Засгийн газар сөрөг нэхэмжлэл гаргана. Эл маргаанд Үндэсний аюулгүй байдалтай холбоотой зүйл заалтыг л малгай хийх ганц боломж Засгийн газарт бий. Үгүй болбоос шүүхээс "Кью Эс Си" компанийн талд шийдвэр гаргах нь тодорхой.
Тиймээс л төр өөрийн өмчөө буцаан авах гэж байгаа бол хууль дээдлэх зарчмаа барь.
Үгүй аваас бодлогогүй төрийн явуургүй шийдвэрээс болж эдийн засаг хямарч, ард иргэд их өр дарах гэсээр нуруугаа холгуулж дуусах нь..