Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 15-ны өдөр хуралдсан Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрын /ШӨХТГ/ даргаар С.Мөнхчулууныг томилсон. Тэгвэл цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулах тэр тусмаа үнийн өсөлт чиглэлд ШӨХТГ-аас ойрын хугацаанд явуулахаар төлөвлөсөн арга хэмжээний талаар тус газрын дарга С.Мөнхчулуунтай ярилцлаа.
-Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар таныг ШӨХТГ-ын даргаа томиллоо. Эл шийдвэрийг олон нийт янз бүрээр хүлээн авч байна. Магадгүй энэ нь таныг орон нутгийн сонгуулийн өмнө МАН-ын гишүүнчлэлээ сэргээсэнтэй ч холбоотой байж болох юм. Ер нь та эл томилгоог хэрхэн хүлээж авав?
-ШӨХТГ-ын даргаар ажиллахад миний мэдлэг туршлага, хувь хүний ёс зүйг тохирно гэж бодолцсоны үндсэн дээр эл томилгоог хийсэн болов уу. Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд нийгэмд гарч ирж буй шинэ сорилт бүхий тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд шуурхай ажиллах хэрэгтэй тул ШӨХТГ-ын даргаар томилж байгааг дурдсан. Ингэхдээ монополь болон давамгай байдлыг бий болгосон ААН, байгууллагуудад хяналт тавьж, ямарваа нэгэн лоббинд автахгүй хэмээн ойлгож байгааг ч онцолсон.
-ШӨХТГ-ын даргаар томилогдоод удаагүй ч гэсэн таны хувьд ерөнхий үйл ажиллагаатайгаа танилцсан байх. Удирдлагын түвшинд ажиллах хүний хувиар ШӨХТГ-ын хийж хэрэгжүүлэх ажил юунаас эхлэх ёстой гэж та харав?
-ШӨХТГ өөрөө Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилт тал дээр үндсэн хяналтыг тавьж, хууль тогтоомжийн дагуу ажилладаг. Мөн түүнчлэн Зөрчлийн тухай хууль, Нөхөрлөлийн тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль зэрэг нийт долоон хуульд хэсэгчилсэн байдлаар хяналт тавьж ажилладаг байгууллага. Өөрөөр хэлбэл, есөн хуулийн хүрээнд хяналт тавьж ажилладаг Засгийн газрын тохируулагч агентлаг. Эдгээр хуулийн хүрээнд өдөр тутмын үйл ажиллагаа явагддаг. Зүй ёсны монополиудыг тогтоодог, давуу байдалтай ААН-ийг тодорхойлдог. Ингэхдээ үнийн өсөлтөөс сэргийлж зүй ёсны монополь байдалтай ААН-үүдийн үнийн тариф болон өсөлт бууралтад хяналт тавих түүнчлэн хэрэглэгчдийн эрх ашиг хөндөгсөн асуудлыг шийдвэрлэж ажилладаг. Намайг ШӨХТГ-ын даргын ажлаа хүлээж авсаны маргаашнаас эхлэн гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Мөн дизель түлшний үнэ нэмэгдлээ. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын хуралдаанаар дизель түлшний онцгой албан татварыг тэглэх шийдвэр гарч, түүнд хяналт тавих үүргийг УУХҮЯ болон ШӨХТГ-д тавьсан. Тэгэхээр цаг үеийн тулгамдсан асуудлууд маань ШӨХТГ-ын нэн түрүүнд хийх ажлыг чиглүүлж буй хэрэг юм. Энэ хүрээнд гол нэрийн бараа бүтээгдэхүүн болон дизель түлшний үнийн өсөлт тал дээр хяналт тавин ажиллаж байна.
Мэдээж зах зээлийн нийгмийн зарчмаар үнэ өсөхийг зөвшөөрч болно. Гэвч үнэ хэт их өсөх нь өрсөлдөөн байхгүй байгаагийн шинж тэмдэг юм.
