Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХӨНДӨХ СЭДЭВ: Өв залгамжлалын залилан ба залилагчдын ӨГӨӨШИНД бүдэрч буй МОНГОЛЧУУД

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
9 минут 54 секунд

"Өөрийгөө 4.5 сая долларын өв залгамжлагч болсон гэж итгэсэн малчин иргэн 65000 ам.долларыг залилуулсан" гэх мэдээлэл цахим сүлжээнд гарав. Үүнтэй зэрэгцэн фэйсбүүкээр дурласан таньж мэдэхгүй гадны иргэн рүү 18 удаагийн үйлдлээр 77 мянган доллар шилжүүлсэн гэх залилангийн хэргийн мэдээлэл ч олон нийтэд цацагдав. Чухамдаа эдгээр нь залилах төрлийн гэмт хэрэг үйлдэгчдийн арга улам нарийсч, олон улс дамнан залилангийн үйлдлээ үргэлжлүүлэх болсныг илтгэж буй. Өөрөөр хэлбэл, иргэд цахим сүлжээг зохистой ашиглах бүрэн ойлголт, мэдээлэл дутмагийн улмаас залилах гэмт хэрэг үйлдэгчдийн "хоол" болж байна.

Эдгээр нь залилангийн гэмт хэргийн ердөө 1-2 л төрөл нь. Товчхондоо, залилангийн гэмт хэрэг нь маш олон төрлөөр үйлдэгдэж байна. Иймдээ ч сүүлийн жилүүдэд манай улсын иргэд залилах гэмт хэргийн хохирогч болж эд хөрөнгө, сэтгэл санаагаараа хохирох нь нэмэгдэж буйг албаныхан хэлж сануулсаар буй.

Үүний нэг нь өв залгамжлалын залилан. Энэ төрлийн залилагчид иргэд рүү цахим хаягаар холбогдож, их хэмжээний бэлэн мөнгө өв залгамжлуулна хэмээх итгүүлж хохирогчийн мөнгийг залилж авдаг байна. Ийнхүү иргэд залилагчдын ӨГӨӨШИНД бүдэрсээр л, хохирогч болж үлдсээр.

Өв залгамжлалын залилангийн улмаас хохирсон хоёр тохиолдлыг энд дурдъя.

-Цахим шуудангаар ирсэн мэдээлэлд итгэж 21 сая төгрөгөө залилуулжээ-

Монгол Улсын иргэн Д-гийн цахим шуудангийн хаягт [email protected] цахим хаягнаас “...Герман улсын иргэн Флориан Шмейд нь өөрийн өв залгамжилсан хөрөнгөнөөсөө хувь хүртээх байдлаар таны эрхэлж буй бизнест ямар нэгэн хариу төлбөргүйгээр 200.000 ам.доллар өгөх гэж байна...” гэх мэт мэдээллүүдийг 2019 оны зургаадугаар сард илгээжээ. Үүний дагуу урьдчилгаа болгон танд чек илгээж байна, үлдсэнийг нь авахын тулд татвар, шимтгэл, шуудангийн зардалд гэх зэргээр тодорхой хэмжээний мөнгийг шилжүүлэхийг хүссэний дагуу 2019 оны долдугаар сарын 07-ний өдөр 7500 ам.доллар буюу 21.375.000 төгрөгийг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын банкны данс руу шилжүүлэн өгч залилуулсан хэрэг гарчээ.

-ЛИВИ улсад байлдаж байгаа АНУ-ын цэргийн түрүүч нэрээр МУ-ын иргэнтэй холбогдож 77 сая төгрөгийг нь залилжээ-

