Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

П.Баянтүмэн: Хүн бүр газраа бүртгүүлэхгүй, мэдээллийн санд бүртгэгдээгүй зөрчилтэй газраа л бүртгүүлнэ

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
8 минут 23 секунд

No description available.Улсын хэмжээнд газрын захирамж шийдвэр гарсан хэдий ч бүртгэгдээгүй газруудыг мэдээллийн санд бүртгэх нөхөн бүрдүүлэлтийн ажил үргэлжилж буй. Газрын нөхөн бүрдүүлэлтийн ажилтай холбоотой мэдээллийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Кадастр хэлтсийн дарга П.Баянтүмэнгээс тодрууллаа.

-Газрын нөхөн бүрдүүлэлтийн талаар ерөнхий мэдээлэл өгөхгүй юу. Ажлын явц хэр үргэлжилж байна. Нөгөөтээгүүр энэ чиглэлд иргэд хэр мэдээлэлтэй байна вэ?

-Юун түрүүнд газрын нөхөн бүрдүүлэлт гэх ойлголтыг тайлбарласан нь зөв байх. Бид мэдээллийн системд бүртгэгдсэн болон улсын бүртгэлд бүртгэгдсэн газрыг бүртгэх ажлыг зохион байгуулаагүй. Харин мэдээллийн санд бүртгэгдээгүй газрууд бий. Үүнийг өнгөрөгч онд хийгдсэн тооллогын ажлын хүрээнд илрүүлсэн.

Өмнө улсын мэдээллийн нэгдсэн систем гэж байгаагүй. Нийслэлийн есөн дүүрэг, хөдөө орон нутаг тусдаа газрын бүртгэлийн системтэй байсан. Улсын хэмжээнд нэгдсэн системийг байгуулсан. Ингэхдээ бүх газрын бүртгэлд системд орж баталгаажсан. Гэтэл тус системд эрх нь баталгаажсан 980 мянга гаруй газар бүртгэлтэй байгаа. Үүний 542 мянга гаруй газар өмчлөгчийн эрх өмчлөлийн хувьд баталгаажиж, УБЕГ-т бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн газруудыг дахин шинэчилж бүртгэх ажлыг зохион байгуулаагүй гэдгийг олон нийт ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, мэдээллийн санд бүртгэгдээгүй газрууд байна. Ингэхдээ газраа баталгаажуулаагүй, бичиг баримт, газрын зөрчилтэй мөн шийдвэрээ аваад гэрээгээ байгуулаагүй иргэн, хуулийн этгээд байгаа юм. Тэгэхээр энэхүү зөрчилтэй газруудыг бүртгэх ажлыг нөхөн бүрдүүлэлтийн ажлаар зохион байгуулж байна. Тиймээс иргэн, хуулийн этгээд цахимаар ороод өөрийн нэр дээр бүртгэлтэй байгаа газар мэдээллийн санд баталгаажаагүй байвал баталгаажуулах шаардлагатай гэсэн үг. Ингэхдээ бүртгэлээ газрын албанд өөрийн биеэр болон цахим системээр хийлгэсэн ч болно. Иргэд заавал биечлэн очиж газраа бүртгүүлнэ гээд ачаалал үүсгэх байдал ажиглагдаж байна. Түүнчлэн нөхөн бүрдүүлэлт нэрийн дор өөр бусад газрын харилцааг тавдугаар сарын 1-ний дотор шийдүүлнэ гэж ойлгож хий ачааллыг үүсгэж байна.

Тавдугаар сарын 1-ний хугацаанд газрын нөхөн бүрдүүлэлтийн ажлыг дуусгах төлөвлөгөөтэй байсан боловч хугацаандаа амжихааргүй болсон. Тиймээс газрын нөхөн бүрдүүлэлтийг 2022 ондоо багтааж хийж гүйцэтгэхээр болсон.

Иргэдийг аль болох цахим системээр газраа бүртгүүлж баталгаажуулах хүсэлтийг тавьж байгаа.

-Иргэд газрын гэрчилгээгээ авчихсан байхад заавал мэдээллийн санд эрхээ баталгаажуулах шаардлагатай эсэх тал дээр эргэлзээтэй асуудлыг гаргаж тавьж байна. Энэ тал дээр мэдээлэл өгөхгүй юу?

-Улсын хэмжээнд нэгдсэн системд нийт 542 мянган газар өмчлөгч, 431 мянга гаруй газар эзэмшигч, 5350 газар ашиглагчийн эрхийг нэгдсэн системд оруулж баталгаажуулсан. Тухайн хүмүүсийн гэрээ, гэрчилгээ, улсын бүртгэлээс үл хөдлөх хөрөнгийн дугаараа авчихсан газрууд байгаа юм. Энэ газруудыг бид бүртгэхгүй.

Гэтэл хүн бүр газраа бүртгүүлнэ гэх буруу ойлголттой байгаад байна. Хамгийн гол нь мэдээллийн санд бүртгэгдээгүй буюу зөрчилтэй газруудыг л бүртгэх ажлыг нөхөн бүрдүүлэлт зарлаж, үүний хүрээнд баталгаажуулах ажлыг хийж буй юм.