Засгийн газрын зүгээс ч үнийг тогтоон барихаас илүүтэйгээр гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдлын улмаас ААН-үүдэд учирсан хохирлыг нөхөх, эдийн засгийн хямралыг даван туулах, стратегийн гол нэрийн бараа бүтээгдэхүүнийг үнийг тогтворжуулахтай холбоотой хуулийн дагуу эрэлт нийлүүлэлтийн зохистой байдлыг бүрдүүлж, хэрэглэгчийн амжиргааны түвшнийг тогтвортой байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээг авах үүрэгтэй. Энэ нь өрсөлдөөнийг ямарваа нэгэн байдлаар хязгаарлах, үнийг тогтоон барих гэсэн зүйл биш.
Үнийг зохистой хэмжээнд нь байлгах, эргээд хохирлыг нь даван туулах ажил юм. Тэгэхээр энэ чиглэлд ШӨХТГ хяналт тавьж, үнийн хэт их хөөрөгдлийг бууруулах чиглэлд ажиллаж байгаа.
-Хэрэглэгчдийн гомдлын дагуу үнээ буулга гээд шууд тулгаж ч болохгүй-
-Үнийн өсөлт ямар түвшинд байгаа талаар судалгаа тооцооллыг хийж байна уу. Ер нь энэ чиглэлд хэрэгжүүлэх бодитой ажлыг төлөвлөж, эхлүүлсэн үү?
-Засгийн газраас үүрэг чиглэл өгсөнөөс хойш хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөд хяналт тавих ажлын хэсгийг дотооддоо байгуулсан. Мөн ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхантай хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 25-ны өдөр нийт дотооддоо худалдаа үйлдвэрлэл эрхлэгч нартай уулзалт хийсэн. Инфляцид нөлөөлөхүйц тодорхой хэмжээний импорт хийж байгаа томоохон импортлогч нартай ч уулзсан. Мөн томоохон сүлжээ их дэлгүүрүүдийн төлөөлөлтэй уулзалт хийж, үүсч буй нөхцөл байдал түүнд төрийн зүгээс хэрхэн анхаарч ажиллах санал бодолтой байгаа талаар ярилцсан.
Төр хувийн хэвшил өнөөгийн нөхцөл байдлыг даван туулахад хамтран ажиллаж, үнийг тогтвортой байлгах чиглэлд санал солилцсон.
Ингэхдээ төрийн зүгээс гол нэрийн бараа бүтээгдэхүүний гаалийн татварыг чөлөөлөх, тодорхой дэмжлэг урамшуулал хөнгөлөлттэй зээлийг тухайлсан салбар чиглэлүүдэд олгож гэж байгаа. Нөхцөл байдал хүнд байгаа төр мэдэж байгаа. Иймд дотооддоо иргэдийнхээ амжиргааны түвшний тогтвортой байдлыг хангахад төр засгийн дэмжлэг юу байхыг гаргасан. Үүнд хэвийн хэвшлийн оролцоо ямар байх талаар уулзалтаар ярилцсан.
-ААН-үүдийн зүгээс өөрсдийн тулгамдаж буй асуудлыг юу гэж илэрхийлэв?
-ААН-үүдийн зүгээс вальютын өсөлт, хил гаалийн нөхцөл байдал, бараа татан авалт муу байгаа талаар хэлж байгаа. Мөн ажиллах хүчний хомстлын талаар ярьж байна.
Бид үйлдвэрлэгчдийн өмнө тулгамдаж буй асуудлыг сонсоод зүгээр сууж болохгүй. Мөн хэрэглэгчдийн гомдлын дагуу үнээ шууд буулга гээд тулгаж ч болохгүй. Тиймээс нарийвчилсан зах зээлийн судалгааг хийж эхэлсэн.
-Төр, хувийн хэвшил асуудлаа ярилцчихдаг юм байж. Тэгвэл үнэ өсч буй гол шалтгаан, асуудлын зангилаа хаанаа байгааг хэрхэн тодорхойлж гаргах юм бэ?
-Үнийн өсөлт чиглэлд нарийвчилсан зах зээлийн судалгааг хийж байна. Импортын болон дотооддоо үйлдвэрлэдэг гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний зах зээлийн судалгааг хийж байгаа. Ингэхдээ тухайн бүтээгдэхүүн гаалиар ямар өртгөөр орж ирдэг, үнэ хаанаа өсч байна гэдэг байдлаар хийх судалгаа хийх юм. Үйлдвэрлэлүүд дээр дотоодын нийлүүлэлт, үйл ажиллагааны зардал, ашиг зэргийг ч судалж байна. Ингэснээр үндэслэлтэй аль эсвэл зохиомлоор үнэ нэмээд байна уу гэдгийг тогтоох боломжтой. Цаашид тухайлсан зохицуулалтууд хийгдээд явна.