ЛИВИ улсад байлдаж байгаа Америкийн Нэгдсэн Улсын цэргийн түрүүч нэрээр Монгол Улсын иргэн С-тэй холбогдож 77 сая төгрөгийг залилжээ. Тодруулбал, тухайн иргэнтэй цахим хаягаар харилцаж тусгай ажиллагааны явцад Монгол Улсын иргэн Сүхбаатар нь амь эрсэдсэн бөгөөд Исламын Бүгд Найрамдах Улсад их хэмжээний бэлэн мөнгө болох 4.430.000 ам.долларын хадгаламжтай юм байна, өв залгамжлалаар танд олгогдохоор байна гэж итгүүлжээ. Улмаар илгээмжийн зардалд "Исламын Бүгд Найрамдах улсын банканд данс нээлгэх хэрэгтэй, улс хоорондын их хэмжээний гүйлгээ тул татварын мөнгө төл" гэж хуурч мэхэлжээ. Ингэхэд иргэн С нь 2018 оны зургаадугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны есдүгээр сарын 11-ний өдрийн хооронд нийт зургаан удаагийн үйлдлээр 27.750 ам.доллар буюу 77.662.500 төгрөгийг Бүгд Найрамдах Турк Улсын банкны .......... данс руу шилжүүлэн өгч залилуулсан хэрэг гарчээ.

-Д.Энхчулуун: Их хэмжээний мөнгө өв залгамжлуулна, үүний тулд шимтгэл татвар төлөх ёстой гэх байдлаар иргэдийн мөнгийг залилж байна-

Тэгвэл өв залгамжлалын залилан, нөхцөл байдал болон түүнээс хэрхэн сэргийлэх талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны залилах гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч ахлах дэслэгч Д.Энхчулуунтай ярилцлаа.

-Юун түрүүнд өв залгамжлалын залилангийн гэмт хэргийн талаар ойлголт мэдээллийг манай уншигчдад өгөхгүй юу?

-Сүүлийн жилүүдэд цагдаагийн байгууллагад цахим залилангийн гэмт хэрэг ихээр бүртгэгдэх болсон. Он гарсаар тавдугаар сар хүртэлх хугацаанд залилах гэмт хэргийн гаралтыг өнгөрсөн жилтэй харьцуулбал 2.3 дахин өссөн байна. Цахим залилангийн гэмт хэрэг дундаа romans залилан, өв залгамжлалын, баг хүүтэй удаан хугацааны их хэмжээний зээл олгоно гэсэн залилангууд түлхүү үйлдэгдэж байна.

Өв залгамжлалын залилан гэдгийг тайлбарлая. Цахим сүлжээ тэр дундаа фэйсбүүк, инстаграм хэрэглэгчид рүү гадаад улсын иргэний нэр бүхий хаягаар хохирогч этгээд рүү холбогддог. Ингэхдээ гадаад улсын иргэн бөгөөд томоохон газарт ажилладаг, цаашилбал амьдралынхаа турш хураасан эд хөрөнгөнөөсөө өөрт таалагдсан хүмүүст хувь хүртээх хэлбэрээр хандив өгч байгаа тул танд болон таны бизнест буцалтгүй байдлаар туслая хэмээн хуурч мэхлэн ятгалгад автуулдаг. Дараагаар хохирогч нарт мөнгө шилжүүлэх талаар хэлж, олон улсын гүйлгээ тул их хэмжээний мөнгөн хөрөнгийн гуйвуулга хийхэд шаардлагатай татвар, шимтгэл төлөх шаардлагатай гэдэг байдлаар хохирогчийн мөнгийг гаргуулж авдаг.

Жишээлбэл, 410 сая ам.долларын мөнгөн дүнг яриад түүний шимтгэл болгож 20-30 мянган ам.долларыг авсан тохиолдол бий. “Таны мөнгө удахгүй орох гэж байна, энэ шимтгэлийг төлнө үү” хэмээн хохирогчоос мөнгө залилж авдаг төрлийн хэрэг гэсэн үг.

-Ер нь одоогийн байдлаар өв залгамжлалын залилангийн гэмт хэргийн гаралт ямар байгаа вэ?

-Нарийн тоог хэлэх боломжгүй. Ер нь цар тахлаас шалтгаалан иргэдийн дунд цахим хэрэглээ нэмэгдэхтэй зэрэгцэн цахим гэмт хэргийн гаралт нэмэгдэж байна л даа. Сүүлийн үед өдөрт л гэхэд 2-3 энэ төрлийн өв залгамжлал, romans, гүйлгээний залилангууд бүртгэгдэж байна. Өдөрт 2-3 цахим залилан бүртгэгдэж байгаа.

