Эдийн засгийн хямралаас үүдсэн үнийн өсөлт, шударга бус байдлыг эсэргүүцэн өнгөрсөн долоо хоногт “манай” залуучууд нэлээдгүй хүчтэй жагсаал зохион байгуулж, урд өмнө болж байгаагүй үр дүнд хүрсэн. Мэдээж тавилттай дүрд тоглож, засаг огцорсон жагсаалаас өөр байсан.
Залуучуудын жагсаалын нөлөөгөөр дарга нар тансаг хэрэглээгээ танаж, хэмнэх шаардлагатай нүүр тулсан. Энэ хүрээнд өчигдрөөс эхлэн зарим яамд болон УИХ-ын харьяа байгууллагуудын удирдлагууд хотод 570, 200 унах “эрхээ хасуулаад” байгаа. Засаг хэмнэж болох бүх зардлаа хэмнэхдээ өөрийн харьяаны зарим хэсгээ орхигдуулсан харагдаж байна.
Тухайлбал, Манай улс төрийн өмчийн 106 компанитай. Эдгээр байгууллагуудын орлого 10-аад жилийн өмнө 2 их наяд төгрөг байсан бол өнгөрсөн онд 10 их наяд болж нэмэгдсэн. Хэдийгээр орлого нь нэмэгдсэн ч зардал нь дагаад өссөн. Ерөнхийдөө орлогоо давсан зардалтай, жил бүр алдагдалтай ажилладаг гэхэд хилсдэхгүй, маш тансаг хэрэглээтэй газрууд бий.
Саяхан болсон Монголын эдийн засгийн чуулганаар Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн болон төрийн өмчийн оролцоотой байгууллагуудад эрс шийдэмгий реформ хийнэ гэдгээ ч илэрхийлсэн. Тэгвэл ойрын хугацаанд эдгээр байгууллагын улсын төсөвт ногдох орлогыг нэмэгдүүлж чадахгүй гэдэг нь ойлгомжтой. Тиймээс “ядаж” зардлыг нь танах зайлшгүй шаардлагатай байгаа юм. Төр хэмнэлтийг өөрөөсөө эхлүүлж байгаагийн хувьд эдгээр байгууллагуудын дарга, удирдлагуудын тансаг хэрэглээг танах ёстой. УИХ-ын харьяа байгууллагуудын удирдлагууд том “жийп” унах эрхээ хасуулаад байхад төрийн өмчит компаниудын дарга нарын энэ эрхийг мөн хязгаарлах нь ёс зүйн хувьд ч, эдийн засгийн хувьд ч байж болох л асуудал.
Хаана болж бүтэхгүй асуудал гарна тэнд төрийн өмчит компаниуд нэр холбогдож, оролцсон байдаг. Хамгийн ойрын жишээгээр иш татвал, төрийн өмчит компаниуд Хөгжлийн банкнаас 1 их наяд орчим төгрөгийн зээл авсан байдаг: Харамсалтай нь үүнийх нь 762 тэрбум төгрөг нь чанаргүй зээл болж одоо төр төлөх үү, хэн төлөх үү гэдгээ шийдэж чадахгүй болсон.
Ер нь Төрийн өмчит компаниудын үйл ажиллагаа авилга хээл хахууль, албан тушаалын гэмт хэргээс салж өгдөггүй. Хаана л болохгүй бүтэхгүй юм зүйл байна, төрийн мөнгийг үрэн таран хийсэн байна тэнд төрийн өмчитийн хэдэн нөхдүүд нэр холбогддог муу зуршилтай.
Авилгад идэгдэж, хүнд суртлын үүр уурхай болсон эдгээр газруудын үйл ажиллагааг иргэд олон нийтийн хяналтад оруулж, зардал болоод тансаг хэрэглээг хязгаарлан, хэт олон удирдлагын асуудлыг шийдвэрлэх шаардлага нэн яаралтай тулгараад байна. Үүнээс урьтаж тансаг хэрэглээ, том жийпний хэрэглээг нь ч бас анхаарах нь зүйтэй.