-Чингэлэг тээврээс шалтгаалан шатахууны үнэ өсч байна уу, эсвэл үндэслэлгүй үнийн өсөлт явагдаж байна уу гэдэгт хяналт тавина-
-Засгийн газраас дизель түлшний онцгой албан татварыг тэглэх шийдвэрийг гаргасан. Түүнчлэн манай улс шатахууны үнийг үе шаттайгаар чөлөөлж яваа. Энэ хүрээнд дотоодод борлуулж буй дизель түлшний хангамж, нийлүүлэлт, жижиглэнгийн үнийг тодорхой түвшинд байлгах үүргийг УУХҮЯ болон ШӨХТГ-д даалгасан. Шатахууны үнийн асуудал ч олон нийтийн шүүмжлэл дагуулдаг сэдэв. Тэгвэл энэ чиглэлд ШӨХТГ ямар зарчмаар ажиллах юм бэ?
-Ажил авсанаас хойш эхлүүлээд буй ажлуудын маань нэг нь шатахууны үнийн өсөлт чиглэлд хийж буй судалгаа юм. Шатахуун импортлогч компаниуд, бөөний төвүүд, жижиглэн худалдаачид зэрэг нийт 300 орчим ААН-үүд байдаг юм байна. Шатахууны бирж дээрээс орж ирж буй үнэ, худалдаж авч буй үнэ, гаалийн болон гарах бусад зардлууд чиглэлд нарийвчилсан судалгааг хийж байгаа. Нефьт импортлогч компаниудын зүгээс алдагдалтай ажиллаж байгаагаа илэрхийлсээр буй. Одоогийн байдлаар литр тутамдаа 300 орчим төгрөгийн алдагдлыг хүлээж байгаа талаар ч хэлсэн. Гэтэл өнгөрсөн оны тайлан тооцоог нь харахад ашигтай байгаад байдаг. Ийм нөхцөл байдалд ямар асуудал байгаа нь удахгүй ил болно.
Сүүлийн 3-4 жилийн хугацааны тайлан мэдээлэл дээр ажиллаж, судалгааг хийж байна. Мөн тээвэрлэлтийн асуудал дээр судалгааны ажлыг эхлүүлсэн. Чингэлэг тээврээс шалтгаалан үнэ өсөөд байна гэх мэдээлэл гарч байгаа. Тэгвэл үнэхээр чингэлэг тээврээс шалтгаалан үнэ өсч байна уу гэдэгт аль эсвэл үндэслэлгүй үнийн өсөлт байна уу гэдэгт хяналт тавина.
Шатахууны үнэ чөлөөт өрсөлдөөний зарчмаар л явагддаг. Нийт УУХҮЯ-наас нефьт импортлох зөвшөөрөл олгосон 96 компани байна. Тэдэнд хүссэн газраасаа импорт хийж татан авалтаа хийх боломж нь байгаа. Түүнээс биш зөвхөн Роснефть компаниас авах талаар зүйл байхгүй. Гэтэл манайхан хамгийн хямдыг авч байгаа хэдий ч зах зээл дээр нийлүүлэгдэхээрээ өндөр үнээр зарагддаг. Тиймээс энэ процесст хэмнэж болох зардлууд байна уу гэдэг дээр судалгаа хийх ёстой гэж харж байгаа.
-Төр, хувийн хэвшил хамтран ажиллах ёстой гэсэн мөртлөө эдийн засаг хүнд үед төр нь хяналт шалгалт нэрийн дор дарамт үзүүлдэг гэх гомдлыг бизнес эрхлэгчид байнга шахуу хэлдэг. Иймдээ ч төр торгож шийтгэхээс илүү зөвлөн туслах нь дэмтэй. Энэ чиглэлд ШӨХТГ ямар байр суурьтай байгаа вэ?
