Парламентын гишүүний халдашгүй эрх гэдэг ойлголт бүр 1700-аад оны үед Англид тогтжээ.
Харин хамгийн анх парламентын гишүүний халдашгүй бүрэн эрхт байдлыг 1892 оны Парисын хувьсгалын дараа хуульчилсан байдаг. Тэгвэл яагаад энэ асуудлыг хөндөх болов гэсэн зүй ёсны асуулт гарч ирнэ.
Парламент бол олон ургальч үзэл, ардчиллын үнэт зүйл, эрүүл мэтгэлцээний талбар. Тиймээс парламентын гишүүнийг эрх барьж буй хүчин болон хууль шүүхийн байгууллагаас хамгаалах зорилготойгоор эрх зүйн энэ хамгаалалтыг бий болгожээ.
Өөрөөр хэлбэл нийгмийн нэг дуу хоолой болсон парламентын цөөнх, сөрөг хүчний гишүүдийг хамгаалах зорилготой анх оруулж ирж байсан түүхтэй аж.
Энэ нь парламентын хөгжлийн түүхэнд яван явсаар улам бүр төгөлдөржин парламентын гишүүн парламентын танхимд хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй хэмээх шинэ зохицуулалттай уялдсан юм.
Товчхондоо бол эхлээд цөөнхийн гишүүдийг олонхийн дарамт шахалтаас хамгаалах, ард түмний элч гэдэг утгаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх, эрх баригчдын бодлогод шүүимжлэлтэй хандах, өөрийн гэсэн итгэл үнэмшил, үзэл бодолтой байх эрхийг нь хангах үүднээс халдашгүй байдлыг парламентын засаглалын суурь дархлаа болгож өгсөн.
Парламентын хөгжлийн явцад энэ ойлголт олонхийн бүлгийн гишүүдэд ч хамаатай болжээ. Өөрөөр хэлбэл олонхийн бүлэг доторх өөр үзэл бодолтой гишүүдийн үзэл бодлоо илэрхийлэх, намын бус сонгогчдын, улс орны язгуур эрх ашгийг хамгаалж дуугарахад чиглэгдсэн зохицуулалт болж хувирсан байна.
Тийм учраас гишүүний халдашгүй бүрэн эрх гэдэг хувь гишүүний эрх бус, харин ард түмний элчийн хувьд тэднийг төлөөлөх төлөөллийн эрхийг хамгаалсан зохицуулалт гэдэг нь эндээс тодорхой харагдана.
Нөгөө талаар парламентын гишүүд гүйцэтгэх засаглалд хяналт тавих, гүйцэтгэх засаглалын үйл ажиллагааг шалгах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих эрхийг нь хангах эрх зүйн хүрээнд зайлшгүй байх ёстой зохицуулалт.
Монголчууд бид цэр нь цээжиндээ, бөөр нь бөгсөндөө гэж ярьдаг. Нэг ёсондоо гүйцэтгэх засаглал төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллагынхаа жолоог булааж “хүзүүн дээр нь гараад мордчихгүй” байхад парламентын гишүүний халдашгүй бүрэн эрхийн тухай ойлголт чухал үүрэгтэй.
Ялангуяа парламент дахь улс төрийн намын хүчний харьцаа ойролцоо үед гишүүний халдашгүй байдалд халдах замаар “төрийн эргэлт” хийх эрсдэл ч их бий. Чухам үүнийг манайхан “шүд сугалах” хэмээн нэрийдэж хэвшсэн. Энэ тохиолдолд ард түмний сонголт үнэгүйдэж, зүгээр л дэмий хоосон зүйл болж, гадна дотны улс төрийн хуйвалдааны улмаас “төр эргэх” аюул ч бий болж болзошгүй учраас парламентын дархлааг гишүүний бүрэн эрхээр дамжуулан хамгаалж байдаг гэдгийг мартаж болохгүй.
Ялангуяа парламентын засаглалтай манайх шиг улс орнуудад засаглалын нэг оргил болсон парламентыг гүйцэтгэх буюу хууль хяналтын байгууллагын хараат байдалд орохоос хамгаалах нь өөрөө засаглалын хяналт тэнцлийг хангах парламентын сонгодог жишиг болон тогтсон зүйл.
Парламентын дархлааг гишүүдээр нь дамжуулан, бүр тодруулбал далимдуулан унагаах нь засаглалд “төрийн ханиад” болж улмаас улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг ганхуулах ч эрсдэлтэй гэдгийг эрх зүйт төрийн тогтолцоог хүлээн зөвшөөрдөг хэн бүхэн мэдэж л байгаа.
Өөрөөр хэлбэл гишүүний бүрэн эрх бол парламентын засаглалын дархлаа. Энэ дархлааг нийгэмд зориуд дуулиан шуугиан дэгдээх, захиалга биелүүлэх байдлаар золионд гаргавал наанадаж ард түмнийг төлөөлөх эрх арчигдаж, цаанадаж ардчилал, тусгаар тогтнолд аюул заналхийлэх сүүдэр тодордогийг мартаж боломгүй.
Тэгэхээр гишүүдийг түдгэлзүүлэх асуудлын цаана парламентыг бүхэлд нь “түдгэлзүүлэх”, “үгүйсгэх” хандлага ямагт дагалдаж байдаг болохыг л ухаарчих хэрэгтэй.
Тэгээд ч гэм зэмтэй бол гишүүнийг түдгэлзүүлэхгүйгээр шалгах, шүүхэд шилжүүлэн хэргийг нь шийдвэрлэх хуулийн боломж хэзээд нээлттэй байсаар ирсэн, одоо ч нээлттэй хэвээр л байгаа шүү дээ.