Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Бямбацогт: Иргэдээ шууд торгох бус сануулдаг болно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 35 секунд

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Зөрчлийн тухай хуульд нийгмийн хор аюул бага буюу тэр даруйд залруулах боломжтой зөрчилд сануулах арга хэмжээ авахгүйгээр шууд торгох шийтгэлийг урьтал болгосон, торгох шийтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх арга хэрэгсэл тусгагдаагүй, зарим торгох шийтгэлийн хэмжээ бодит байдалтай нийцэхгүй, хэт өндөр, эсвэл хэт бага хэмжээгээр тогтоосон, зарим зөрчлийг тусгаагүй орхигдуулсан байна. Иймд иргэдэд учирч буй эдийн засгийн дарамтыг багасгах, сэтгэл зүйн хувьд хариуцлагаа ухамсарлах боломжийг олгох, хуулийн зорилтоо бүрэн хангахуйц, заавал хэрэгжих, хүн бүрт тэгш, алагчлалгүй шударга үйлчлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулжээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Зөрчлийн тухай хуулийг УИХ-аас 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр баталж, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр тогтсон. Миний бие Хууль зүй, дотоод хэргийн сайдын албан тушаалд томилогдож УИХ-аас баталсан хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиг үүргийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хамгийн тулгамдсан хууль бол Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилт байсан. Гэвч хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил бүрэн хангагдаагүй шаардлагатай дүрэм, журам батлагдаагүй, алба хаагчдад зориулсан сургалт, олон нийтэд шинэ хуулийн үзэл баримтлал, агуулгыг таниулах сурталчилгааны ажлууд хангалтгүй, түүнчлэн өрхийн амьжиргаанд нөлөөлөхүйц торгуулийн хэмжээг засах, зарим төрлийн зөрчлийг зөрчлөөс хасах гэх мэт асуудлын эргэн харах шаардлага байна гэж үзэн Зөрчлийн тухай хуулийг дагаж мөрдөх хугацааг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хойшлуулах санал оруулж УИХ 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан.

Өмнө нь иргэд, аж ахуй нэгжийн гаргасан зөрчил дээр төрийн байгууллага давхарлуулан шийтгэл оногдуулдаг байсан. Нэг зөрчил гаргалаа гэхэд гааль, мэргэжлийн хяналт, төрийн аудит гээд эрх бүхий албан тушаалтнууд давхардуулсан шийтгэл оногдуулдаг. Түүнээс болж ард иргэн, аж ахуй нэгжид хүндрэл учруулж, хүнд суртал бий болгож байсан. Зөрчлийн тухай хуульд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад салбарын 220 гаруй хуулиар тогтоосон зөрчил, түүнд хүлээлгэх хариуцлагыг тодорхойлсон хэм хэмжээг төрөлжүүлэн нэгтгэсэн. Ингэснээр албан тушаалтнууд зөрчлийн хэрэг үүсгэж прокурор хяналт тавьдаг болж нэг орц гарцтай болгосон.

Мөн Зөрчлийн тухай хуулийг шинэчлэн найруулж батлахдаа хэт өндөр торгуультай байсныг хоёр дахин багасгасан. Ингэхдээ сануулах арга хэмжээг орхигдуулсан гэж бас багагүй шүүмжлүүлсэн. Гэхдээ амьдрал баян. Хот, хөдөөд хуулийг хэрэгжүүлэхэд ялгаатай асуудал бас байна. Гудамжинд хог хаях, дугаар нь танигдахгүй шавар тоос болсон машинтай явах, аль нэг гэрэл нь ажиллахгүй байх гэх мэт зөрчлүүд байна. Ийм зөрчил хөдөө орон нутагт их тохиолддог. Эдгээрт наанатай цаанатай хандаж, эхний удаад сануулаад, дахин давтагдвал торгох тухай гэсэн зохицуулалтыг оруулж ирсэн. Аливаа хуулийн нэмэлт, өөрчлөлт бүхэн тухайн нийгмийн харилцаанд тулгамдаад байгаа, засах шаардлагатай асуудлыг шийдвэрлэх ёстой. Ийм ч учраас өнөөдрийн хуулийн төслийн гол үзэл баримтлал бол зарим төрлийн зөрчилд заавал иргэдийг торгоод өрхийн амьжиргаанд нь нөлөөлөөд байх бус харин тухайн зөрчлийг дахин давтан гаргахгүй байх талаар зөвлөн туслах, дахин нэг боломж олгох үндсэн зорилготой” гэсэн юм.

“Авъяаслаг Монголчууд“ шоуны шилдэг оролцогч А.Отгонбаяр таалал төгсжээ
“Авъяаслаг Монголчууд“ шоуны шилдэг оролцогч А.Отгонбаяр таалал төгсжээ
 
ТАНИЛЦ: Улс тунхагласны ойн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд
ТАНИЛЦ: Улс тунхагласны ойн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.