Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Гоожиж” байснаас парламент муухай харагдъя

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 40 секунд

Г.Занданшатар даргатай парламент дөрвөн гишүүнээ авч үлдэх үү, явуулах уу гэдэг салаа зам дээр ирэхдээ парламентын нэр төрийг “булшлах” замыг нь сонгожээ. Олон нийт Хөгжлийн банкны хэргийг Ардын нам яаж шийдэхийг нүд цавчилгүй харж буй. Гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлын цаана үеийн үед салахгүй дагадаг зүйл бол улс төр.

Халдашгүй байдлын дэд хороо шийдвэрээ гаргаж чадахгүй хоёр хоногийг үдсэн ч өнөөдөр /2022.04.29/ өглөө 10 цагаас хуралдаж УЕП-ын оруулж ирсэн саналыг хүлээж авсангүй. Дэд хорооны шийдвэрийг товчилбол “Гишүүд шалгалтын явцад саад учруулаагүй. Прокурор 27 төрлийн мөрдөн шалгах ажиллагааг УИХ-ын гишүүнийг бүрэн эрхтэй байхад нь хийх боломжтой” гэж үзэв.

Энэ санал, дүгнэлтийг одоо Хууль зүй, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд УИХ руу санал оруулж, нууцаар санал хураалгана. Гэхдээ хариу бараг тодорхой.

Нууцаар санал хураалгасан ч гэсэн эдгээр дөрвөн гишүүнийг явуулахгүй байхаар Ардын намын гишүүд парламентын тохироогоо нэгэнт хийжээ. Ардчилсан намын бүлгийн хувьд албан бусаар бүлгээ толгойлдог Н.Алтанхуягийг түдгэлзүүлэхгүй. Магадгүй Д.Ганбат л ганцаараа эсрэг санал өгч мэднэ. Н.Алтанхуягийг үлдээхийн тулд МАН-ынхантай дөрвүүлэнг нь авч үлдье гэдэг санал дээр яг таг огтлолцоно. Үгүй бол 62 гишүүнтэй бүдүүн бүлэг экс Ерөнхий сайдыг нь гудамжинд гаргаж мэднэ. Хэрвээ ганцхан Н.Алтанхуягийг түдгэлзүүлчихвэл Ардын нам ч, парламент ч бөөндөө муу дээрээ муу, муухай дээрээ улцан болно. Тиймээс дөрвөн гишүүнийг хөтлөлүүлцээд үлдээх нь олон нийтэд “зодуулсан” ч учиртай “зодуулах” сонголт.

Ер нь парламентын түүхэнд түдгэлзүүлэх санал прокуророос оруулж ирэхэд казиногийн хэрэгт холбогдсон гурван гишүүнээс бусдыг нь хамгаалж байв. Товчхондоо, гишүүд гишүүдээ өмгөөлдөг гэсэн үг.

Мөн эх сурвалжийн мэдээлж буйгаар прокуророос оруулж ирсэн түдгэлзүүлэх үндэслэл нь Ё.Баатарбилэгээс бусдад нь хэтэрхий жулдсан байх талтай аж. Үүнээс гадна парламент гишүүдээ хамгаалж үлдэх гэж буй хамгийн чухал үндэслэл нь 76 “гоожиж” эхлэх аюулаас сэргийлэх явдал юм. Хэрвээ прокурорын саналыг энэ удаад хүлээн зөвшөөрчихвөл тун удахгүй дараагийн гишүүдийг оруулж ирнэ. Тэдний тэргүүн эгнээнд Ж.Мөнхбат, А.Адъяасүрэн, Б.Бейсен нарын нэр жагсана гэх мэдээлэл байна. Тиймээс парламентын дархлаа хэмээх гоё үгээр өнгөлөн далдлаад дараагийн гишүүдийг түдгэлзүүлэх асуудал эрчимтэй орж ирэхээс сэргийлэхээр шийджээ. Энэ дөрвөн гишүүнийг явуулчихаад дараагийн 4-6 гишүүнийг ямар хамгаалалтай нь биш. “Гоожиж” байснаас парламент муухай харагдаад өнгөрсөн нь дээр.

Энэ бүх үйл явцын ард Ерөнхий сайд, Засгийн газартай харилцах гишүүдийн харилцаа улам л хөндийрч хоцорлоо. Энэ мэтээр ЗГ-аа УИХ-тайгаа “алалцуулаад”, парламент болон гишүүдээ муухай харагдуулаад байвал Ерөнхий сайд, намын даргынхаа хувь заяаг улам л бүдгэрүүлнэ байх даа.

Г.Лхагвадорж

М.Оюунчимэг: Хэсэгчилсэн инженерийн дэд бүтцийн талаар ярьсан нь айлын хашаа руу ороод жорлон барина гэсэн үг биш
М.Оюунчимэг: Хэсэгчилсэн инженерийн дэд бүтцийн талаар ярьсан нь айлын хашаа руу ороод жорлон барина гэсэн үг биш
 
Ж.Баярмаа: Биднийг “Тэмбүүтэй“ гэж гүтгэсэн нь МАН-аас явуулж байгаа башир арга юм болов уу гэж бодож байна
Ж.Баярмаа: Биднийг “Тэмбүүтэй“ гэж гүтгэсэн нь МАН-аас явуулж байгаа башир арга юм болов уу гэж бодож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.