-УИХ-д зарим төрлийн хяналт шалгалтыг тодорхой хугацаанд зогсоох тухай хуулийн төслийг өргөн бариад байгаа. Хуулийн ажлын хэсэгт ШӨХТГ багтсан. Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд хувийн хэвшилд хяналт шалгалт байдлаар ААН-үүдийг дарамталж болохгүй гэх зарчмын агуулгатай хуулийн төсөл юм. Гэхдээ хуулийн санкц, хариуцлага гэдэг нь дэг журам , стандартыг тогтоох чөлөөт шударга өрсөлдөөнийг бий болгох л асуудал байгаа юм.
Бид Герман стандарт гэж ярьдаг шүү дээ. Гэтэл тэрхүү Герман стандартын хамгийн давуу чанар нь хууль дүрмийнхээ дагуу чанарын стандартаа хангасанд байгаа юм. Тэгэхээр хууль дүрмийнхээ дагуу үйл ажиллагаа явуулдаг болох ёстой. Иймийн тулд нэн тэргүүнд хуулийн талаар иргэд олон нийтэд сурталчилан таниулах хэрэгтэй юм.
Гадаадын улс орнуудад ч хуулиа батлахаас өмнө иргэд олон нийтэд танилулах чигэлд шат дараалсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлдэг. Стандарт дүрэм журмаа мөрдөж байж шударга өрсөлдөөн бий болно, бусдадаа хүндэтгэлтэй хандана, нийгмийн ёс зүй байна гэх мэтээр ухуулан таниулдаг. Үүнтэй адилаар хэрэглэгчид болон компаниудын өрсөлдөөнтэй холбоотой дүрэм журам, хууль тогтоомжийг иргэдэд таниулах чиглэлд ажиллана. Мөн Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулга орох гээд байж байсан. Түр зогсоогоод олон улсын жишгийг тусгаж, өргөн барихаар тогтсон. Түр хойшлуулсан гэсэн үг.
-Цаашид томоохон монополь байдалтай холбоотой асуудлуудад эсэргүүцэлтэй тулгарах юм байна гэж харж байгаа-
-ШӨХТГ нээлттэй, хэрэглэгчидтэй эргэх холбоотой ажиллах зарчмыг баримтлах чиглэлд ажиллаж ирсэн юм шиг санагддаг. Удирдлагын түвшинд томилогдсон хүний хувьд ШӨХТГ ямар зарчмыг баримталж үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй гэж харж байна?
-Иргэдтэйгээ ч, хувийн хэвшлүүддээ ч нээлттэй ажиллах ёстой. Ажлаа хүлээж авсан өдрөө л би газрын дарга нартаа хэлсэн. Бид шударга өрсөлдөөнийг дэмжинэ, өрсөлдөөний таатай орчныг бий болгоно, шударга бусаар өрсөлдөж монопольдож байгаа, давамгай байдлаа буруугаар ашиглаж буй компаниудын үйл ажиллагааг таслан зогсооно. Манайх хэрэглэгчийн төлөө гэх газар. Бусад үйлчилгээний байгууллага шиг хэрэглэгчдэд үйлчлэх байгууллага гээд хүн ирсэн тохиолдолд л ажиллах бус хэрэглэгчдээ угтаж ажиллана.
Орчин үед бүхий л байгууллага цахим сүлжээг ашиглан иргэд олон нийтэд мэдээ мэдээллээ хүргэхээс гадна харилцаж байна. Манай байгууллага фэйсбүүк, твиттер, албан сайтаараа дамжуулан мэдээлэл авдаг. Мөн хэрэглэгчийн гомдол саналыг хүлээн авдаг 115 утас бий. Гомдол саналыг хүлээн авч шаардлагатай тохиолдолд Зөрчлийн хэрэг нээн асуудлыг шийдвэрлэж хохирлыг барагдуулдаг.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газрын хэрэглэгчтэй харилцах группийг нээсэн. Тус групп хаягт иргэд өөрсдөдөө тулгамдаж буй асуудлыг нээлттэй дүрс, зураг нотолгоотой нь тавиад асуудлаа тавьж болно.
Гэвч энэ нь өргөдөл, гомдол шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангахгүй тохиолдолд бид өөрсдийн үйл ажиллагаанд тусгаж, удирдамж болгоод ажиллаж болно.
-Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан ШӨХТГ-ын төвлөрөх асуудал нь үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх чиглэлд ажил арга хэмжээ болчихлоо. Гэхдээ өмнөх удирдлагуудын үйл ажиллагаанаас үргэлжлүүлэх ёстой ажил арга хэмжээ нь юу байв?