Иргэн өөрөө газрын гэрчилгээгээ авчихсан байх тохиолдол байна. Гэхдээ мэдээллийн санд зураглал нь орж ирээгүй, зураглалыг нь шалгахад ямар нэгэн бичиг баримтын зөрчил байна. Жишээ нь, төлбөр мөнгөө төлөөгүй, хилийн зураглалын давхцалтай, бусад хамгаалалтын зурвасуудтай давхцсан гэх мэт газрууд ч байгаа. Асуудалтай газрууд мэдээллийн нэгдсэн системд баталгаажаагүй гэсэн үг. Тиймээс газрын бүртгэлээ цахим системээр шалгаж, бүртгэгдээгүй байвал газрын алба дээрээ яагаад миний газар бүртгэгдээгүй тодруулгаа хийж, газар зохион байгуулагчтайгаа хамтраад өөрийнхөө хөрөнгийг баталгаажуулна уу гэж байгаа юм.

Газраа бүртгүүлж байж дараа дараагийн харилцаанд ороход таны хөрөнгө баталгаажина гэсэн үг. Газрын эрхээ шилжүүлэх, хугацаагаа сунгах, зориулалт өөрчлөх, барьцаанд тавих гэх мэтчилэн газраа эдийн засгийн эргэлтэд оруулж бүрэн ашиглах нөхцөл боломжууд бүрдэх юм.

-Одоогийн байдлаар газрын зөрчилтэй хэчнээн нэгж талбар байна вэ. Дийлэнхдээ ямар зөрчил давамгайлж байна вэ?

-980 мянган газар улсын хэмжээнд бүртгэгдээд үүнээс 52 мянга гаруй нь УБЕГ-т өмчлөх эрх нь баталгаажсан байгаа. Улсын хэмжээнд тооллого хийж үзэхэд 399 960 нэгж талбар мэдээллийн санд бүртгэгдээгүй болох нь тогтоогдсон.

Эдгээр нь бүгдээрээ ямар зөрчилтэй болох нь ангилагдсан. Зөрчилтэй 272 мянган нэгж талбар нь нийслэлийн хэмжээнд байгаа. Үүнээс хамгийн их нь Сонгинохайрхан дүүрэгт 103 327, Сүхбаатар дүүрэг 49 мянга, Баянзүрх дүүрэгт 36 мянган нэгж талбар мэдээллийн санд бүртгэгдэж ороогүй байна. Өмнө хэлсэнчлэн, хүн бүрийн газрыг нэ бүрчлэн дахин бүртгэх гээд байгаа асуудал биш. Зөрчилтэй, бүртгэгдээгүй газруудыг яаралтай бүртгэж, эрхийг нь баталгаажуулах ажлыг зохион байгуулна. Өмчлөлийн газрууд дээр нэр солих ажлыг хийхгүй. Жишээлбэл, газраа өмчлөөд эрхээ шилжүүллээ гэж бодоход эрхийн шилжилт хөдөлгөөн нь УБЕГ-т хамаарна. Манайх анхны бүртгэл нь байдаг. Газраа өөрийн нэр дээр авья гээд газрын алба руу хандаж ачаалал үүсгээд байна. Тэгэхээр энэ ажлыг улсын хэмжээнд хоёр байгууллага системийн зохион байгуулалтаар хийж гүйцэтгэхээр ажиллаж байна. Хоёр газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг гарч ажиллаж байгаа.

-Нөхөн бүрдүүлэлтийн ажил 2022 оныг дуустал үргэлжлэх юм байна. Тэгвэл энэ ондоо багтаад газраа мэдээллийн санд баталгаажуулаагүй, нөхөн бүрдүүлэлтэд хамрагдаагүй тохиолддол иргэн, хуулийн этгээдэд ямар эрсдэл үүсэх вэ?

-Иргэний хөрөнгө дээр л асуудал үүснэ. Тиймээс иргэн, хуулийн этгээд өөрийн хөрөнгөнд баталгаажуулах мэдээллийн санд бүртгүүлэх нь таны эрх үүрэг. Газрын нөхөн бүрдүүлэлтийн ажил эхэлснээс хойшхи хугацаанд нийт 68 мянган иргэний газрыг нөхөж бүртгэсэн. Ингэхдээ бүртгэгдсэн газрууд бус зөрчилтэй газруудын зөрчлийг арилгаж, эрхийг нь баталгаажуулсан. 2022 онд ажлыг дуусна гэж харж байгаа.

-Иргэдийн зүгээс газрын бүртгэлтэй холбоотойгоор юун дээр анхаарах шаардлагатай байна вэ?

-Газар, газрын сан нэгдмэл байх ёстой. Энэ утгаараа газрын нэгдсэн санг хэрэглээнд нэвтрүүлээд байна. Төр иргэнээс байгаа материалыг нь шаардахгүй байгаа. Мэдээллийн санд ороогүй бол холбогдох шаардлагатай гэсэн баримт бичгээ илгээчих л гэж байгаа. Зөрчилгүй байвал мэдээллийн санд баталгаажуулна. Бичиг баримтын зөрчилтэй, газрын давхцалтай байвал иргэнтэй нь биечлэн уулзаж, холбогдох ажлуудыг зохион байгуулна.

Ц.Янжиндулам

Иргэн таны газар мэдээллийн санд бүртгэгдэж, баталгаажсан эсэхийг хэрхэн шалгах талаар энд дарж уншаарай.

ШУУД ҮЗЭХ:

АТГ Д.Эрдэнэбилэгээс мэдүүлэг авч, Худалдаа хөгжлийн банканд НЭГЖЛЭГ хийжээ
АТГ Д.Эрдэнэбилэгээс мэдүүлэг авч, Худалдаа хөгжлийн банканд НЭГЖЛЭГ хийжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.