-Энэ төрлийн залилах гэмт хэргийн хохирогч нарын тухайд цахим сүлжээг ашиглах мэдээлэл дутмагаас шалтгаалж хохирч байна гэж та бүхэн харж байна уу?

-Цахим гэмт хэрэгт өртсөн хохирогч нарын нийтлэг байдлыг ажиглахад, цахим орчинг ашиглах мэдлэг муутайгаас ихээхэн шалтгаалж байна. Тухайн өв залгамжлалын гэмт хэргийг үйлдэж буй этгээд нь фэйсбүүк, инстаграмыг ихээр ашиглаж байгаа. Тухайн цахим хаяг руу нэвтэрч үзэхэд тухайн хохирогчтой харилцахаас өмнөхөн шинээр нээсэн аккаунт байдаг. Хуурамч аккаунт болохыг шууд мэдэж болохоор байдаг юм. Гэтэл хохирогч нар тухайн цахим хуудас, аккаунтыг хянаж хараагүйгээс мөнгөн хөрөнгөөрөө хохирох тохиолдол гарч байна. Иймд иргэд цахим хэрэглээний мэдлэгээ сайжруулмаар байна. Хайхрамжтай, хянуур байх шаардлагатай.

-Манай улсын иргэн өв залгамжлалын залиланд өртөж 98 мянган ам.доллар шилжүүлсэн хэрэг шалгагдсан-

-Ер нь гадаад улсууд руу мөнгөн гуйвуулга байдлаар гүйлгээ хийгдсэн тохиолдолд залилуулсан мөнгөө эргэн олж авна гэдэг нь хэр боломжтой зүйл вэ?

-Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн энэ төрлийн гэмт хэрэг бүрийг шалгаад явж байгаа. Тодорхой улсуудтай байгуулсан эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээний дагуу эл асуудалд ханддаг. Тухайлбал, БНХАУ-ын данс руу хохирогчийн мөнгө шилжсэн хэрэг шалгагдаж байгаа. Турк улстай байгуулсан эрх зүйн харилцан туслалцааны гэрээний хүрээнд тухайн улсын иргэний данс эзэмшигчийг тогтоож өгөх, хохирогчийн мөнгө өөр улсын данс руу гарсан эсэх дээр мөрдөн шалгах ажиллагааг явуулах хүсэлтийг хуулийн хүрээнд явуулдаг.

-Өв залгамжлалын залилангийн гэмт хэрэгт хамгийн ихдээ хохирлын дүн нь хэд байгаа вэ?

-Энэ төрлийн гэмт хэргийн хохирол хамгийн ихдээ 98 мянган ам.доллар шилжүүлсэн хэрэг шалгагдсан.

-Ер нь иргэдийн зүгээс энэ төрлийн залилах гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх боломжтой вэ?

-Залилах төрлийн гэмт хэрэгтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас шат дараатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа. Залилах гэмт хэрэг гэдэг бол хохирогч иргэн өөрөө мөнгө шилжүүлсний үүднээс л бий болдог гэмт хэрэг. Тиймээс иргэд маань өөрсдөө анхаарал болгоомжтой, хянуур байх хэрэгтэй. Нэг зүйлийг сайн санах хэрэгтаэй. Гадаад улсын иргэн тань руу холбогдож, зүгээр байхад тань мөнгө өгнө гэж хандахгүй.

Дөрвөн шүүгчийг чөлөөлүүлэх саналыг Ерөнхийлөгчид хүргүүлнэ
Дөрвөн шүүгчийг чөлөөлүүлэх саналыг Ерөнхийлөгчид хүргүүлнэ
 
Л.Энх-Амгалан: Тэтгэврийн санд 4.7 их наяд төгрөгийн алдагдал үүсээд байна
Л.Энх-Амгалан: Тэтгэврийн санд 4.7 их наяд төгрөгийн алдагдал үүсээд байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.