Улаанбаатар хотод дөрөв хүртэлх насны 175 мянган хүүхэд байдаг гэсэн статистик бий. Гэтэл сургуулийн өмнөх боловсрол олгодог байгууллага буюу цэцэрлэгийн тоо 674 байгаагийн ердөө 276 нь төрийн өмчийн цэцэрлэг. Тэгвэл цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар "Улаанбаатар хотыг төлөвлөлтийн дагуу хөгжүүлэх ёстой. Нэг хотхоны бүтээн байгуулалтыг эхлүүллээ гэхэд сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж, эрчим хүч, цэвэр, бохир усны хэрэглээг стандартын дагуу төлөвлөж, түүнийгээ дагаж мөрдөх ёстой. Ерээд оноос өмнөх Улаанбаатар хот тийм л байсан. Түүнээс хойших 30 жилийн хугацаанд үүссэн гажуудлыг засах гэж хичээж байна, бид. Нэлээд хүч шаардаж байна. Яг үнэнийг хэлэхэд, гажуудлыг засахын тулд 2-3 дахин их хүч зарцуулж байгаа.
Тиймээс цаашдаа системтэй явахгүй бол хүнд юм байна. Хот төлөвлөлтөөрөө явна, БШУЯ бол багшаа бэлтгэж, сургахад анхаарах юм. Тухайн тойрогт нь чанартай, тэгш боловсролыг бий болгохын тулд сайн багш нарыг бэлтгэх шаардлагатай болоод байна. Сайн багш сайн цалин хүснэ биз дээ.
Тэгэхээр эдийн засгаа нэгдүгээрт тавьж, хууль, эрх зүйн реформ хийх учиртай. Хааж, хориглож, боомилж байгаа бүхнийг цэгцэлнэ" гэсэн юм.