Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газрын дарга С.Мөнхчулуун цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Орон сууцны ипотекийн зээлээр баталгаажсан баталгаат үнэт цаасны зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох судалгааг хийсэн. Судалгаагаар "МИК ОССК" ХХК нь давамгай байдалтай аж ахуйн нэгж мөн гэсэн тогтоол гарлаа. Энэ тогтоол гарснаар МИК нь Өрсөлдөөний тухай хуульд заасан хориг хязгаарлалтыг мөрдөж ажиллах юм. Өөрөөр хэлбэл, өрсөлдөөнийг хязгаарлаж, бусад аж ахуйн нэгжийг зах зээлд гарч ирэхийг хориглох, тухайн аж ахуйн нэгж зохиомлоор хомстол үүсгэх, нэгдэн нийлэхтэй холбоотой зохицуулалтыг дагана гэсэн үг.
Ноёлох үйл ажиллагааг хоёроос дээш удаа давамгай байдалтай явуулсан тохиолдолд тухайн ААН-ийг татан буулгах, хуваах арга хэмжээг шүүхээр дамжуулан ШӨХТГ хэрэгжүүлдэг.
Хэдийгээр давамгай байдалтай ААН мөн гэж тодорхойлсон ч МИК-ийн үйл ажиллагаанд ямар нэгэн өөрчлөлт орохгүй.
Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар батлагдсан журамд Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, банкууд нь МИК-ын хооронд байгуулах ерөнхий гэрээнд талуудын эрх үүргийг тусгана гэж заасан энэхүү журам нь Өрсөлдөөний тухай хуульд заасан аль нэг компанид давуу байдал олгох зүйл заалтыг зөрчсөн байна. Монголбанк, СЗХ, Засгийн газар болон бусад холбогдох газруудад ипотекийн зах зээлийн өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, хэрхэн зорилтот бүлэгт хүргэх талаар бодлогын зөвлөмж хүргүүлнэ" гэв.