Хөгжлийн банкны гурван том зээлдэгчийн нэг болох ТОСК-той холбоотой асуудлыг АТГ-аас шалгаж байна. Уг хэрэгт "Нью Яармаг Хаусинг Прожект ХХК"-ийн захирал Ц.Ууганбаярыг холбогдуулан шалгаж байгаа. Түүний хувьд экс Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байсан. Энэ утгаараа түүний нөлөөгөөр Хөгжлийн банкнаас зээл авч улмаар "Шинэ Яармаг" хорооллыг барьсан гэдэг. Ингэхдээ шүүхээс барьцаанд тавьсан байсан 21 үл хөдлөхөө чөлөөлүүлсэн нь шүүхэд нөлөөлсөн байх магадлалтай гэж үзэж буй. Ингээд уг асуудлын эргэн тойронд чухам юу өрнөсөн талаар Хөгжлийн банкны ТУЗ-ийн хараат бус гишүүн, хуульч Ү.Амарбаттай ярилцсанаа хүргэе.
-Хөгжлийн банкны зээлтэй холбоотой асуудал нэг үеэ бодвол намжмал байдалд орлоо. Гэхдээ томоохон зээлдэгчдийн нэг болох Худалдаа хөгжлийн банк тэргүүтэй "Кью Эс Си" компанитай холбоотой асуудал Засгийн газрын төвшинд өндрөө аваад байна. Энэ утгаараа "Нью Яармаг Хаусинг Прожект" ХХК-ийн асуудлыг хуулийнхан хэрхэн шийдэх бол гэдэг тун сонирхолтой асуулт болоод байна. Энэ хэрэгтэй холбоотой танд сүүлийн үеийн ямар мэдээлэл байна уу?
-Хэргийн тухайд АТГ-аас шалгаж байгаа. Уг зээлийн асуудалд ТОСК нь төрийн өмчит компани болох Хөгжлийн банкнаас зээл аваад цаашаа "Нью Яармаг Хаусинг Прожект" ХХК-нд зээл олгосон. Гэтэл зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Шүүхийн шатанд процесс их "сонин" байдлаар өрнөсөн байдаг. Энэ нь Хөгжлийн банк анх өгсөн ам.долларын зээлээ төгрөгт шилжүүлээд хүү, алданги нэмээд 90 гаруй төгрөгийг анх нэхэмжилсэн байдаг. Энэ маргаан үргэлжилсээр эцсийн байдлаар 105 тэрбум төгрөгийг нэхэмжилсэн. Гэтэл шүүхээс 80 тэрбум төгрөгийг олго гэдэг шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, 24 тэрбум төгрөгийн хүү, алданги хүчингүй болсон. Ийм хэмжээний мөнгөөр Хөгжлийн банк хохирсон гэсэн үг.
Хоёрдугаарт, энэ 80 тэрбум төгрөгийг дотор нь задлавал, энэ мөнгийг аваад "Шинэ Яармаг" төсөлдөө зарцуулж орон сууц барьсан "Нью Яармаг Хаусинг Прожект" ХХК нь 60 тэрбум төгрөгийг нь төл. Харин үлдэгдэл 20 тэрбум төгрөг болох хүү, алдангийг ТОСК төлөх ёстой гэдэг шийдвэрийг шүүхээс гаргасан. Энэ тохиолдолд хоёр хохирогч гарч ирж байгаа биз.
Эхний хохирогч нь Хөгжлийн банк. Яагаад гэвэл, 105 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн мөртлөө 80 тэрбум төгрөг авах болсон. Магадгүй одоогийн ханшаар тооцвол илүү өндөр тооцоо гарна. Энэ бол алдагдсан боломж. Хоёр дахь хохирогчийн хувьд ТОСК. Энэ байгууллага нэг ч төгрөгийг хувьдаа аваагүй хэрнээ "Нью Яармаг Хаусинг Прожект" ХХК-ийн өмнөөс 20 тэрбум төгрөгийн хүү, алданги төлөх болчихсон. Яг энэ шийдвэр Давж заалдах шатны шүүхээс гарахад Хөгжлийн банк, ТОСК-ийн аль аль нь Дээд шүүхэд хандаагүй.
-Яг энэ өнцөг анхаарал татсан. Магадгүй Хөгжлийн банк, ТОСК-д гаднын нөлөөлөл ямар нэг байдлаар орсон юм биш үү гэдэг хардлага төрүүлж байна?
-Бичиг баримтыг нь судлахаар хоёр төрлийн дүгнэлт төрсөн. Нэгдүгээрт, Хөгжлийн банкны зээлийн төлөлттэй холбоотой асуудлыг 2022 оны нэгдүгээр сарын 18-наас өмнө болон хойно гэж ангилж болж байгаа юм.
Яагаад гэвэл, яг тэр өдөр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул хэвлэлийн бага хурал хийх үеэрээ чанаргүй зээлтэй холбоотой асуудлыг мэдэгдсэн. Энэ мэдэгдлээс хойш зээлтэй холбоотой асуудал олны анхааралд оронгуут зээлийн эргэн төлөлт нэмэгдэж эхэлсэн. Дагаад шүүхийн процесс хүртэл хурдсаж эхэлсэн.
Гэхдээ энэ бол миний хувийн дүгнэлт шүү. Гэтэл энэ мэдэгдлийг хийхээс өмнө нөхцөл байдал ямар байсан бэ гэхээр Хөгжлийн банк зээлээ эргэн төлөлтөө авч чаддаггүй, өөрсдөө юмныхаа араас явдаггүй, явсан юм нь дандаа бүтэлгүйтдэг байсан. Магадгүй энэ утгаараа хүү, алданги болох 20 тэрбум төгрөгийг ТОСК-оос гарга гэдэг шүүхийн шийдвэр нь тухайн үедээ Хөгжлийн банкинд хангалттай шийдвэр, сонголт байсныг үгүйсгэхгүй. Хоёр дахь дүгнэлт нь өөрийнх нь талд ашиггүй шийдвэрийг шүүхээс гаргачихаад байхад Дээд шүүхэд хандаагүй нь бусдад давуу байдал олгосон ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл. Энэ хоёр дүгнэлтийг аль нэг нь.
-Хэргийн материалыг судлаж үзэхэд дахиад өөр сонин дүр зураг ажиглагдсан. Энэ нь хамгийн анх ТОСК-оос "Нью Яармаг Хаусинг Прожект" ХХК-нд зээл олгохдоо ямар нэг гүйлгээ хийх эрхгүйгээр Худалдаа хөгжлийн банк, Голомт банкны дансанд 50 сая ам.долларыг хувааж битүүмжилж байршуулсан байдаг. Гэтэл БНХАУ-ын ЭКСИМ банкнаас санхүүжилт орж ирэхгүй байгаатай холбогдуулан Хөгжлийн банк, ТОСК-д хүсэлт тавьсан байдаг юм билээ?
-Тэгсэн.
-Гэтэл дээрх хоёр банкинд битүүмжилсэн 50 сая ам.долларыг барьцаалж зээл авъя гэдэг хүсэлтийг тухайн үеийн Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал байсан Н.Мөнхбат, ТОСК-ийн А.Гантулга нар зөвшөөрсөн шийдвэр гаргасан байна лээ. Энэ процесс өөрөө хуулийн үндэслэлтэй юү?
-Үндэслэлгүй. Хөгжлийн банкнаас зээл авдаг нийтлэг аргуудын нэг нь дэврүүн мөрөөдөлтэй, эерэг төсөөлөлтэй томоохон төслүүд байдаг. Бараг бүгдээрээ шүү. Яармагийн дэнжийг бүгдийг нь орон сууцжуулна гэдэг байдлаар. Энэ төсөлд маш их мөнгө хэрэгтэй болно. Энэ мөнгийг хэн өгөх вэ гэхээр БНХАУ-ын ЭКСИМ банк.
Энэ санхүүжилтийг татахын тулд Монголын талаас баталгаа хэрэгтэй.
Энэ баталгааг нь гаргаад өгөөч гэдэг байдлаар анхны яриа хэлцэл явагдсан. Өөрөөр хэлбэл, "Нью Яармаг Хаусинг Прожект" ХХК нь БНХАУ-ын ЭКСИМ банкаас санхүүжилт авах хүртэлх баталгааг нь Хөгжлийн банкнааас ТОСК-оор дамжуулж олгосон. Гэтэл тодорхой хугацааны дараа энэ баталгаа хөрөнгөнөөс өөрсдөө авч хэрэглэсэн. Дараагийн ноцтой хэсэг нь гэрээгээр барьцаалсан барилгаа шүүхдэж байгаад барьцаанд чөлөөлүүлсэн. Энэ нь Улсын Дээд шүүхийн 2019 оны зургаадугаар сарын шийдвэрээр 21 үл хөдлөхийг чөлөөлсөн.
-Ерөнхийлөгч асан Х.Баттулга Салхитын мөнгөний ордын хээл хахуулийн хэргээр бүрэн эрхийг нь түдгэлзүүлж байсан нэр бүхий шүүгч нараас цөөнгүй нь эдгээр 21 үл хөдлөхийг барьцаанаас чөлөөлөх шүүх хуралд оролцож, шийдвэр гаргасан юм билээ. Эндээс барьцаа, өглөг, авлага гэмээр зүйл байгаа юм шиг дүр зураг ажиглагдсан?
-Яг үнэндээ ингэж нөлөөлж гэдэг баримт бидэнд алга. Гэхдээ таамаг бол бий. "Нью Яармаг Хаусинг Прожект" ХХК-ийн захирал Ц.Ууганбаяр нь Х.Баттулгыг Зам тээврийн сайд байх үед нь зөвлөхөөр нь ажиллаж байсан.
Нэг... Дараагийнх нь Хөгжлийн банк, ТОСК, "Нью Яармаг Хаусинг Прожект" ХХК-ийн хооронд үүссэн шүүхийн маргаанд Иргэний болон бусад холбогдох хуулийн дагуу ердийн хэргүүдээс өөр практикаар шийдвэрлэсэн байна лээ.
Хуульчдын дунд "Иймэрхүү төрлийн хэргийг ийм байдлаар шийддэг дээ" гэсэн хандлага байдаг даа. Хэрэг болгон өөр. Гэтэл мэдээжийн хэрэг дээр өөрөөр шийдсэн нь магадгүй эргэлзээ үүсгэх нөхцөл үүсгэсэн. Уг нь зээл өгсөн нь тодорхой. Зээл авснаа хүлээн зөвшөөрсөн. Гэтэл аль ч хуулийн зүйл, заалтыг үндэслээд ч 21 ширхэг үл хөдлөх хөрөнгийг чөлөөлөх үндэслэл байхгүй. Гэхдээ энэ асуудлыг хэн эцэслэх ёстой юм бэ гэдэг асуудал бий. Уг нь Хөгжлийн банк энэ асуудлаар цэг хатгах ёстой. Өөрөөр хэлбэл, 2021 оны гуравдугаар сарын 1-нд шинээр байгуулагдсан Шүүхийн сахилгын хороонд хандах боломж байсан. Магадгүй ТОСК ч хандах боломж байсан.
Дараагийн нэг асуудал нь АТГ-аас энэ хэргийг шалгаж байна. Мөрдөн шалгах ажлын хүрээнд энэ процессыг шийдвэрлэж цэг хатгах боломжтой. Гэхдээ түрүүн хэлсэнчлэн Ц.Ууганбаяр гэдэг хүн Х.Баттулгатай хамаарал бүхий этгээд байсан уу гэвэл тийм.
Хоёрдугаарт, "Нью Яармаг Хаусинг Прожект" ХХК болон Хөгжлийн банкны нэхэмжлэлтэй шүүхийн маргаанд илтэд ашиг сонирхолын зөрчилтэй байж болзошгүй шийдвэр гаргасан байж болох таамаг байна. Энэ бүхнийг Шүүхийн сахилгын хороо хайнаа хагалах боломжтой.
-Тэгэхээр 21 үл хөдлөх хөрөнгийг чөлөөлсөн Анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн Дээд шүүхийн Х.Сонинбаяр тэргүүтэй шүүгч нарыг Шүүхийн сахилгын хороогоор шалгуулах боломжтой гэсэн үг байх нь ээ?
-Бүрэн боломжтой. Яг энэ асуудал дээр та нар ямар хэлбэрээр ажиллаж байгаа юм бэ гэдэг асуулгыг Хөгжлийн банкинд тавьсан.
-Хариу хэзээ өгнө гэсэн бэ?
-Хуулийн хүрээнд 30 хоногт өгөх ёстой. Тэрийг хүлээж байна. Уг нь маш энгийн асуулт шүү дээ. Хөгжлийн банк яагаад Дээд шүүхэд хандаагүй юм бэ. Яагаад, Шүүхийн сахилгын хороонд хандсан юм уу, үгүй юм уу.
-Та энэ асуудлаар ТОСК-д хандаж үзсэн үү?
-Би албан шугамаар хандах боломжтой субьект нь биш болохоор хандаагүй.
-"Нью Яармаг Хаусинг Прожект" ХХК нь ТОСК-оос 50 сая ам.долларын зээл авах үед ТОСК-ийн бүх хөрөнгийг Хөгжлийн банк барьцаанд авсан. Шүүхийн шийдвэрийн дагуу "Нью Яармаг Хаусинг Прожект" ХХК-ийн 21 үл хөдлөх хөрөнгө барьцаанаас чөлөөлөгдсөн. Тэгвэл ТОСК-ийн хөрөнгө яасан бэ?
-ТОСК-ийн хөрөнгө чөлөөлөгдөөгүй. Дээр нь "Нью Яармаг Хаусинг Прожект" ХХК-ийн "Шинэ Яармаг" хорооллыг барьсан газар нь барьцаанд байгаа.
-Тэгэхээр яана гэсэн үг вэ. Хэргийг АТГ шалгаж байгаа. Хэрэг шүүх рүү шилжлээ гэхэд Хөгжлийн банкинд барьцаанд байгаа газар дээр нь нөгөө 21 ширхэг үл хөдлөх хөрөнгөө барьчихсан. Маргаан үүсвэл?
-Хууль зүйн утгаар нь авч болохоор. Гэтэл амьдрал дээр ярьвал худлаа. Аль хэдийнэ иргэдийн өмчлөлд шилжсэн. Харин үлдсэн блокийг барьцаалах замаар Хөгжлийн банк хохирлоо барагдуулах арга зам хайх хэрэгтэй байх.