Хөгжлийн банктай нэр холбогдсон Ардын намын гишүүдийн хувьд ирэх өдрүүд "хүндхэн" болж өнгөрөх бололтой. Уг нь хоёр долоо хоногийн өмнөх бүлгийн хуралд оролцсон генсек нь Хөгжлийн банкны асуудлыг “хамтдаа давж гарна” гэж хэлэхийг нь сонсоод нэр холбогдсон эрхмүүд золтой л нулимс дуслуулчихаагүй.
Гэтэл үнийн өсөлтөд бухимдсан нийгмийн шаардлагын “гал” Хөгжлийн банктай нэр холбогдсон гишүүдийн толгой дээр хүндээр бууж эхэллээ. Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт “Хөгжлийн банктай нэр холбогдсон УИХ-ын гишүүд, Ерөнхий сайдын хэн нь ч байсан хамаагүй. Түдгэлзээд шалгуулах ёстой” гэх байр суурийг хоёр ч удаа илэрхийлэв. Ерөнхий сайдын мэдэгдлийн араас УИХ-ын гишүүн Г.Амартүвшин албан тушаалаасаа түдгэлзэх хүсэлтээ гаргаж бусдыгаа “хөлдөө” чирэх нь тэр. Хуулийн хүрээнд түдгэлзэх гэдэг ойлголт байхгүй хэмээж байгаа ч бусдаасаа түрүүлж гишүүнээсээ түдгэлзээд шалгуулах гэж буй нь зөв түүчээ. Одоо харин түүний араас нэр холбогдсон УИХ-ын гишүүд ямар үйлдэл хийх бол гэдэг сонирхол татаж байна. Нэг бол гүлдийгээд гүрийнэ. Үгүй бол арга буюу дагаж намирна.
Өнгөрсөн өдрүүдэд саарал ордноор Хөгжлийн банк болон эрүүгийн гэмт хэрэгт нэр холбогдсон 4-5 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр прокурорын байгууллагаас оруулж ирэх гэж буй талаарх “бор шувуу” хангалттай ниссэн. Тиймээс нэгэнт явах зам нь “мухардсан” зарим нэг гишүүд Г.Амартүвшингийн араас хүсэлтээ гаргаж, улс төрийн “нүүдэл” хийх гэж үзэх магадлалтай. Яасан ч байсан намынх нь хувьд намын нэр нь цэвэрлэгдэж байвал, гишүүний нэр “баастай” хутгалдах нь хамаагүй болсон.
Нэгэнт асуудал хяналтаас гарсан тул эрх баригчид дараагийн сонгуульдаа бэлдэхийн тулд нэр холбогдсон гишүүдээ хамгаалах бус шалгуул, нэрээ цэвэрлэ гэх байр суурийг хатуухан барих болжээ.
Сүүлийн үед гарч буй мэдээллээр нэр холбогдсон гишүүдээс гадна Хөгжлийн банкыг дампуурч байхад Ерөнхий сайдаар ажиллаж байсан эрхмүүд болон нэр холбогдсон Ерөнхийлөгч нарын асуудлыг ч хууль хяналтын байгууллагаар шуурхай шалгуулах улс төрийн чиглэл гарсан талаар бид мэдээлсэн.
Тэгвэл эдгээртэй давхцаж Ардын нам дотор өрнөж буй өөр нэг бэсрэг улс төр нь Хөгжлийн банк болон эрүүгийн хэрэгт холбогдсон 70-аад оны гол төлөөллүүдээс салах "бодлого" юм. Өнгөрсөн 2020 оны сонгуулиас хойш үргэлжилсэн 70, 80-аад оны хоорондох битүү зодоон дараагийн сонгуулиас урьтаж нэг тийш болох ёстой. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, генсек Д.Амарбаясгалан тэргүүтэй 80-аад оны төлөөллүүд хүчний харьцаагаа бүрэн хяналтандаа авч, намын эрх мэдлийн төлөөх өрсөлдөөнд орж ирж болохуйц сүүлийн “фронт”-ыг нь улс төрөөс гаргах гэж буй юм.
Тиймээс тэд Хөгжлийн банканд нэр холбогдсон эдгээр гишүүдийг эхний ээлжинд түдгэлзээд шалгуулахыг шахах. Цаашлаад дараагийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх зэргээр “ажиллаж”, улс төрийн тавцангаас түлхэн гаргах гэнэ.