-Өмнө хэлсэнчлэн хоёр хуулийн төсөл дээр хуульчдын баг гаргаж, боловсруулсан байна. Эдгээр хуулиудыг хөрсөн дээрээ буусан, олон улсын жишигт нийцүүлсэн байлгах үүднээс хуулийн төслүүдийг шинэчлэхээр ажиллаж байна. Манай байгууллагад Жайка олон улсын байгууллага ажиллаж байгаа. Дагалдах хуулийн төслийг боловсруулан шинэчлэхэд хамтран ажиллах гэж байгаа юм. Мөн үнийн өсөлттэй холбоотой асуудлууд дээр яриад явж байна.
Манай байцаагч нарын ажиллах нөхцөл бололцоо, эрх зүйн чадамж , баталгаа нь бүрэн хангагддаггүй юм байна. Нийт 36 албан хаагчтай. Есөн хуульд хяналт тавьж ажиллахад 36 албан хаагчтай ажиллаж байгаа нь цөөн орон тоо. ШӨХТГ 2005 онд анх байгуулагдахдаа зөвхөн Өрсөлдөөний тухай хуулийг хянаж байсан бол өнөөдрийн байдлаар есөн хуулийг хянаж байна. 2015 онд 33 алба хаагчтай байснаас 36 бол өссөн. Мөн төрийн албаны дарга нар үнэтэй машин унаад байна л гэдэг. Гэтэл улсын байцаагч нар маань гадуур шалгалт хийгээд явах гэхэд унаа машин байдаггүй юм байна. Тухайлбал, өчигдөр бид төвийн зургаан дүүргээр улсын байцаагч нартайгаа хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн судалгаа хийхээр гадуур тараад явахад ажилтнууд маань дундаа нэг л машинтай байна. Тэгэхээр энэ мэт хүндрэлтэй асуудлуудыг нь шийдэж өгөх хэрэгтэй. Ажил хийлгэх гэж байгаа бол тэдний нөхцөл байдлыг нь ч хангах ёстой.
-Хуульд тусгагдсанаар улсын байцаагч нарын эрх зүйн чадамж нь ямар түвшинд байдаг юм?
-Улсын байцаагч нар маань эдгээр хуулийн хүрээнд хяналтаа тавина, асуудал гарсан тохиолдолд зөрчлийн хэрэг нээж түүндээ торгууль оногдуулах, монополь давамгай байдалтай ААН-үүдийн үйл ажиллагаа явуулахтай холбоотой шийдвэрүүдийг гаргах эрхтэй байдаг.
Нэг жишээг татъя. Орон сууцны хананд гаргасан самбарт электрон тамхийг далд байдлаар сурталчилсан байсан. Энэ нь Зар сурталчилгааны тухай хууль, Тамхины хяналтын тухай хууль, Зөрчлийн тухай хуулийг зөрчиж байгаа юм. Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу эл асуудалд арга хэмжээ авах ёстой. ШӨХТГ-д электрон тамхитай холбоотойгоор маш их гомдол сана ирсэний дагуу хяналт шалгалтын ажлыг хийж байгаа.
Эл асуудлыг цахим хаягтаа нийтэлсэн нь зарим мэдээллийн сайтуудаар ШӨХТГ-ын даргын ажлыг самбар буулгадаг ажил гэж боджээ, утаат тамхийг дэмждэг гэх мэтээр намайг бичиж эхэлсэн. Троллдох үйл ажиллагаа ч харагдана лээ. Тэгэхээр энэ нь зөвхөн электрон тамхи, самбар буулгахтай холбоотой асуудал биш юм.
Цаашид дизель түлш, томоохон монополь байдалтай холбоотой асуудлуудад нэлээн эсэргүүцэл тулгарах юм байна гэж харж байгаа. Гэхдээ бид төрийн албаны тангарагыг өргөж, иргэдийн татварын мөнгөөр цалинжиж байгаагийн хувьд хуулийнх хүрээнд айдас хүйдэсгүйгээр баталгаа шаардахгүй ажиллана гэж бодож байна.
-Ярилцсанд баярлалаа.
ШУУД ҮЗЭХ: